Бат-Эрдэнэ.Б 2018.05.25

Б.Бат-Эрдэнэ: Хүүхдээр дамжуулж баялаг хувиарлах бодлогоо тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулганаар "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Уг тогтоолын төслийг Засгийн газар өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан байна.  Харин Ерөнхийлөгчөөс 100 хувь олгох төсөл орж ирсэн ч олонхи дэмжээгүй юм. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Хүүхдийн мөнгийг олгож эхэлснээс хойших энэ 10 жилийн хугацаанд авах ёстой хүүхдүүдийн 10 орчим хувь нь авдаггүй гэсэн судалгаа байдаг юм байна. Тэгэхээр хүүхдийн мөнгийг авах хүсэлтээ илэрхийлсэн тэр хүүхдүүдэд нь мөнгийг нь олгоод явах боломжгүй юу?

80 хувьд хүүдийн мөнгө олгоход 684.000 хүүхдэд 184.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Тэгэхээр энэ  80 хувь дээр 10 орчим хувь нэмэгдэнэ гэж бодоход хэд орчим төгрөг шаардлагатай байгаа вэ? болдог бол хүсэлт гаргасан бүх хүүхдэд энэ мөнгийг нь олгоод явах хэрэгтэй гэж би боддог. Социализмын үеэс эхлээд хүүхдийн мөнгө олгож ирсэн бадаг. Тэгэхээр хүүхдийн мөнгөөр хүн болсон хүмүүсийн төлөөллийн нэг нь би байгаа юм. Манай аав, ээжийн нэг нь ажилтай байсан, олуулаа өссөн. Бидний үеийнхний гол орлого бол энэ хүүхдийн мөнгө байсан.  Энэ мөнгийг би бол зөв гэж үздэг. Ер нь дэлхийн бусад улс орнуудад ямар ямар баялагийн тэгш хувиарлалт хийж байна.

Энэ талаар судалгаа байна уу? манайх шиг хүүхдээр нь дамжуулан баялагын тэгш хувиарлалт хийдэг улс байна уу?

Элдэв халамжийг намууд уралдаж зохиож улсын хөрөнгө мөнгийг үрж байхын оронд өчнөөн олон жил хэрэгжээд тогточихсон, уламжлаад ирсэн, хэрэгжүүлээд үр дүн нь батлагдсан энэ хүүхдээр дамжуулан мөнгө олгож, хүний хөгжлийг хангах, гэр бүлийн орлогыг нэмэх, амьдралын баталгааг нь хангах энэ бодлогоо тууштай хэрэгжүүлбэл яасан юм бэ? аль нэг талаасаан намын үзэл гаргаж асуудалд хандмааргүй байна.