Учрал.Н 2018.05.23 | Сайт: Vip76.mn

Авилгаас ангижрах гарц - Блокчейн

Авилгаас ангижрах гарц - Блокчейн
УИХ-ын гишүүн Н.Учрал

Монгол Улсын эдийн засгийн чуулган энэ сарын 21-22-ны өдөр зохион байгуулагдлаа. “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулагдсан энэ удаагийн уулзалтаар төр, хувийн хэвшил хамтран эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцан гарц, шийдэл хайж, бодит үр дүн гаргахыг зорьсон.

Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт, Хариуцлагатай уул уурхай зэрэг нийт 16 сэдвийн хүрээнд ярилцснаас энэ жилийн хувьд цоо шинээр нэмэгдсэн сэдэв нь Цахим шилжилт буюу Блокчэйн. Тус сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн, Инновацыг дэмжих лобби бүлгийн ахлагч Н.Учрал, судлаач Э.Түмэннаст, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл, ICT групп компаний ерөнхий захирал Г.Лхамсүрэн тэргүүтэй панелистууд ярилцсан.

Цахим шилжилт буюу Блокчэйн сэдвийн хүрээнд ярилцаж буй панелистууд

Блокчейн нь төвлөрсөн бус, маш өндөр түвшинд хамгаалагдсан, олон хүнд нээлттэй технологи бөгөөд бүхий л салбарт ашиглаж болно. Жишээ авахад л боловсролын системд блокчейн технологийг нэвтрүүлж чадвал тусгай кодлогдсон, гаднаас нэвтрэх боломжгүй системийн тусламжтайгаар хуурамч диплом гаргадаг асуудал байхгүй болно гэсэн үг.

“Бид магадгүй барилга байгууламж, хотжилт зэрэг хөгжлөөрөө дэлхий нийтээс 200-300 жил хоцрогдсон байхыг үгүйсгэхгүй. Харин блокчейн технологи цоо шинээр гарч байгаа учраас дэлхий нийттэй яг нэг түвшинд явж байна гэсэн үг. Бид хоцорч болохгүй” хэмээн  ICT групп компаний ерөнхий захирал Г.Лхамсүрэн хэлсэн юм.

Хуралдааны үеэр нэгэн сонирхол татсан үйл явдал бол УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  Засгийн газрыг үнэт цаасыг ямар нэгэн шатлалгүйгээр иргэд, аж ахуйн нэгжид шууд худалдаалах сонирхолтой байгаагаа илэрхийлээд, Блокчейн технологийг нэвтрүүлье гэвэл хамтарч ажиллахад бэлэн үү гэж асуусан юм. ICT групп компаний ерөнхий захирал Г.Лхамсүрэн Блокчейн дээр суурилсан хөрөнгийн биржийг анх удаагаа Монгол хүн хийсэн болохыг онцолсон бөгөөд хамтарч ажиллахад бэлэн хэмээн мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл төрийн бодлогоор дэмжээд өгвөл Монгол Улс Блокчейн технологид бэлэн болсон аж.

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд УИХ-д орсон цагаасаа эхлэн инноваци, шинэ технологийн талаар үргэлж байр сууриа илэрхийлсээр ирсэн. Инновацийг дэмжих лобби бүлгийн ахлагчийн хувьд Блокчейныг шийдвэр гаргах түвшинд дэмжиж, мөн л дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхахыг уриалж байлаа. “Европын холбоо Блокчейн технологийг төрийн үйлчилгээний бүх түвшинд нэвтрүүлэх тогтоол гаргасан. Ийм байхад Монгол Улс ажиглаад суух уу?” хэмээн хуралдаанд оролцогчдоос асуусан. Мөн Улсын бүртгэлийн багц хуулиудыг хэлэлцэж байгааг сануулаад, хуулийн төсөлд блокчейн гэдэг нэр томъёог тайлбартай нь оруулж, Монгол Улс бүх бүртгэлийг ямар нэгэн хүнд суртал, авилгал хээл хахуулгүйгээр цахим хэлбэрээр хийх боломжтой болгох хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн тэрээр: “Бүх салбарт авилгалгүй нийгмийг байгуулахын тулд Блокчейныг хөгжүүлэх ёстой. Ард нь хүн ажиллаж л байвал авилгалд автана. Үүнийг кодлогдсон аюулгүй систем л өөрчилж чадна” гэсэн нь олны анхаарлыг татаж байлаа.

Блокчейн гэх нэр томъёолол гарч ирээд удаагүй мөртөл ийнхүү төрийн бодлогын түвшинд яригдаж байгаа нь магадгүй биднийг дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж, энгийн иргэд ч мэдээллийн технологийн талаар бага ч болов мэдлэгтэй байхыг шаардсан цаг нэгэнт ирснийг илтгэж буй биз ээ.