Тэрбишдагва.Д 2018.05.29 | Үндэсний Шуудан

Д.Тэрбишдагва: Ажлын хэсгийнхний шалгалтын гүйцэтгэл 30-40 хувьтай байна

Д.Тэрбишдагва: Ажлын хэсгийнхний шалгалтын гүйцэтгэл 30-40 хувьтай байна

УИХ-аас Оюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан билээ. Уг ажлын хэсгийг анх УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ахалжбайсанчөөрийн хүслээр ажиллахаас татгалзсан.

Тиймээс саяхан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулж, бүрэлдэхүүнийг өргөтгөсөн. Одоо шалгалтын үйл явц ямар байгаа талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагваас тодрууллаа.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөсөн. Ажил нь нэлээд урагшилна гэж ойлгож байгаа. Одоо ажлын явц ямар байгаа вэ?

-Би Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсоноор ажлын хэсгийн бүх гишүүнтэй уулзаж, чиглэл өгсөн. Тухайлбал, УИХ-ын гишүүдээс гадна Төрийн нарийн бичгийн дарга нар, хөндлөнгийн шинжээч, судлаачид, олон нийтийн байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, хэрхэн ажиллах талаар чиглүүлсэн.

Бид ажлын хэсгийг таван хэсэгт хуваан ажиллуулж байгаа. Өмнө нь байсан найман гишүүн дээр нэмж таван гишүүнийг ажлын хэсэгт оруулсан учраас бүтэц нь бага зэрэг өөрчлөгдсөн. Гишүүдийг өөрийн хүсэлт болон аль тохирох чиглэлийн ажлын хэсэгт нь хуваарилж байгаа. Тэднийг өөрсдийн хуваарилагдсан ажлын хэсэгтээ маш сайн ажиллахыг үүрэг болгосон. Тэд мэдээлэл авч, санал бодлыг нь сонсон чиглэл өгч ажиллана. Мөн таван дэд ажлын хэсгийг таван Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулж байгаа.

Дээр нь таван дэд ажлын хэсэгт орж буй УИХ-ын гишүүдийн нэг нь ахалж, ажлаа зохион байгуулах чиглэлтэй ажиллаж байна. Дэд ажлын хэсгүүд сайн ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт дэд ажлын хэсгийг ахалж буй Төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж, мэдээлэл авсан. Тэдний өгсөн мэдээллээр дэд ажлын хэсгүүд 30-40 хувийн явцтай ажиллаж байгаа. Тиймээс ажлаа идэвхжүүлэхийг шаардсан. Энэ долоо хоногт дахин уулзаж, явцыг нь шалгахаар болсон. Өнөөдөр, маргааш дэд ажлын хэсэгт нь очиж ажиллана. Тэд энэ хугацаанд хийсэн ажлаа танилцуулна.

Танилцуулгыг харж, дутуу, нягтлах шаардлагатай зүйлүүдийг эргэж харах талаар чиглэл өгнө. Тиймээс дэд ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүдийг хамт очиж, үзэхийг хүсч байгаа. УИХ-ын гишүүд дэд ажлын хэсэгт ажиллахаас гадна сонирхогчоор бусад ажлын хэсэгт идэвхтэй ажиллах боломжтой. Ер нь ажлын хэсгийнхнийг идэвхтэй ажиллахыг шаардаж байгаа. Бүгдэд нь ил захидал хүргүүлсэн.

-Оюутолгойгоос мэдээллээ хэр авч байгаа вэ. Зарим мэдээллээ авч чадахгүй байгаа гэж сонссон?

-Шалгалтын ажлын деталь хэсгийг сонсож, тэр чигтээ мэдээллээ өгөхгүй байгаа юм шиг ойлгох нь буруу. Дэд ажлын хэсгүүдийн өгсөн мэдээллээр материалаа боломжийн хэмжээнд өгч байгаа юм билээ. Харин заавал газар дээр нь очиж, харж үзэх материалууд бий. Тиймээс дэд ажлын хэсгийнхэнтэй уулзахдаа хэнийг, хэзээ Оюутолгой дээр очиж ажиллах талаар ярилцана.

-Ажлын хэсгийн гишүүдийг “Риотинто” группээс лоббинд оруулах гэж оролдсон гэсэн мэдээлэл байсан. Үнэн үү?

-Мэдэхгүй. Гишүүдээс асууна даа. Миний хувьд бол лоббинд орно гэсэн зүйл байхгүй. Монгол Улсыг төлөөлж ажлын хэсгийг ахалж байгаа. Хоёр талын хамтын ажиллагааг сайжруулахын төлөө ажиллана гэж боддог.

Аль аль талдаа ашигтай ажиллуулах ёстой. Зөвхөн нэг тал нь ашигтай байж болохгүй. Ялангуяа Монгол Улсад ямар үр дүн өгсөн, цаашдаа хэрхэн сайжруулах талаар ажлын хэсгийнхэн дүгнэлт гаргана. Дүгнэлт гараагүй байхад янз бүрийн шүүмж, яриануудыг багасгамаар байна.

-Ажлын хэсэгт иргэний нийгмийн байгууллагууд, бусад улс төрийн намын төлөөллийг оруулсан. Энэ таны санал байсан юм уу?

-Өөрсдөө орж ажиллахыг хүссэн юм. Зарим нь Оюутолгойг ингэж ажиллуулах нь зөв гэдэг. Харин нөгөө хэсэг нь буруу ч гэж ярьж байна. Тиймээс бүгд ширээний ард суугаад зөв, буруугаа шийдээд явъя гэсэн юм. Биднээс хамгийн чухал дүгнэлт гаргах хүмүүс нь хөндлөнгийн шинжээчид, судлаачид гэж үзэж байгаа.

Тиймээс шинжлэх ухааны салбарын хүмүүсийг ажлын хэсэгт оруулсан. Ер нь ажлын хэсэгт оръё гэсэн хүмүүсийг хүслээр нь оруулж байгаа. Гэхдээ ажлын хэсэгт хүмүүсийг хэмжээ хязгааргүй нэмж болохгүй. Хугацаа бага үлдсэн учраас энэ ажиллаж байгаа бүрэлдэхүүнээрээ үр дүнтэй ажиллая гэж бодож байна.

-Ирэх сарын 23-нд УИХ-д дүгнэлтээ танилцуул на. Хугацаандаа амжих уу?

-Үүнийг урьдчилж хэлэхгүй. Ямар ч гэсэн ажлын хэсгийнхнийгээ шахаж байна. Энэ долоо хоногтоо ажлын хэсгийнхний цаасан дээр буулгасан ажлыг үзэх гэж байна. Үүнээс ямар асуудлыг нь дахин судлах нягтлах шаардлагатай талаар чиглэл өгнө. Мөн ажил нь идэвхгүй байвал идэвхжүүлэхийг шаардана.

Гэхдээ зовлонтой зүйл байх юм. Төрийн нарийн бичгийн дарга нар дэд ажлын хэсгүүдийг ахалж байгаа. Тэднийг ажлаас бага зэрэг чөлөөлмөөр байна. Уг нь УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралд сайд, дэд сайдууд нь оролцох ёстой. Гэтэл сайдууд нь оролцохгүй, Төрийн нарийн бичгийн даргаа оруулах юм. Мэдээж урдах ажлаа хийлгүй яахав. Гэхдээ тэднийг бүх зүйлд оруулж, самгардуулмааргүй байна. Ерөнхийдөө бид чадлынхаа хэрээр л ажиллаж байгаа. Хугацаатай учраас гишүүдээ амралтын өдөр ч гэсэн ажиллахыг шахаж байна.

Б.АЮУШ