Ч.Улаан 2018.05.29 | Өглөөний сонин

Ч.Улаан: “Дубайн гэрээ”-ний зургаан заалтыг хэрхэвч зөвшөөрч болохгүй

Ч.Улаан: “Дубайн гэрээ”-ний зургаан заалтыг хэрхэвч зөвшөөрч болохгүй

УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтэй 15 гишүүн өнгөрөгч долоо хоногт Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх лобби бүлэг байгуулсан. Энэ бүлгийн үйл ажиллагааны талаар Ч.Улаан гишүүн өчигдөр мэдээлэл хийлээ. Лобби бүлэг нь Оюутолгойн ордыг ашиглах төслийн хөрөнгө оруулалтын болон хувь нийлэгчдийн гэрээг сайжруулах, төслийн эдийн засгийн үр ашиг, өгөөжийг Монгол Улсад ашигтайгаар нэмэгдүүлэхийн төлөө ажиллах юм байна.

Энэ хүрээнд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах УИХ-ын Ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төсөлтэй холбогдуулан УИХ-аас гарсан аливаа шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлд түлхүү анхаарах юм. Лобби бүлгийн гишүүд өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, “Дубайн гэрээ"зэрэг эрх зүйн актуудыг хүлээн авч, нарийвчлан судлах ажлаа эхлүүлсэн байна. Мөн ойрын үед хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталсан хэмээн УИХ-ын гишүүн Ч.Улаан хэлж байлаа. Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтын зардал ихээхэн нэмэгдсэн тухай шүүмжлэл гардаг. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан тодорхой асуудлуудыг сайжруулах шаардлага бий. Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг хянаж үзэхэд тодорхой заалтууд хэрэгжихгүй байгаа асуудал ажиглагдсан. Анх баталсан ТЭЗҮ-ээс зардлын хэмжээг хэтрүүлсэн гэх мэт.

Мөн хоёр талд ногдох ашгийн үзүүлэлтэд ч эргэлзээтэй зүйлс байна. Тэгэхээр энэ асуудлыг нэг бүрчлэн авч үзэх, сайжруулах, Монгол Улсын хуульд нийцүүлэх, Монголын талд үр өгөөжтэй байх боломжийг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулах болно.

-Оюутолгойн гэрээг сайжруулах, өөрчлөх асуудлыг хөрөнгө оруулагч тал хүлээж авах эрх зүйн орчин бий юу?

-Анх байгуулагдсан гэрээнд өөрчлөлт оруулах, сайжруулах асуудлыг зохицуулсан тодорхой заалтууд бий.

-“Дубайн гэрээ”-ний тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Дубайн гэрээ бол 57 заалттай. Үүний 21 нь Монголын талын эрх ашгийг хөндсөн, өмнөх нөхцөлийг дордуулсан байна. Бүр нарийн тодруулбал, зургаан заалтыг нь хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Эдгээр заалтад аливаа эрсдэлийг зөвхөн Монголын талд үүрүүлэх, санхүү, хөрөнгө мөнгөний хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгасан байна.

-УИХ-аас байгуулсан Ажлын хэсэг энэ чуулганы хугацаанд дүгнэлтээ танилцуулж амжих уу?

-2008 онд гэрээ байгуулахын өмнөх үйл явцаас эхлээд олон төрлийн материалтай танилцаж, судалгаа хийх ёстой. Тиймээс манай лобби бүлэг Ажлын хэсгийг энэ удаагийн чуулган хаахаас өмнө дүгнэлтээ танилцуулахад нь дэмжлэг үзүүлнэ.