Ж.Мөнхбат О.Баасанхүү Б.Бат-Эрдэнэ 2018.05.25 | Сайт: Vip76.mn

Амлалтаа биелүүлж хүүхэд бүрт мөнгө өгөх хэрэгтэй

Өнөөдөр /2018.05.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй санал дээр УИХ-ын гишүүн Ж. Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү нар санал хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүүхэд бүрт мөнгө өгнө гэсэн. Би энэ байр суурин дээр хэвээрээ байгаа. Өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн хүүхэд бүрт мөнгө өгөх боломж байгаа. Ч.Хүрэлбаатар сайд  таны алдаатай гаргасан шийдвэрийн үр дагвар гарч байгаа шүү. Засгийн газрын гишүүд хүний үгийг сонсох хэрэгтэй.Сангийн сайдаа та бүлгийн шийдвэрийн эсрэг кноп дарж байсан. Би бол хүүхдүүдийн төлөө бүлгийн эсрэг дуугарч байна. Сангийн сайдаа таньд 20,000 төгрөг хэрэггүй байж болно. Гэхдээ наад мөнгөөр чинь амьдарч байгаа олон хүмүүс байна. Үүнийг дэмжээд өгөөч.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд өгөх ёстой гэсэн байр суурин дээр байгаа. Бидний энэ мөрийн хөтөлбөр дээр тодорхой байгаа. Амласан  амлалтаа биелүүлээч ээ гэсэн байр суурьтай байна Хүүхдийн мөнгөөр дамжуулж орлогоо бүрдүүлж байгаа олон айл бий. Хүүхдүүдээ бодох хэрэгтэй. Арван жил хэрэгжсэн энэ бодлогоо үргэлжлүүлэх хэрэгтэй. Намын үзэл битгий гаргаарай.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Судалгаа гэж яриад байгаа. Хүүхдүүдийн 20 хувь баян, 80 хувь нь ядуу гэж хүүхдүүдээ ялгаварлаж болохгүй ш дээ. Авч байгаа цалин 2 сая төгрөг боловч авч байгаа цалин нь амьдралд хүрэхгүй олон хүн байна ш дээ. Би тэр 20,000 төгрөгийг авмаар байна. Та нарын унаж байгаа машинууд хэрээсээ хэтэрсэн шүү.