Бурхан багшийн их дүйчэн өдрийн арга хэмжээнд НИТХ-ын дарга оролцлоо
2018.05.29

Бурхан багшийн их дүйчэн өдрийн арга хэмжээнд НИТХ-ын дарга оролцлоо

Бурхан багшийн их дүйчэн өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг билээ. Энэ жил энэхүү өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор зохион байгуулж, Гандантэгчинлэн хийдэд нээлтийн үйл ажиллагааг  зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц нарын хүмүүс оролцлоо.

Ёслолын үйл ажиллагааг нээж Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц айлдвар айлдан эхлүүллээ. Түүний дараа соёмбот туг залах, бурхан багшийн рэнсрэл залах, хүрэлцэн ирсэн хүмүүс мандал өргөх зэрэг хүндэтгэлийн ёслолоор үргэлжилсэн юм. Мөн УИХ-ын дарга М.Энхболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар сүсэгтэн олонд хандаж үг хэллээ.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан “Бурхан шашны их дүйчин энэ гэгээн өдрийн амгаланг энд хуран цугласан зон олондоо болон нийт нийслэлчүүдээ  айлтган мэндчилье. Бурханы шашны сүсэг бишрэлээ дагаад бид түүх соёлоо дээдэлдэг, мэддэг байх нь чухал үнэт зүйл. Итгэл үнэмшил бол хүнийг зорилготой болгодог. Зорилго бол аливаа аливаа айл өрх, албан байгууллага, улс орныг амжилтанд хүргэдэг "бичигдээгүй хууль"гэж хэлж болно.

Одоогоос  2500 гаруй жилийн өмнө  амьдарч байсан Будда  буюу  тэр цагт та бидний адил эгэл хүмүүн явсан Сиддихарта Гаутамагийн эцэг эхээс мэндэлсэн, орчлонгийн мөн чанарыг ухаарч, гэгээрлийн оргилд хүрсэн, нирваан дүрийг олсон Их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. 29 настай хан хүү Сиддхарта ордны элбэг дэлбэг амьдрал, өнгө мөнгөнөөс татгалзаж, ертөнцийн мөн чанар, амьдралын үнэн төрхийг олж хайхаар гарч 6 жилийн дараа буюу энэ өдөр хүний амьдралын утга учир нь  эд хөрөнгө, нэр алдар, эрх мэдэл, элбэг хангалуун амьдралд бус хүний сэтгэлийн дотоод ертөнцөд байдаг гэдгийг тодорхойлсон байдаг.

Эрхэм хүндэт нийслэлчүүдээ...

Өнөөдөр та бид Монголын бурхан шашины төв болсон Гандантэгчинлэн хийдийнхээ Их Жанрайсэг шүтээний өмнө Бурхан багшийн Их дүйцэн өдрийг хамтдаа тэмлэглэж байна. Энэ өдөр буддын сүсэгт хүн бүр буяныг хичээн, нүглийг тэвчдэг уламжлалтай.

Гэхдээ зөвхөн энэ өдөр биш өдөр бүхэн атаа хорсол, амин хувийн явцуу үйлдэл, муу зуршил бүхнээ орхиж сайныг төлөө тэмүүлж чадвал тэр бүхэн бидний хөгжил дэвшил, үнэт зүйл байх болно. Тиймээс нийслэлчүүд та бүхнийгээ өнөөдрийн энэ "Ёс суртахууныг эрхэмлэе" өдрийг өдөр болгон эрхэмлэж, бие биендээ хүндэтгэлтэй хандаж, ёс суртахууныг амьдралынхаа үнэт зүйл болгож явахыг уриалж байна.

Энэ жил нийслэлд олон бүтээн байгуулалтын ажлыг бид эхлүүлж байна. Үүний зэрэгцээ та бидний ажил амьдралын өмнө болох боломгүй олон зовлон жаргал  тохиолдож байгаа. Гэхдээ эн бүхний цаана төр засгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, нийслэлийн төр захиргааны байгууллагын албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд асуудлыг шийдвэрлэх ёстой гэж өөрийн амьдралаа бусдад даатгах бус харин иргэнийхө өтөлөө ажиллаж байгаа төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчидаа дэмжиж, хамтн хүчээр бид өмнөө тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх учиртай.

Монголчууд бид эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ярьдаг. Энэ үг бол бид өөрсдийнхөө аж амьдралынхаа төлөө хэн хэнээс хичээж зүтгэх ёстой гэсэн утгатай үг гэдгийг бид бүгдээрээ сайн мэддэгч тэр бүр ажил амьдралдаа хэрэгжүүлж чадалгүй явж ирсэн. Та бид дор бүрнээ ажил амьдралаа сайн сайхан болгох, хөгжил дэвшил рүү тэмүүлсэн сэтгэл итгэлээ нэгтгэж, ёс суртахуун дээр үндэслэсэн үнэ цэнэтэй Улаанбаатарыг хамтдаа бий болгохын төлөө, хүн болгоны оролцоог бий болгож, зөвхөн асуудлыг шийдэхийг шаарддаг иргэд биш, асуудлыг хамтдаа шийддэг, амьдралынхаа хариуцлагатай эзэн нь, иргэн нь байя гэж нийслэлчүүд та бүхэндээ уриалах байна" гэв.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Гандантэгчинлэн хийд, төрийн бус байгууллагууд, хамтран иргэд олон нийтэд Буддизмын сургааль номыг сурталчилан таниулах, энх тайван, эв нэгдлийн хүндэтгэлийн жагсаал зохион байгуулж, сүсэгтэн олонд зориулсан олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ёслолын үйл ажиллагаа урлаг соёлын тоглолтоор үргэлжилж байгаа юм.