Баттөмөр.Б 2018.05.29 | Сайт: Vip76.mn

Б.Баттөмөр: Суманд газар эзэмшиж байгаа иргэдээс 20 төгрөг авахын төлөө үүнээсээ ч илүү зардал гаргаж байна

Б.Баттөмөр: Суманд газар эзэмшиж байгаа иргэдээс 20 төгрөг авахын төлөө үүнээсээ ч илүү зардал гаргаж байна
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн.

2017 оны 6 сарын 20-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хууль жил гаруйн хугацаанд завсардаад байсан юм. Хуулийн төслөөр дагуул хотыг байгуулах эрх зүйн орчин бүрдэх юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хуулийн төслийг Татварын хуультай нягт уялдсан байх ёстойг санууллаа.

Б.Баттөмөр: Хуулийн төслийг татварын хуультайгаа уялдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулиар гэр бүлийн хэрэгцээний зориулалттай иргэнд өмчлүүлсэн газрын татварын сумын төвд 98 хувиар чөлөөлнө гэсэн. Сумын төвд байгаа 1мкв газар 2000 төгрөг. Үүний 98 хувь нь 20 төгрөг болж байна. 20 төгрөг авахын төлөө тэр хүнээс 200-300 төгрөгний зардал гардаг. Мөн газар тариалангийн бусад аж ахуйн зорилулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг Нийслэлийн хувьд 30 хувь аймгийн төвд 70 хувь, сумын төвд 85 хувь. 2000 төгрөгний 15 хувь гэхээр 300 төгрөг авахын төлөө тэрнээсээ ч илүү зардал гарж байна. Үүнийг энэ хэвээр нь байлгаад байх уу? Нэг мөсөн 100 хувь чөлөөлчихөж болдоггүй юм уу?

Ажлын хэсэг: Одоогийн хэрэгжиж байгаа хуулиуд дээр 95, 98 хувийн чөлөөлөтийн асуудлууд байгаа. Үл хөдлөх хөрөнгийн татвар бол 100 хувь орон нутгийн төсвийн орлого. УИХ-аас дээд болон доод хязгаарыг нь тавьсан. Тухайн орон нутгийн иргэдийн хурал энэ хязгаартаа багтаагаад хувь хэмжээг нь тогтоодог. Сангийн яамнаас хөнгөлөлт чөлөөлөлтийг бууруулах бодлого баримталж байгаа. Энэ хуулийг өргөн мэдүүлэх зөвшөөрөл дээр ч гэсэн Сангийн яамны саналыг тусгасан тохиолдолд өргөн мэдүүлэх зөвшөөрлийг нь өгнө гэсэн байдалтайгаар албан ёсоор өгсөн.

Б.Баттөмөр: Нийслэлтэй холбоотой татварын асуудлыг татварын ерөнхий хуулиудтай уялдуулах хэрэгтэй.

Татварын хуулиудын шинэчлэл хаврын чуулганаар хэлэлцэж дуусна гэж ойлгож байна. Хамт явуулаад, үүнтэй уялдуулах шаардлагатай гэж харж байна.

Нийслэлийн дагуул хотод шилжин байршиж байнгын үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 50 хувиар 20 жилийн хугацаанд хөнгөлнө гэсэн байна. Энд ямар тооцоо байна. Үүнийг дагаад цоорхой үүсэх магадлалтай. Дэд төвүүдэд байгааг нь 10 жилээр 50 хувь хөнгөлнө гэсэн байна. Концепцын хувьд бол хотын ачааллыг багасгах гэдэг утгаараа зөв л байх. Гэхдээ тооцоо судалгаа бий юу?

Татварын хуулийг их бодлоготой тооцож үзэхгүй бол хууль болгон дээр татварын хөнгөлөлт үзүүлнэ гээд байвал улсын орлого улам л багасах вий. Татварын ерөнхий хууль Нийслэлийн эрх зүйн байдлын хуультайгаа зэрэгцээд явах нь зөв гэж харж байна. Хуулийн цоорхой үүсэх вий.

Улаанбаатар Хотын дарга С.Батболд: Өргөн бариагүй байгаа хуулийн үзэл баримтлал ямар байхаас шалтгаалан жил хагасын өмнө өргөн барьсан хуулийг хойшлуулах нь зохимжгүй. Татварын хуулиуд өргөн баригдаагүй. Ч.Хүрэлбаатар сайдын өргөн барьж байгаа хуулиудыг ялгаа байхгүй аж ахуйн нэгж, иргэдийг татварын дарамтнаас хөнгөлөх чөлөөлөх таатай нөхцөл бүрдүүлж байгаа гэж бодож байна.

Улаанбаатар хотын асуудлыг эрхзүйн орчныг нь бүрдүүлж өгөхгүйгээр Нийслэлд даатгаж үлдээх бололцоогүй болсон.

Нийт хүн амын 70 хувь нь Нийслэлд ирсэн. Өөр том хотуудад уулзалт хийгээд, туршлага судлахаар хот нь өөрсдөө л асуудлаа шийддэг. Тэгж байж хот нь өөрөө бие дааж хөгждөг. Манайх бол нэг жижиг сумтай зүйрлээд орхисон. Тэгчихээд хотын асуудлаа шийд гээд шахаад байгаа нь үхэр тэргийг хурдны морьтоай уралдуулж байгаатай адилхан. Гэнэтхэн шахаад, гэнэтхэн болиод байгаа зүйл биш. УИХ, Засгийн газарт байнга хэлдэг. Тэд жил хагасын хугацаанд зүгээр суугаагүй, судалгаа хийж, ажлын хэсэг гаргаад оруулж ирж байгаа болов уу гэж бодож байна.

Татварын хувьд манай улсын ДНБ-ий 65.6 хувь нь Улаанбаатарт үйлдвэрлэгддэг. Аймаг, орон нутгийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Дагуул хотуудын хөгжүүлэхийн тулд үйлдвэрлэл, ажлын байр бий болж байж л гарна. Өөрөөр гарах ямар ч бололцоо байхгүй. Жишээ нь, АПУ компани шилээ Төв аймагт, хайрцгаа Налайхад үйлдвэрлэдэг болох хэрэгтэй байна. Ажлын байр, орлого байхгүй бол ямар ч гоё сайхан барилга бариад хүмүүс орон нутаг руу шилжихгүй. Энэ бол цэвэр ажлын байрны асуудал.

Ажлын хэсэг: Өнөөдрийн байдлаар нийслэлийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бид нарын өргөн барьсан хуулийн хүрээнд дагуул хотууд буюу дэд төв байгуулах ажил орж байна. Энэ нь нийт төсвийн орлогын 5 орчим хувийг бүрдүүлж байна. Хууль хэрэгжээд албан ёсоор мөрдөөд явбал бид хуулийг дагах журмууд гаргаж, ямар нэгэн цоорхой гарах магадлалыг багасгах бодлого баримталж байна.