Ж.Энхбаяр Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнэ Д.Оюунхорол Б.Баттөмөр Л.Болд Ё.Баатарбилэг Г.Тэмүүлэн С.Бямбацогт Ж.Мөнхбат Б.Энх-Амгалан Н.Учрал 2018.05.23 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Цахим бодлогын Түр хороог 26 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтлоо

Цахим бодлогын Түр хороог 26 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтлоо

АБГБ-ын байнгын хорооны /2018.05.23/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж тодруулан Түр хорооны үндсэн чиг үүрэг, бүрэлдэхүүний тооны талаар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол Цахим бодлогын Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллахаар хүсэлтээ илэрхийлсэн бүх гишүүнийг Түр хорооны бүрэлдэхүүнд оруулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь буюу 86.7 хувь нь дэмжсэн юм.

Иймээс гишүүний гаргасан горимын саналын дагуу Улсын Их Хурлын бүтцэд шинээр байгуулагдах Цахим бодлогын Түр хорооны бүрэлдэхүүнд уг тогтоолын төслийг санаачилсан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нараас гадна тус Түр хороонд орж ажиллах хүсэлт гаргасан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Б.Ундармаа, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, Л.Болд, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, О.Содбилэг, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, А.Ундраа, Ц.Мөнх-Оргил, Б.Жавхлан, Б.Баттөмөр, Л.Элдэв-Очир гэсэн нийт 26 гишүүнийг оруулахаар тогтлоо.

Мөн “Цахим бодлогын Тзр хороо байгуулах” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Л.Болд нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.