Монгол улсын засгийн газар Камбожийн вант улсын засгийн газартай агаарын харилцааны хэлэлцээрийг баталлаа
2018.05.29

Монгол улсын засгийн газар Камбожийн вант улсын засгийн газартай агаарын харилцааны хэлэлцээрийг баталлаа

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, Камбожийн Вант Улсын Засгийн газар хооронд байгуулах Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг баталлаа.

Хэлэлцээрийн төслийг хоёр тал 2015 оны 10 дугаар сард Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын 2015 оны Агаарын харилцааны хэлэлцээний олон улсын хурал /ICAN/-ын үеэр солилцож, улмаар Иргэний нисэхийн ерөнхий газар, Камбожийн Вант Улсын Иргэний нисэхийн удирдах байгууллагын төлөөлөгчидтэй 2016 оны 02 дугаар сарын 29-нөөс 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд уулзалт, хэлэлцээ хийж, “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Камбожийн Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн бичвэрийг тохирон үзэглэж, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

Үүний дагуу Индонез Улсын Бали хотноо зохион байгуулсан АСЕМ-ын Тээврийн сайд нарын 4 дэх удаагийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат болон Камбожийн Вант Улсын Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Мао Хаваннал нар  2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Камбожийн Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”- т гарын үсэг зурсан.

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Камбожийн Вант Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр нь Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны Чикагогийн конвенцид нийцүүлэн, хоёр орны нутаг дэвсгэрийн хооронд болон хилийн чанадад агаарын харилцаа тогтоох зохицуулалтыг тохирсон, олон улсын нийтлэг жишгээр байгуулсан, хоёр талын харилцааг зохицуулсан хэлэлцээр юм.

Энэхүү хэлэлцээрт тал бүрээс томилогдсон агаарын тээврийн байгууллагуудын томилгоо, үйл ажиллагаа эрхлэх эрх, зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, тээвэрлэлтийн багтаамж, тариф, гаалийн татвар, бусад хураамж,ашиглагчдад ногдуулах хураамж, шууд дамжих нислэгийн зохицуулалт, валют шилжүүлэх, орлого гуйвуулах зэрэг зохицуулалтыг тусгасан. Мөн нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хяналт, зохицуулалт, агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ, агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, нисэхийн мэргэжлийн ажилтнуудын үнэмлэх, гэрчилгээг харилцан зөвшөөрөх, статистик мэдээллээр хангах, агаарын хөлгийн түрээс зэрэг агаарын тээвэрлэлт гүйцэтгэх зохицуулалтаас гадна хэлэлцээрийг хэрэглэх, хүчин төгөлдөр болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалтуудыг тусгасан. Хэлэлцээр нь нийт 24 зүйлтэй.

Хэлэлцээрийн дагуу нислэг гүйцэтгэх цэгийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Улаанбаатар, Камбожийн Вант Улс дахь Фном Пен, Сием Рип, Сиханоук цэгүүд байхаар, дундын болон чанад орших нислэг гүйцэтгэх цэгийг хоёр талын иргэний нисэхийн удирдах байгууллагууд тохиролцон тогтоохоор заасан.