Н.Энхболд 2018.05.23 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.05.23) хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан юм.

Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа болно.” хэмээнтодорхойлж, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Орон нутгийн хамгаалалт нь Монгол Улсын өөрийгөө хамгаалах стратеги бөгөөд төрийн бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа, бүх нийтийн оролцоонд тулгуурлана", мөн хуулийн 7.4 дэх хэсэгт “Орон нутгийн хамгаалалтын харилцааг хуулиар зохицуулна” гэж тус тус заасан. Энэ үндсэн дээр Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан гэдгийг салбарын сайд онцлов.

Мөн Улсын Их Хурлын 2006 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” баримт бичигт орон нутгийн хамгаалалтын талаар тодорхой заалтууд тусгагдсан бол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах, зэвсэгт хүчний нэгдмэл тогтолцоог төлөвшүүлж, зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгож хөгжүүлэхээр заажээ. Түүнчлэн Батлан хамгаалах тухай хуулийн 7.2 дахь хэсэгт “Монгол Улс орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлнэ" гэж заасан нь хуулийн төслийг боловсруулах хууль зүйн үндэслэл юм.

Харин практик хэрэгцээ, шаардлагын хувьд Улсын Их Хурлаас 2006 онд “Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” баримт бичгийг баталсан ч уг бодлогын баримт бичигт туссан зорилтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул орон нутгийн хамгаалалттай холбогдох харилцааг шинээр хуульчлан тогтоох шаардлагатай болсон байна.

Хуулийн төслийг боловсруулахдаа ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ, Сингапур, Швейцарь, Израйль зэрэг газар зүйн байрлал, бүс нутгийн цэрэг-улс төрийн нөхцөл, газар нутгийн хэмжээ, эдийн засгийн хүчин чадал зэргээрээ харилцан адилгүй орнуудын хууль тогтоомжийг судлан үзэж, өөрийн орны онцлогт тохирсон, бүх нийтийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бий болгоход анхаарсан.Хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2017 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд бүх аймаг, нийслэлд, энэ оны 1 дүгээр сард аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нарын цугларалтаар тус тус зохион байгуулж, 200 гаруй санал гарсаныг судлан үзэж хуулийн төсөлд тусгасан.Түүнчлэн “Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал ба орон нутгийн хамгаалалт” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг энэ оны 3 дугаар сард зохион байгуулсан гэдгийг сайд илтгэлдээ дурдлаа.

Уг хуулийн төсөл нь нийт зургаан бүлэгтэй юм. Хуулийн төсөл батлагдсанаар иргэний эх орноо хамгаалах Үндсэн хуулийн заалт хэрэгжих, орон нутгийн хамгаалалтын талаар иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүргийн уялдаа хангагдаж, улсын орноо батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдал бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, А.Ундраа нар Батлан хамгаалахын сайд болон хуралдаанд оролцсон тус яамны холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, батлан хамгаалах салбарт сүүлийн 3-4 жилд эрх зүйн томоохон шинэчлэл хийгдэж байгаа. Өмнөх Улсын Их Хурлын үед батлан хамгаалах бодлогын тулгуур баримт бичгийн нэг болох Зэвсэгт хүчний талаарх багц хуулийг баталсан. Энэ удаад Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд батлагдсанаар батлан хамгаалах төрийн бодлогын тулгуур баримт бичгүүд бүрэн утгаараа хэрэгжих бололцоо бүрдэх юм гэдгийг тодотгоод хуулийн төслийн үзэл баримтлал дэмжигдвэл хэлэлцүүлгийн дараагийн шатанд төслийг улам нухацтай авч үзэж гишүүдийн саналыг тусган чамбайруулах боломжтой гэж үзэж буйгаа илэрхийллээ. Мөн Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр: Орон нутгийн хамгаалалт нь батлан хамгаалах бодлогын тулгуур ойлголтын нэг. Тиймээс энэ хуулийн төслийн гол амин сүнс нь тайван цагт учирч болзошгүй цэргийн түрэмгийлэл, болзошгүй бусад аюулаас хамгаалахад төрийн байгууллагууд, томилгоот бүрэлдэхүүн, иргэдийг бэлтгэхэд чиглэж байгаа. Манайх шиг өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөнтэй, алс зайдуу сийрэг амьдардаг улсын тухайд батлан хамгаалах бодлогыг бүх нийтийн хүчин чармайлт, оролцоонд түшиглэж тулгуурлах нь чухал гэж үзэж байгаа гэдгийг хэллээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 12 нв буюу 80 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив.