Б.Батзориг 2018.05.29 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулах тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжив

Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулах тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжив

  Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.05.29) хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус Байнгын хорооны энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаар уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

 Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сард баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд одоогийн Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгаж, Мал эмнэлгийн ерөнхий газар болгож өөрчлөхтэй холбогдуулан энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Ингэхдээ, мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцах, малын үржил, бүртгэлийн чиглэлийн үйл ажиллагааг одоо хариуцаж байгаа хэлтэс нь дээрх хуульд заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд чиг үүргээрээ шилжиж, мал үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтыг хариуцан ажиллах зохион байгуулалтын өөрчлөлт хийх юм байна.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат мал эмнэлгийн анхан шатны байгууллага нь орон нутагт ямар бүтэцтэй байх, хувийн мал эмнэлгийн нэгжүүдтэй хэрхэн уялдаж ажиллах талаар асуулт асууж тодруулсан юм.

Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг гишүүний асуултад өгсөн хариултдаа, 2017 оны сүүлчээр батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиуд энэ оны 6 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Иймээс хуульд заасны дагуу малын эрүүл мэндийн асуудлыг төр мэдэлдээ авч, энэ үндсэн дээр босоо тогтолцоотой Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулахаар болж байгаа юм. Мөн малаа эрүүлжүүлэх, элдэв халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах үүднээс саяхан Засгийн газраас тогтоол гаргаж, жил бүрийн 5 дугаар сарын 1-ээс 10 дугаар сарын 20-ны хооронд малаа вакцинжуулах, уулга туулгалт хийх ажлыг орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ бүгд нь мал сүргээ эрүүлжүүлэх, элдэв халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, малынхаа үүлдэр угсаа, таваарлаг чанарыг сайжруулж ашиг шимийг нь нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн бодлогын чухал зохицуулалт гэдгийг хэллээ.

Мөн Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг одоогоор улсын хэмжээнд хувийн мал эмнэлгийн 998 нэгжид 1493 малын эмч ажиллаж байгаа. Ирэх сарын 1-ээс хууль хэрэгжиж эхэлснээр бүх суманд гурван орон тоотой мал эмнэлгийн тасаг байгуулагдаж, малын өвчлөл, эрүүл мэндийн асуудлыг олон жилийн тандалт судалгаанд үндэслэн хэтийн зорилт, чиглэлтэй хэрэгжүүлэх ажлыг хариуцаж, хяналт тавьж ажиллах юм. Мөн хувийн мал эмнэлгийн нэгжүүд хэвээр ажиллах бөгөөд орон нутгийн мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдтэй гэрээний үндсэн дээр хамтарч ажиллана гэлээ.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн. Гишүүний горимын санал дэмжигдсэн учраас “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж анхны хэлэлцүүлгээр нь батлуулах санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.