Ч.Улаан 2018.05.18 | Сайт: Vip76.mn

Оюутолгойн төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх лобби бүлгийг Ч.Улаан ахална

Монгол Улсын эрх ашиг, монголчуудын цааш­дын хувь заяатай холбогдож буй Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ ямар ч ашиггүй болсон гэсэн шүүмжлэл өрнөж, олны анхаарлын төвд ороод удлаа. Гэрээ байгуулахад оролцсон гол албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагууд эхнээс нь байцааж, хорьж эхэлсэн нь нийгэмд багагүй хүлээлт үүсгэж байна. Байгуулагдаад 8 жил өнгөрсөн ч ашгаа өгч эхлээгүй байгаа Оюутолгойн гэрээг сайжруулах шаардлагатай гэх иргэд ч бий.

Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтэй 14 гишүүн “Оюутолгойн төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх-ийн төлөө лобби бүлэг байгуулсан бөгөөд өчигдөр албан бичгээ УИХ-ын дарга М.Энхболдод гардуулжээ.

Тодруулбал, Ч.Улаан гишүүнээс гадна УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Д.Ганболд, Ц.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Ч.Улаан, Б.Энх-Амгалан, Л.Энх-Амгалан, Л.Энхболд, С.Эрдэнэ нар тус лобби бүлэгт орсон байна.

УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн албан бичиг

УИХ-ын гишүүдийн үүсгэн байгуулж байгаа лобби бүлэг нь Оюутолгойн ордыг ашиглах  төслийн хөрөнгө оруулалтын болон хувь нийлэгчдийн гэрээг сайжруулах, төслийн эдийн засгийн үр ашиг, өгөөжийг Монгол Улсад ашигтайгаар нэмэгдүүлэхийн төлөө ажиллах аж. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-ний алдааг засч шинэчлэн байгуулах асуудалд анхаарал хандуулж ажиллаж санал, дүгнэлтээ УИХ-аас байгуулсан "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах" гэнэ. Ажлын хэсэг гаргасан дүгнэлтээ Засгийн газарт албан ёсоор хүргүүлэх юм байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаан: "Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх талаар ажил хэрэгч санал гаргаж байгаа төрийн болон ТББ-тай хамтран ажиллахаар лобби бүлэг байгууллаа. Оюутолгойн асуудлаар өмнө нь олон ажлын хэсгүүд ажиллаж, дүгнэлт гаргадаг ч төрийн бодлого үйл ажиллагаа болж хэрэгжиж чадаагүй. Оюутолгойн гэрээг шалгах УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгаа. Тиймээс бид энэхүү ажлын хэсэгтэй хамтран ажиллах болно. Мөн Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө тууштай ажиллана" гэв.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn