2011.10.20

Д.Тэрбишдагва: Богино хугацаанд 651 тэрбум төгрөгийн ажил хийнэ гэдэгт эргэлзэж байна.

УИХ-ын гишүүд төсвийн тодотгол хийх нь зөв буруу гэж маргасаар байгаа. Зарим нэг нь он дуусах гэж байхад тодотгол хийх нь улсын мөнгийг үр ашиггүй зарцуулна гэж үзэж байгаа бол зарим нь зайлшгүй хийх хэрэгтэй гэж буй. Энэ талаарУИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-Төсвийн тодотголыг одоо хийх нь зөв үү?
-Төсвийн тодотгол оройтсон. Би үүнийг олон удаа хэлж байгаа. Уг нь, наймдугаар сард хийх байв. Ингэсэн бол барилгын ажил явагдана, газар тариалангийн 35 тэрбум төгрөгийг нь эртхэн өгчихсөн бол тариаланчид маань буудай хадгалах сав зэргийг аль эрт шийдэх боломжтой байлаа. Гэтэл оройтсоноос болоод энэ мэт асуудал үүсэж байна л даа.
-Засгийн газраас "Та нар ажлаа хийж бай, тэртээ тэргүй төсөвт тодотгол хийнэ" гэж хувийн хэвшлийнхэнд хэлсэн байсан. Үүнээс үүдээд төсвийн тодотгол нэг ёсондоо шахаагаар хийгдэх нь?
-Тийм ээ. Засгийн газар тэгж хэлсэн тал бий. Чухам тэр нь зөв үү, үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Төсвийн хөрөнгө батлагдаагүй байхад та нар ажлаа хий гэж хэлдэг нь хууль зөрчсөн үйлдэл л дээ.
Нэгэнт ажлаа хийчихсэн юм чинь тодорхой хэмжээгээр тодотгож, хувийн хэвшлийнхний мөнгийг өгөх л хэрэгтэй л дээ.
Нэг ёсондоо "Чи ч яах билээ. Би ч яах билээ" гэдэг шиг л зүйл болчихоод байна. Төсөв тодотгохгүй бол өөрийн хөрөнгөөр ажил хийсэн аж ахуйн нэгжүүд хохирох гээд байна. Тэгэхээр энэ төсвийн тодотгол шахаанд орчихоод байна.
-Төсвийг оройтуулж байгаа нь мэдээж хор уршигтай. Бүтээн байгуулалтуудаас эхлээд олон ажил нурж байгаа байх?
-Хэрэв эрт тодотгосон бол ажил эрчимтэй явах байсан. Аж ахуйн нэгжүүд маань ажил хийхийн тулд хүүтэй зээл авч таарна. Тэгэхээр үүний хор уршиг нь ажил хийсэн аж ахуйн нэгжүүдэд л гарч байгаа юм. Тиймээс тодотгохоос өөр замгүй байна л даа.
-Төсвийн тодотголыг оройтуулсан нь ажил хийсэн хувийн хэвшлийнхэнд сөрөг нөлөөтэй гэж байна. Тэгвэл улсад ямар нэгэн хохиролтой байх уу?
-Оройтсон учраас тодотгосон 651 тэрбум төгрөгөө он дуустал хоёр сарын хугацаанд л зарцуулах ёстой л доо. Ингэж чадахгүй бол ажил нь багтахгүй тодотгосон мөнгө нь дараа ондоо шилжинэ л дээ. Ер нь, ийм богино хугацаанд 651 тэрбум төгрөгийн ажил хийж чадах уу, үгүй юү. Эргэлзээтэй л байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.