Эрдэнэ.С Содбаатар.Я Ганбаатар.Ж Баттөмөр.Б 2018.05.30 | Сайт: Vip76.mn

Байнгын хороо Зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг дэмжсэнгүй

Байнгын хороо Зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг дэмжсэнгүй
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хурлаар УИХ-ын гишүүн С.Эрдэний өргөн барьсан Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцсэн.

Энэ хууль батлагдсанаар:

  • Зээлийн хүүгийн хэт өндөр түвшин мэдрэгдэхүйц буурна. Ялангуяа банк бус зээлдүүлэгчдын зээлийн хэт өндөр хүү буурч, мөнгө хүүлэх үйл ажиллагаа журамлагдаж, хязгаарлагдана.

  • Бизнесийн үйл ажиллагааны зардал буурч ашиг хуримтлал нэмэгдэж, бизнесийн орчин сайжирч,төлбөрийн чадвар дээшилж, татварын бааз суурь тэлж, төсвийн орлого нэмэгдэнэ.

  • Иргэдийн, ялангуяа худалдаа эрхлэгчдийн зээлийн хүүгийн дарамт эрс буурч орлого нэмэгдэж, аж амьдрал сайжирахад чухал нөлөө үзүүлнэ.

  • Мөнгөн хуримтлал, санхүүгийн нөөцийн хуваарилалт зөв чиглэлд орж, мөнгө хүүлэлтэд биш бүтээн байгуулалтад чиглэгдэнэ хэмээн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцуулсан.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Зээлийн хүүг бууруулах хуулийн төслөө танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд зээлийн хүүг бууруулах санал санаачилгыг дэмжиж байгаа ч эргээд эдийн засагтаа хүндэр учруулахгүй байж, захиргааны аргаар шийдэх нь зөв эсэхийг нягталж, Монголбанктай зөвшилцөх шаардлагатай гэсэн юм. Харин төсөл санаачлагчийн зүгээс зах зээлийн нийгэмд шилжсэн 28 жилийн турш явсан ч одоог хүртэл зээлийн хүү буурах бодит үр дүн гарсангүй. Эдийн засгийн таатай нөхцөл бүрдэхийг хүлээж, Монголбанкыг харж суувал удаан хугацаа зарцуулна гэдгийг тайлбарлаж байсан ч хуралдаанд оролцсон ихэнхи гишүүд хуулийн төслийг дэмжээгүй юм.

Хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн чухал байр сууриудаас хүргэе.

Ж.Ганбаатар: БИЗНЕСИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 18-ААС ДООШ БАЙХ БОЛОМЖ БИЙ ЮУ?

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Ж.Ганбаатар:

Би зээлийн хүү өндөр байна гэж яриад жил гаран болж байна. ЖДҮ-ийг дэмжих, зээлийн хүүнд даруулж байгаа бизнесүүдэд тус нэмэр болох хууль гэж үзээд 100 хувь дэмжиж байна. Бизнесийн зээлийн хүүгийн дээд хязгаар 18 байна гэдгийг ямар үндэслэлээр тогтоосон бэ? Зээлийн хүүгийн талаар олон нийт анхаараад эхэлсэн учраас одоогийн байдлаар банкуудын хүү 18 руу нилээн дөхсөн байна. 18 гэдгийг арай бууруулах боломж байгаагүй юу? Хамгийн дээд тал нь 19.9-20 хувьтай байх шиг байна. Банк өөрөө томоохон зээлдэгчид 16-17 хувиар өгдөг мэдээлэл байна. Банкны хүүн дээр төрийн тогтолцоо байх ёсгүй гээд их том эсэргүүцэлтэй тулна байх. Бусад зүйл дээр төрийн оролцоо байх ёстой гэж ярьдаг хүмүүс хүртэл банкны лоббинд ороод банкны хүүн дээр огт байх ёсгүй гэж ярьдаг. Цаанаа учиртай юм байлгүй.

С.Эрдэнэ:

Зах зээлийн зарчмаар банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа зохицуулагдах ёстой гэж Монголбанкны холбогдох албан тушаалтан, эдийн засагч нар тайлбар хийж байна. Зах зээлийн эдийн засагт шилжээд 28 жил явахад Монголын төр нэг ч удаа банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Энэ хугацаанд санхүүгийн зах зээлийн зарчмаар зээлийн хүүгийн хувь хэмжээ тогтоогдоод, хэвийн хэмжээнд орох боломж байсан уу гэвэл байсан. Гэтэл сүүлийн 10 жилд зээлийн нийлүүлэлт 2 их наяд төгрөгөөс 13.6 их наяд болж, 6.8 дахин нэмэгдэхэд Монголбанкнаас тооцдог зээлийн жигнэсэн дундаж хүү буурах биш, харин ч 1.1 хувиар буурсан. Сүүлийн 8 жилээр авч үзвэл 0.8 хувиар нэмэгдсэн байна. Энэ бол төрөөс зайлшгүй зохицуулалт хийх шаардлага байгаа нь харагдаж байна. ААН, иргэд, бизнес эрхэлж баялаг бүтээж байгаа иргэдээ дэмжих бодлогын үүднээс хуулийг санаачилсан.

Ажлын хэсэг:

18 гэдэг тоог дундажлаж гаргасан. Ойрын 3 жилд инфляци 8 хувьтай байна гэж Монголбанкны онилсон прогонозыг харж байгаад инфляци 8 юм бол хадгаламж 12 байхад хадгаламж эзэмшигч нар хангалттай ашиг авна. Хадгаламж 12 юм бол зээлийн хүү 18 байхад банкуудын 6 хувийн марж гэдэг нь үлдэх учраас хангалттай тоо гэж харсан. Дэлхийн жишгээр зээлийн хүүгийн дээд хягзаарыг Төв банкны бодлогын хүү дээр 4-8-ыг нэмсэн. Төвбанкны бодлогын хүү өнөөдөр 10 байгаа. Үүн дээр 8-ыг нэмсэн нь дэлхийн жишиг. Энэ нь цаашдаа буурах боломжтой гэж үзэж байна.


Я.СОДБААТАР: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ, ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ ЗЭРЭГ ЭХ ҮҮСВЭР НЬ ТОДОРХОЙ ЗЭЭЛИЙН ХҮҮГ СЕГМЕНТЧИЛЖ БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

Я.Содбаатар:

Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын баримт бичиг дотор зээлийн хүүг бууруулах асуудлаар тодорхой заалтууд туссан. Үүний дагуу Монголбанк зээлийн хүүг бууруулах стратеги төлөвлөгөө гаргаад явж байна. Зээлийн хүүг бууруулах зайлшгүй шаардлага байгааг нийгмээрээ ойлгож байна. Дэлхийн дундаж түвшинтэй харьцуулахад бидний зээлийн хүү 5 хувь өндөр. Зээлийн хүү яаж буух вэ гэдэг дээр л маргаантай байгаа. С.Эрдэнэ гишүүн зээлийн хүүг захиргааны аргаарбууруулах хуулийн төсөл оруулж ирж байна.

Зээлийн хүүг бууруулах сонирхол бид бүгдэд бий. Харин хэрхэн эргээд эдийн засагтаа нөлөөлөхгүй, тогтвортой мөрдөгдөөд явах аргаар л зээлийн хүүг бууруулах вэ гэдэг дээр л ярилцаж байна.

Зээлийн хүүг буурулахын тулд Хадгаламжийн хүүг яаж буулгах юм бэ? Мөн тодорхой зах зээл дээр тодорхой зээлдэгчдийн хүүг эхэлж бууруулах нь зүйтэй гэж бодож байгаа. Тухайлбал, тэтгэврийн зээл эсвэл цалингийн зээлийн эх үүсвэр маш ойлгомжтой учраас энэ төрлийн зээлийн хүүг бууруулах нь зөв. Банкинд эрсдэл, хүндрэл учрах нь бага. Зарим ЖДҮ эрглэгч нарын хүрээнд зээлийн хүүг тогтоодог аргачлал байна. Энэ хуулиар бол нийт зах зээл гэж үзэж байна уу? Тодорхой чиглэсэн сегмент рүү чиглэсэн нь зөв юм биш үү? Зээлийн хүүг захиргааны аргаар буулгаад амжилтанд хүрсэн орон байна уу? Өмнөх зээлийн хүүг бууруулахтай холбоотой хуулийн хэлэлцүүлгийн үеэр Монголбанкинд явж байгаа зээлийн хүүг бууруулах стратегийг харъя, мэргэжлийн байгууллага тодорхой санал оруулж ирэхээр дахин сөхөж ярья гэсэн байдлаар УИХ хандаж байгаа.

С.Эрдэнэ:

Зээлийн хүүг бууруулах асуудал өнөөдөр гэнэт яригдаад шинээр орж байгаа асуудал биш. Маш олон жил яригдсан боловч өнөөдрийг хүртэл буураагүй. Сүүлийн 10-аад жил зээлийн хүүг бууруулах асуудлаар янз бүрийн газруудаас санал гарсан ч янз бүрийн шалгаанаар гацсаар байгаад өнөөдрийг хүртэл бодит үр дүн гараагүй 28 жил явлаа.

Зээлийн хүүг бууруулах асуудал хаана гацаад байгааг харахаар зах зээлийнхээ зарчмаар явна гэдэг ганцхан тайлбар байна.

Харамсалтай нь харахаар арилжааны банкууд дээр төвлөрөөд байгаа активын хэмжээ сүүлийн 10 жилд 6.8 дахин өссөн байна. Гэтэл үүнийгээ дагаа зээлийн хүү огт буурахгүй байна. Эдийн засгийн үзүүлэлтээс харахад төрөөс зохицуулалт хийхээс өөр аргагүй гэсэн үндэслэлээр хуулиа боловсруулсан.


Б.БАТТӨМӨР: ЭДИЙН ЗАСГИЙН ТААТАЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ ХОСЛУУЛЖ БАЙЖ ҮР ДҮНД ХҮРНЭ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

 

Б.Баттөмөр:

Зээлийн хүүг бууруулах санал санаачилгыг нь бол дэмжиж байна. Яагаад зээлийн хүү өндөр болсон бэ гэвэл монголын төр зохицуулалтгүй 28 жил явлаа. Гэвч эцсийн үр дүн ийм л байна.

Зээлийн хүүг бууруулах 2 арга бий гэж үзэж байна. Эхний арга нь С.Эрдэнэ гишүүний оруулж ирж байгаа арга. Гэхдээ захиргаадалтын арга биш төрийн зохицуулалтын арга гэж үзэх нь зөв юм. Хоёр дахь эдийн засгийн арга. Монгол Улсад макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдэх ёстой. Мөн мөнгөний бодлогы үр нөлөөг дээшлүүлэх ёстой. Арилжааны банкуудын засаглалыг сайжруулах ёстой. 1-2 эзэнтэй болох биш олон нийтийн болгох хэрэгтэй. Үүн дотор эдийн засгийн өсөлт, нам инфляци, ханшийн тогтвортой байдал байх ёстой. Үүнийг хангаж байж зээлийн хүүг бууруулах асуудлыг ярих ёстой. Оруулж ирж байгаа хуулийн төслийг эдийн засгийн аргатайгаа нийлүүлж, Монголбанктай, арилжааны банкуудтай, банкуудын холбоотой нэгдээд нэг байдлаар авч үзэх нь илүү ашигтай.

Сая “Монголбазальт” 6.4 тэрбум төгрөгний бонд гаргахад 20 тэрбум төгрөгний захиалга ирж байна.

Монголын төрийн бодлого хүлээлтээсээ хоцорчихоод байна.

Банкны зээлийн хүүг бууруулж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд макро түвшний тогтвортой байдлыг бий болгох ёстой.

Мөнгө хүүлэлтийг дэлхий нийтээр “шимэгч” гэдэг. 2008 оны хямрал бол орон сууцны хямрал. Цаашлаад үүсмэл үнэт цаасны хямрал болсон. Монолд мөнгө хүүлэлт асар өндөр. Арилжааны банкууд бүгд мөнгө хүүлэгч нар болсон. Сонгодог утгаараа арилжааны банкнуудын өнөөдрийн үйл ажиллагаа ядуурлыг дэвэргээд байна. Банк нь болохоор маш хүнд сурталтай, өндөр хүүтэй. Монголын эдийн засаг яагаад хөгжихгүй байна вэ гэвэл зээлийн бодлого, банкуудын үйл ажиллагаатай холбоотой. Монголын бизнес явахгүй байна. Засгийн газрын санал дээр эсрэг саналууд байна. Үүнийгээ яаж тооцож байгаа вэ? Дээд хязгаарыг тогтоох олон улсын туршлагаар сүүдрийн банк, сүүдрийн эдийн засаг үүсдэг. Үүний нарийвчилсан тооцоо судалгаа байна уу? Монголбанк ажлын хэсгийн хооронд санал нийлэх боломж байна уу? Банкны холбоо үүнийг эсэргүүцэж байгаа тохиолдолд дэмжихэд төвөгтэй.

Ажлын хэсэг:

Монголбанк эдийн засгийн аргаар бууруулна гэдэг. Гэхдээ Монголбанк сүүлийн 10 гаруй жил л ингэж ярьж байна. 2 ч удаа зээлийн хүү бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байхад эсрэгээрээ зээлийн хүү өссөн. Эдийн засагч хүний хувьд эдийн засгийн аргаар бууруулахад дуртай байна. Зээлийн хүү буурах нөхцөлүүд нь наад зах нь жоохон ч гэсэн мэдрэгдэж байх ёстой. Гэхдээ Монголбанкны стратеги дотор тийм харьцаа  хамаарал харагдахгүй байна. Тиймээс зээлийн хүүг эдийн засгийн аргаар бууруулах ямар ч боломжгүй. Монголбанктай энэ асуудлыг зөвшилцөх боломжгүй. Монголбанк 28 жил биднийг хуурлаа. Тиймээс Монголбанкыг зөвшилцөх арга байхгүй.