Содбаатар.Я 2018.05.29 | Үндэсний Шуудан

Я.Содбаатар: МАН "Эрдэнэс-Тавантолгой" компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид гаргах саналыг дэмжлээ

Я.Содбаатар: МАН "Эрдэнэс-Тавантолгой" компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид гаргах саналыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, “Тавантолгой” төслийн талаар санал солилцсон байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатараас тодрууллаа.

-Танай намын бүлэг “Тавантолгой” төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Уг хуралдаанаар санал нэгдэж чадаагүй юм уу?

-Засгийн газраас “Тавантолгой” орд газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой саналыг өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хуралд оруулсан. Гэвч “Монголын эдийн засгийн форум”-тай холбоотойгоор бүлэг эцсийн шийдвэрээ гаргаагүй. Энэ долоо хоногт эцэслэн хэлэлцэж, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хувийг Олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан IРО гаргах Засгийн газрын саналыг зарчмын хувьд дэмжлээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-д холбогдох шийдвэрийн төсөл оруулах чиглэлийг Засгийн газарт өгч байна. Засгийн газар энэ асуудлаа нарийвчлан судалж, асуудлаа оруулж ирэх учиртай. Ер нь бүлгийн хуралдаанаар ард түмний өмч болсон байгалийн баялгийг хөрөнгийн биржээр дамжуулан олгодог байя гэдэг асуудлыг нэлээд ярилцлаа.

-Засгийн газар олонхийн суудалтай байгаа үедээ 1072 хувьцааг амь оруулах асуудлыг ярьж байгаа нь хувьцаа үнэ хүрэх магадлалтай байна гэсэн хүлээлт иргэдийн дунд байна?

-Засгийн газраас ойрын өдрүүдэд хийж байгаа чухал ажлуудын нэг нь яах аргагүй энэ юм. Хэдийгээр бид 2011 онд 1072 хувьцааг иргэдэд олгосон ч албажуулах ажлыг өнгөрсөн хугацаанд хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, хувьцаа иргэдийн нэр дээр бүртгэгдсэн байсан ч албан ёсны үнэт цаас, хувьцаа эзэмшигч болох, ногдол ашиг авах эрх зүйн зохицуулалтыг хийхгүй дөрвөн жил боллоо. Тиймээс Засгийн газраас энэ асуудлыг хэлэлцэж, хувьцаагаа албан ёсоор бүртгэж байна. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа Монгол Улсын хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжиж байгаа юм. Иргэд энэ орд газрын 13-15 хувийг эзэмшиж байна. Түүнчлэн 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргая, ингэж хөрөнгө оруулалт татъя гэж байгаа.  нааштай байгаа энэ үед нүүрсээ боловсруулж гаргах, зах зээлийн олон эх үүсвэрийг бий болгох, дэд бүтцийн асуудал, цахилгаан станц, төмөр зам, усны асуудлаа шийдвэрлэх зэргээр орд газрын цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд олон улсын хөрөнгийн биржээс хөрөнгө босгох нь зүйтэй.

-30 хувь гэдэг хэдэн төгрөгөөр үнэлэгдэж байгаа вэ. Хөрөнгийн үнэлгээг гаргасан уу?

-“Эрдэнэс-Тавантолгой” орд газрын үнэлгээг хийх ажил улс төрийн шийдэл гарсны дараа эхэлнэ. Өмнө нь Засгийн газар 268 дугаар тогтоолоороо олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллахаар ярьж байсан. Түүнчлэн Засгийн газар, УИХ-ын 100 орчим шийдвэр гаргасан байдаг. Эдгээрийг цэгцэлж, хэрэгжилтийг хангах шаардлага байгаа. Энэ талаас нь асуудлаа ярьж байгаа. Нөгөө талдаа хөрөнгийн биржийн үнэлгээг манай улс хоёр удаа хийсэн. Эхний удаад 1999 онд “BHP billiton” компани хийж байсан бол дараа нь “Норвест” компани үнэлсэн байдаг. Үүгээр 5.7 тэрбум ам.долларын өртөпгэй гэж байсан. Харин энэ удаад олон улсын байгууллагаар үнэлгээ хийлгэж, тооцоог гаргуулна.

-Хөрөнгө оруулагчидтай тохиролцож, үр дүнгээ өгөх хүртэл хэр хугацаа орох вэ?

-Хөрөнгийн бирж дээр гаргахад цаг хугацаа орно. Эхлээд ордын үнэлгээ хийнэ. IРО хийхийн тулд олон улсын нягтлан бодох бүртгэлээс эхлээд нарийвчилсан олон стандарт байдаг. Эдгээрийг хангах ёстой. Олон улсын хөрөнгийн бирж дээр гарсны дараа хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагатай ярилцах зэргээр энэ бүхний үндсэн дээр дараа дараагийн үйл явц өрнөнө байх. Ер нь үйл явцын хувьд 65 суудалтай олонхийн бүлэг улс төрийн ерөнхий шийдвэрийг гаргаж байгаа. Үүний дараа албан ёсоор Үндэсний аюулгүй байдал, УИХ-аар холбогдох шийдвэр гарна.

-2020 оноос өмнө гаргаж амжих боловуу. 1072 хувьцааг амь оруулахтай зэрэгцээд дараагийн сонгуулиар та бүхний гаргасан шийдвэрийг үгүйсгэх вий гэсэн болгоомжлол байсаар байна?

-Ер нь МАН томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх, эрчимжүүлэх чиглэлээр санал, санаачилга гаргаж ажиллаж байгаа. Жишээ нь, олон жил яригдсан Төв цэвэрлэх байгууламжийн ажил энэ жил эхэлж байна. Мөн мал экспортлох, малыг эрүүлжүүлэх томоохон төсөл хөтөлбөр явж байна. Упаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой томоохон төслүүд энэ жил эрчимтэй хийгдэнэ. Мөн орд газрууд, дэд бүтэцтэй холбоотой асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар шахаж гаргахаар ажиллаж байгаа. Ажлын байр нэмэгдүүлж, бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлага бий. Нөгөө талдаа эдийн засгийн хямралаас гарч байна. Тиймээс цаашдаа эдийн засгаа эрчимжүүлж, тогтвортой хөгжлийг бий болгохын тулд том төслүүдээ хөдөлгөх, эхэлсэн төслүүдээ эрчимжүүлэх шаардлага байна. Энэ чиглэлээр улс төрийн шийдвэр гаргаж байгаа.

Б.НОМИН