Ч.Улаан 2018.05.29 | Сайт: Vip76.mn

Ч.Улаан: Дэд хотуудад шинээр байгуулагдаж байгаа үйлдвэрүүдэд ч мөн татварын хөнгөлөлтөнд оруулах ёстой

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн.

2017 оны 6 сарын 20-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хууль жил гаруйн хугацаанд завсардаад байсан юм. Хуулийн төслөөр дагуул хотыг байгуулах, Нийслэл бие даасан байдлаар хөгжих эрх зүйн орчин бүрдэх юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан бүс нутгийн хөгжилтэй уялдуулж татварын бодлого баримтлах хэрэгтэй сануулсан.

Ч.Улаан: Мэдээж татварын бодлого өөрийн гэсэн зорилготой, зарчимтай байх ёстой. Гэхдээ татварын бодлогод бүс нутгийн хөгжлийн бодлого буюу геополитикийн асуудал заавал орж ирдэг. Энэ бол эдийн засгийн болдогын суурь асуудлын нэг. Уг нь орж ирж байгаа зарчмыг буруу гэж бодохгүй байна. Дагуул хот, дэд төвүүд рүү үйлдвэрлэлийг шилжүүлэх хүчийг шилжүүлж, ажлын байр бий болгож байгаа нь зөв.

Зөв механизмаа л олох ёстой.

Налайхаас урагшаа 461 гэж гарам бий. Үүн дээр барилгын материалын 3 үйлдвэр, ял боловсруулах 1 том үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ үйлодвэрлээд, экспортонд гаргаад, хэрэгцээгээ хангаад явж байна. Үйлдвэрлэгчид тийшээ очих нь амаргүй учраас зардал чирэгдлээ бодоод хотын төв рүүгээ шавна. Гэтэл тэнд очоод үйлдвэр байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс тэдэнд дэмжлэг байх ёстой.

Дагуул болон дэд хотууд руу үйлдвэрлэх хүчнийг шилжүүлэн байршуулах асуудлыг механизмээ зөв тодорхойлох ёстой. Хуулийн төслийг уншихаар эргээд анхаармаар зүйлс байна. Зөвхөн шилжин байршиж байгаа үйлдвэрт хамаатай юм уу? Шинээр байгуулчихсан үйлдвэрт яагаад хамаарахгүй байгаа юм? Тэнд шинээр үйлдвэр байгуулаад, хотын төвлөрлийг татах бодлого явбал адилхан авч үзэхгүй юу?

Мэдээж 20 жил, 50 жил, 50 хувь гэх мэт хугацаа хэмжээг нарийн тооцоо судалгаан дээр үндэслэж гаргах ёстой байна. Том үйлдвэрт 20 жил гэдэг нэг өөр хэрэг. Жижиг дунд үйлдвэрүүдэд яах вэ? Жижиг дунд үйлдвэрийг оршин тогтнох хугацаа 20 жил хүрэхгүй. Маш богино хугацаанд зах зээлдээ зохицож, хөнгөн шуурхай өөрчлөгдөж байх үйлдвэрлэл байвал яах вэ? 20 жилд дандаа шинээр байгуулагдсаар байгаа татварт огт хамрагдахгүй болох нүх сүв гарах вий гэсэн болгоомжлол байна. Тиймээс хугацаа, хувь хэмжээг үйлвэрлэлийнхээ цар хүрээтэй, шийдэж байгаа асуудлынхаа зорилго, зорилттой уялдуулж, ялгаатай авч үзэх үү?

Улаанбаатар хотын дарга С.Батболд: Ч.Улаан сайдын хэлснийг авах л санах байна. Төвлөрлөө сааруулах гэдэг утгаараа шилжин байршуулах гэж оруулж ирсэн. Хотоос гарч, хотын төвөө чөлөөлж өг гэсэн утгаараа оруулсан. Шинээр байгуулж байгаа нөхцөл дээр нь татвар, хөнгөлөлт гэвэл Сангийн яамныхан дэмжихгүй байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдаж орж ирж байгаа учраас хотоос гарч байгаад нь хөнгөлөлт үзүүлээд байя гэсэн утгаараа оруулсан. Шинэ байгуулах үйлдвэрийг дэмжиж хуулинд тусгана гэвэл дэмжиж байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn