С.Бямбацогт Ж.Энхбаяр 2018.05.22 | Сайт: Vip76.mn

Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар зэвсэгт хүчин, хил хамгаалах алба, цагдаа ба дотоодын цэргийн алба хаагчдын тэтгэврийн болон нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ буурсан эсэх асуудлаар ХНХ-ын сайд С.Чинзоригт хандан асуулга тавьжээ.

Тодруулбал, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд оруулсан өөрчлөлт болон Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбоотойгоор зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2018 ондоо багтаан тэтгэвэртээ гарах хүсэлт гаргах нь ихэсчээ. Хуульд заасан аргачлалаар бодоход тэдэнд тогтоогдох тэтгэврийн болон нэг удаагийн 36 сарын тэтгэмжийн хэмжээ нь тодорхой хэмжээгээр буурах болж байгаа аж.

“Өндөр боловсрол, дадлага туршлага бүхий олон тооны офицер, ахлагч цэрэг, цагдаагийн жинхэнэ албанаас нэгэн зэрэг халагдах нь мэргэжлийн боловсон хүчний нөөц, хангалт, байлдааны болон албаны бэлэн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Түүнээс гадна эдгээр хүмүүсийн тэтгэвэр тэтгэмжид олгох төсвийн ачаалал нэмэгдэж, чөлөөлөгдсөн хүмүүсийн оронд олон тооны офицер, ахлагч нарыг сургаж бэлтгэх зардал эрс өсөхөөр байгаа юм” хэмээн асуулгад дурджээ.

ХНХ-ын сайд С.Чинзоригт хандан тавьсан асуулгад:

1. УИХ-аас 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр баталсан “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль'-ийн 7 дугаар зүйлийн 2-т цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т, 7 хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан сарын тоонд тус тус хувааж тодорхойлно, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль-ийн 1 дүгээр зүйлд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын цалин хөлсний дараалсан жил нь 2019 онд 6 жил, 2020 онд 7 жил, цалин хөлсний нийлбэрийн хуваагдах сарын тоо 2019 онд 72 сар, 2020 онд 84 сар байна' гэж тус тус заасан нь зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ буурах нөхцөл байдал бүрдүүлсэн эсэх

2. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх “Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай' Улсын Их Хурлын 2017 оны 75 дугаар тогтоолын 1 дэх заалтын 5-д “Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, холбогдох дүрэм, журам, шийдвэрийг боловсруулах, өөрчлөх, шинэчлэн батлах, хүчингүй болгох”-ыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Дээрх хуулийн өөрчлөлтүүдтэй холбоотойгоор Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд дахин өөрчлөлт орох эсэх, хэрэв өөрчлөлт орвол дээр дурдсан алба хаагчдын тэтгэвэр тэтгэмж зөвхөн үндсэн цалингаас бодогдож, үүнээс үүдэн тэтгэвэр тэтгэмж буурах эсэх талаар

3. Зэвсэгт хүчин, хил хамгаалах алба, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас энэ онд хэчнээн алба хаагч цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргав, үүнд хэдий хэмжээний санхүүжилт шаардпагатай байгаа, түүнийг хэрхэн шийдвэрлэх

4. Зэвсэгт хүчин, хил хамгаалах алба, цагдаа ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, шүүх шинжилгээний алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчин нөхцлийг дээшлүүлэх чиглэлээр цаашид Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлж байгаа талаар тодорхой хариултыг боловсруулж ирүүлнэ үү гэсэн байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn