Ганбаатар.Ж Ш.Раднаасэд 2018.05.30 | Сайт: Vip76.mn

Ж.Ганбаатар, Ш.Раднаасэд нар Төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогын талаар асуулга тавилаа

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ш.Раднаасэд нар  "Төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогын талаар асуулга" тавилаа. 

Гишүүд Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.118 дахь хэсэгт Төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогод тулгуурлан орон нутгийн болон олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх. өрсөлдөөнийг дэмжих замаар тус салбарт үнэ тарифыг бууруулна гэж заасан.

Нислэгийн үнэ тариф өндөр, суудлын тоо хязгаарлагдмал, сонголтгүй байгаа байдал нь өөрийн орны иргэдийг гадаад оронд зорчиход санхүүгийн болоод цаг хугацааны хүндрэл учруулаад зогсохгүй, үндэсний зан заншил, уламжлал, түүх, соёл, унаган байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх, түүнийг дагасан бусад салбарын дэмжих шаардлага, боломжийг хязгаарлаж байна хэмээн УИХ-ын дээрх гишүүд үзжээ. 

Тиймэс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.13, 33.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Зам, тээврийн сайд Танд дараахь асуулгыг тавьсан байна. 

  1. Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, иргэдийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн агаарын тээврийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд ямар арга хэмжээ авч, тодорхой үр дүнд хүрсэн эсэх:
  2. Ижил зайд нислэг үйлдэж байгаа жишиг үнэ тарифыг Монгол улсын иргэдэд сэнал болгохгүй байгаа “Кореан айр" комланийн үйлдэл нь Агаарын харилцааны олон улсын хууль тогтоомж, гэрээг зөрчиж байгаа эсэх;
  3. "Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сөүл хотноо байгуулсан "Агаарын харилцааны тухай хэлэлцээр"-ийг эргэж харах. засаж сайжруулах шаардлагатай эсэх;
  4. “МИАТ" ХК болон "Кореан айр" компанийн хооронд 2012 онд 18 жилийн хугацаатай байгуулсан гэх хамтран ажиллах санамж бичгийг хүчингүй болгосон тохиолдолд эрх зүйн болон эдийн засгийн ноцтой хохирол Монгол улсын талд үүсэх эсэх:
  5. "МИАТ" ХК-ийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах асуудлыг хэдий хугацаанд зохион байгуулах, хувьцааны тодорхой хувийг төрийн мэдэлд үлдээх эсэх.
  6. Улаанбаатар хотоос алслагдсан аймгуудын ард иргэдэд иргэний агаарыг тээврийн үйлчилгээг ойртуулах тогтмолжуулах. үнэ тарифыг хямдруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид баримтлах бодлого;
  7. Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолоор баталсан Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын 1.2.10 дахь хэсэгт заасан арга хэмжээний биелэлт зэрэг болно.

Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан хугацаанд албан бичгээр ирүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хүссэн байна. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn