Б.Дэлгэрсайхан 2018.05.28 | Үндэсний Шуудан

Б.Дэлгэрсайхан: Том төслүүдээ хөдөлгөж, төмөр замын салбараа илүү тэлж өгөх хэрэгтэй

Б.Дэлгэрсайхан: Том төслүүдээ хөдөлгөж, төмөр замын салбараа илүү тэлж өгөх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан

Монгол Улсад төмөр замын салбар үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай төмөр замын тээврийн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн гарцын асуудлаар ярилцлаа. Тэрээр Монголд Улсад хувийн хөрөнгөөрөө 115 км дэлгэмэл төмөр зам тавьсан анхны бизнесийн салбарын төлөөлөл юм. 

-Та хувь гишүүнийхээ зүгээс эдийн засгийн өсөлт, цаашдын сэргэлтийг хэрхэн харж байна?

-УИХ-аас батлан гаргасан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн зорилтуудыг хэрэгжүүлснээр эдийн засаг хүндрэлээс гарч, өсөлт тогтвортой болж байна. Эдийн засгийн өсөлт 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар 6.1 хувьд хүрлээ. Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2018 онд 3 хувь, улсын төсөвт 4.2 хувьд хүрэхээр төсөөлсөн бол салбарын мэргэжилтнүүд 5-6 хувь хүрэх эерэг таамаглал дэвшүүлж байна. 

Эдийн засгийн хүндрэл бэрхшээл, төсөв, хөрөнгийн дутагдлын улмаас саатаад байсан улсын төсвийн болон хувийн хэвшлийн олон тооны төсөл, хөтөлбөр эргэн сэргэж, хэрэгжилт идэвхжиж байгаа нь эдийн засаг сэргэж байгаагийн бодит нотолгоо юм. Мөн энэ оны нэгдүгээр улиралд 550 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Урьд нь эрс саарсан байсан гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж буй хандлагыг бид хадгалж, хамгаалах ёстой. 

-Та төмөр зам, уул уурхайн асуудалд харьцангуй туршлагатай хүн. Манай улс төмөр замаар тээвэрлэгдэх уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэхийн тулд ямар чиглэлд хэрхэн анхаарвал зохистой юм бэ? 

-Монгол Улсын цаашдын хөгжил ямар дүр төрхтэй байх вэ гэдэг асуудал өнөөдөр уул уурхайн салбарт баримталж буй бодлогоос ихээхэн хамаарахаар байна. Тухайлахад, эксторпоо илүү оновчтой, ухаалаг байдлаар удирдаж, зохицуулахын тулд хөрөнгө оруулалт хийх, бүтээн байгуулалтаа эрчимжүүлэх шаардлага үгүйлэгдэж байна. Манай улсын экспортын орлогын ихэнх хувийг уул уурхайн салбарын экспорт бүрдүүлдэг. Үүний дийлэнх нь нурмаг ачаа байна.

Нурмаг ачааны хувьд гадаад зах зээлд бусад орны төстэй бүтээгдэхүүнтэй тээвэр, логистикийн боломж, бүтээгдэхүүний үнэнд эзлэх тээврийн өртгийн хувиар өрсөлддөг. Гэтэл манайхтай адил төмөр замаар ачаагаа БНХАУ-ын зах зээлд голлон нийлүүлдэг ОХУ, Украйн, Казахстаны төмөр замын  үнийн тариф харьцангуй хямд байна. Энэ утгаараа төмөр замтай холбоотой асуудлуудыг бүх түвшиндээ шуурхай шийдвэрлэж,ажиллах шаардлагатай байна. 

Шинээр төмөр замын гарцууд бий болгох асуудал хэчнээн жил хүлээлт үүсгэв.  “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замын далан нь тавигдсан. Одоо суурь бүтцээ гүйцээж барих ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй. Саяхан Засгийн газраас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барих шийдвэр гаргалаа. Энэ шинэ төмөр замын суурь бүтэц  баригдсанаар уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэр, экспорт эрс нэмэгдэнэ. Энэ мэтээр хүлээгдэж байгаа төмөр замын бүтээн байгуулалтаа эрчимжүүлэх, үнэ тарифыг буулгах чиглэлд Засгийн газар тууштай, зоригтой ажиллах шаардлагатай гэж харж байна. 

-Манай улсын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээ өнгөрсөн жилээс огцом өссөн. Ихээхэн ашигтай гэгддэг транзит тээврийн урсгал цаашдаа өсөн нэмэгдэх боломжийг та хэрхэн харж байна?  

-Төмөр замын салбарт явуулж байгаа оновчтой бодлогын хүрээнд транзит тээвэр хойд болон урд чиглэлдээ эрс өсч байгаа нь сайн хэрэг. Мөн манай улсын экспорт, импортын тээвэр ч транзитээс дутахгүй өссөн байгаа. Транзит тээврийг нэмэгдүүлэхийн тулд салбар яамнаас нь БНХАУ болон ОХУ-д “Транзит Монгол” арга хэмжээг зохион байгуулж, өөрийн улсын нутгаар дамжин өнгөрөхийн давуу талыг сурталчилж чадлаа.

Ер нь ганц транзит тээвэр ч бус тус нийгэмлэгийн тээврийн хэмжээ эрс нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэж байгаа нь манай улсын эдийн засаг тэлж хөгжиж байгаагийн илрэл юм. Гэхдээ ачаа, тээвэрлэлт нэмэгдэхэд бид бас бэлтгэлтэй, сууурь баазтай байх шаардлага зайлшгүй гарч байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. 

-Ачаа эргэлт нэмэгдээд байгаа нь сайн хэрэг боловч УБТЗ-ын гол зам дагуух өртөө, зөрлөгийн салбар замууд дээр 4000 гаруй вагон зогсож байна гэсэн мэдээлэл өнөөдөр ч явж байгаа. Энэ төвлөрөл, бөөгнөрлийг хэрхэн сааруулах чиглэлд бид бэлдэх ёстой гэсэн санаа юм уу? 

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого нааштай үр дүнгээ өгч байгаа хэдий бидний өмнө цаашид хэрэгжүүлэх ёстой олон зорилт, тулгарч болзошгүй эрсдэлүүд байна. Тухайлбал, транзит болон экспортын тээврийн ачааны саатал, бөөгнөрөл юм. Манай улсын нутгаар  дамжин төмөр замаар хийгддэг транзит тээврээс гадна Монголоос урд хөршид голлон экспортолж буй уул уурхайн ачааны тоо хэмжээ чухал нөлөө үзүүлдэг.

Энэ голлох хоёр төрлийн ачааг хүлээн авдаг одоогоор төмөр замын хилийн ганцхан гарц  нь Эрээн өртөө юм. Өртөөний хүчин чадал дээд цэгтээ хүрээд хүнд нөхцөлд ажиллаж байгаагаас саатал, түгжрэл голлон гарч байгаа гэж ойлгож болно. 

Замын-Үүд-Эрээн боомтын хооронд тээвэрлэгдсэн ачааны хэмжээ 2017 онд 11 сая тоннд хүрсэн байдаг. Эрээний өртөөний тээврийн агуулах ихэнхдээ таазандаа тулдаг. Одоо өргөтгөл хийж байж энэ хэмжээг дахиад 1-2 сая тонноор нэмэх бололцоотой юм билээ. Эрээн өртөөний хүлээн авах хэмжээний хязгаарлалтаас голлон хамаарсан байдлаар УБТЗ-ын гол зам дээр транзит болон экспортын ачаатай 4,000-5,000 гаруй вагон зогсож байгаа. Үүнийг та асууж байх шиг байна. 

-Ачаа тээвэрлэлт ихсэж, бөөгнөрөл үүсэх тусам эргээд УБТЗ-ыг муу ажиллаж байна. Төмөр замын салбар дампуурлаа гэх шүүмжлэл дагуулдаг. Бодит тоо баримт харахаар урагшлаад байх шиг? 

-УБТЗ өсөн нэмэгдэж байгаа тээврийн ажлыг өөрсдийн боломжит дээд хэмжээндээ хийж гүйцэтгэж  байгаа. Тэр хэмжээгээр өнгөрсөн жилүүдэд байгаагүй их ачааг УБТЗ сүүлийн хоёр жилд тээвэрлэн, 15,000 гаруй хүнийхээ цалин хөлс, ажлын байрыг нэмэгдүүлэн ажиллаж хөдөлмөрлөж байна. Төмөр замын салбар өөрөө цэвэр аж ахуйн ажил учир зардал ихтэй байдаг.

Бодит нөхцөл байдал ийм байхад тээврийн асуудлыг зөвхөн сөрөг өнцгөөс харсан байдлаар зарим хэвлэл  мэдээлэл “Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах төмөр замтай холбоотой таатай мэдээ сонсъё. Улс орны хөгжлийн түлхүүр, стратегийн ач холбогдолтой салбарыг аваръя” гэсэн бодит бус юм нийтэлж байгаа нь зохисгүй. 

Төмөр замын тээврийн онцлог, бодит байдлыг энгийн иргэдээс илүү ойлгодог зарим бүлэг хүмүүс зориудаар энэ салбарыг харлуулаад байх шиг санагдсан. 

Үүнийхээ оронд том төслүүдээ хөдөлгөж, төмөр замын тээвэрлэлтийг илүү өргөжүүлэхийн төлөө Засгийн газар, УИХ-ын гишүүд санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Бид төмөр замаа тойрч олон жил хэрэлдлээ. УБТЗ-аа ч сайн мууллаа. Одоо бодитойгоор өөрчлөхийн төлөө ажиллах хэрэгтэй байна. 

-Саяхан Засгийн газар Зүүнбаян-Тавантолгой чиглэлд төмөр зам барих асуудлыг хөндлөө. Энэ чиглэлд төмөр зам тавигдсанаар эдийн засагт гарах бодит өөрчлөлтийг та хэрхэн харж байна? 

-“Зүүнбаян-Таван толгой” төмөр зам тавигдвал Таван толгойн бүлэг ордоос тээвэрлэгдэн ирэх нүүрс УБТЗ-ын гол замаар дамжин ОХУ, БНХАУ-ын төмөр замуудаар экспортлогдох нөхцөл бололцоо үүснэ.Тэр хэмжээгээр УБТЗ-ын ачаа эргэлт нэлээд өсөх боломж нэмэгдэнэ гэсэн үг. 

Ер нь Төмөр замаа хэдий их тавина тэр хэмжээгээр эдийн засагт өгөөж нь нэмэгддэг сайн талтай. Засгийн газраас Тавантолгой төслийг хөдөлгөх цогц саналдаа хоёр чиглэлд авто зам, дөрвөн чиглэлд төмөр зам тавихаар төлөвлөсөн юм билээ. 

Мөн Тавантолгойн бүлэг ордод нүүрс угаах үйлдвэр, химийн үйлдвэрүүд баригдсанаар нүүрсээ өндөр өртгөөр борлуулах боломж нээгдэнэ. Тавантолгой төсөл хөдлөхгүй хэдэн жил дамнан гацлаа. Одоо Засгийн газрын зүгээс зоригтойгоор хөдөлж, эдийн засаг дахь гацааг арилгах болов уу гэсэн хүлээлт үүсчихлээ. 

-Манай улс урд, хойт хилдээ тус бүр хоёр орц, гарцтай болбол УБТЗ-ын гол замд үүсээд байгаа ачааны бөөгнөрөл арилж, нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадалд эерэгээр нөлөөлнө гэж ойлгож болох уу? 

-Шинэ төмөр замын төслүүд хэрэгжих юм бол ачааны хэмжээ улам их болж, энэ их ачааг хүлээж авах Замын Үүд-Эрээний хилийн боомтын хүчин чадал хүрэлцэхгүй.

Шинээр баригдах “Зүүн баян -Ханги” чиглэлийн төмөр замын суурь бүтэц яах аргагүй Монгол улсын төмөр замын сүлжээний урд хэсгийн хоёр дахь том гарц байдлаар шийдэгдэх нь хамгийн зохистой шийдэл юм. Замын Үүд-Эрээний ачаалал багассанаар УБТЗ-ын тээврийн үйл ажиллагаа саадгүй түргэн явагдаж, ачаа тээврийн хэмжээгээ өсгөх боломжтой болно гэж харж байна. 

-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг эхний ээлжинд концессоор барих шийдэлд хүрсэн нь эдийн засагт ойрын хугацаанд эерэг нөлөөлөл үзүүлж чадах уу? 

-Сүүлийн жилүүдэд ОХУ, БНХАУ-ын хооронд хийгдэж худалдаа эрс нэмэгдэж байна. Тиймээс манай улс транзит болон экспортын ачааны өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангаж тээвэрлэхийн тулд “Зүүнбаян-Ханги” чиглэлийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай тулгарч байна.

Зүүнбаян-Ханги чиглэлд нийт 270 км төмөр зам тавигдана. Засгийн газраас ТЭЗҮ-ээ бэлэн бариад ирсэн хувийн хэвшил, төмөр замын компаниудад нээлттэй байдлаар боломж олгоно гэдгээ ч зарлачихсан. 

Үүн дээр заавал хувийн хэвшил гэхгүй УБТЗ ч оролцох боломжтой юм билээ. Зүүнбаян-Ханги боомт хүртэлх 270 км төмөр замын бүтээн байгуулалт өрнөснөөр  манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол хэрэглэгч болох Бугатын район дахь төвлөрсөн үйлдвэржсэн бүс рүү тээвэрлэлт хүрэх боломж бүрдэх юм. Улмаар транзит ачаа эцсийн хэрэглэгчид хүрэх зам 400 км-ээр богиносно.Энэ хэмжээгээр тээврийн зардал багасаж, манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний орлого нэмэгдэх, өрсөлдөх чадвар өсөх нөхцөл бүрдэж, ачаа тээврийн эргэлт, хурд хэмжээ нэмэгдэх сайн талтай.     

-Аливаа асуудал дээр хэт улстөржилт явагдаж байгаа энэ цаг үед тодорхой чиглэлүүдэд төмөр зам барих Засгийн газрын төлөвлөгөө ажил хэрэг болж чадах болов уу?

-Монгол Улс одоо том  төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа тэлэх цаг нь болсон. Оюутолгой төсөл хэрэгжсэнээр манай эдийн засаг хэрхэн тэллээ. Өнөөдөр бид Оюутолгой төслийг хөдөлгөөгүй бол ийм хэмжээний эдийн засгийг бий болгож чадахгүй  байсан. Эдийн засгаа илүү тэлж байж л том бүтээн байгуулалтууд, улс орны далайцтай хөгжлийг ярих боломж бүрдэнэ.

Хэдий болтол мөнгөгүй байж, улс төрийн хүрээнд хэрэлдэх юм. Үүнийг УИХ, Засгийн газрын түвшинд эрүүл нүдээр харж, эв санаагаа нэгтгэх хэрэгтэй байна. Нэг нам парламентад үнэмлэхүй олонх болсон энэ цаг үед том төслүүдээ хөдөлгөж чадвал ажил хэрэг болох магадлал хамгийн өндөр гэж би хувьдаа харж байгаа. 

Сэтгүүлч Н.Баяр