Ё.Баатарбилэг 2018.05.31 | Vip76.mn

Ё.Баатарбилэг: Асуудал оруулж ирэхдээ бүтцийн асуудлыг тодорхой тусгаж, хугацаа зааж оруулж ирэх ёстой

Өчигдөр /2018.05.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. 

2018 оны 5 сарын 24-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслөөр ХНХЯ-ны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулахаар тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байр сууриа илэрхийллээ.

Ё.Баатарбилэг: Бүтэц өөрчлөгдсөнөөр тодорхой орон тоо эсвэл цалингийн сан гэх мэт төсөвтэй холбоотой ямар өөрчлөлт гарах вэ? Манай байнгын хорооны эрхлэх ажлын хүрээн дэх асуудал яригдаж байна. Мал эмнэлгийн ерөнхий газрын асуудал дээр бүтцийн асуудал орж ирсэн талаар тодорхой мэдээлэл авлаа. Тодорхой бүтцийн өөрчлөлтүүд хийх зүйл орж байна. Өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хоёр байнгын хороо хамтарч хуралдсан. 1 сарын 5-ны 2 тоот тогтоолоор агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр асуудал хариуцсан агентлаг юм уу бүтэц бий болго гээд хугацаатай үүрэг өгсөн ч одоо болтол байхгүй.

Өнөөдөр ажлын хэсэг дээр мэдээлэл сонсоход нэгэн рүүгээ чихээд, хариуцах хүнгүй байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь Нийслэлд найдаад, "Нийслэлээс хуралдаа ирэхгүй байна" гэсэн юм ярьж байна. Нийслэл нь болохоор Яам, дээд байгууллагаа хараад байдаг. Нэгдсэн уялдаа холбоо муу байгаагаа хүлээн зөвшөөрсөн. 

Ийм чухал асуудлууд дээр яаралтай шийдвэр гаргаж, бүтцийнхээ өөрчлөлтийг оруулж ирээд байж болдоггүй юм уу?

Утааны асуудал эргээд УИХ дээр ирнэ. Ганцхан Засгийн газрын асуудал биш. УИХ эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгчихсөн. Асуудлаа оруулаад ир гэсэн. Одоо болтол оруулж ирэхгүй байсаар байгаад жилийн хагас боллоо. Эргээд утааны асуудал яригдаад эхэлнэ. Гишүүд утааны асуудал дээр дор бүрнээ анхаарал хандуулаарай. Засгийн газрын асуудал гэж ойлговол эндүүрэл. Агентлагийнхаа асуудлыг яаж оруулж ирэх юм?

С.Чинзориг: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд төсөвт үйлдвэрийн газар статустайгаар Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төв гээд нийтдээ 121 хүнтэй газрууд ажиллаж байна. Эдгээрээс 90 хүн нь хөгжлийн бэршээлтэй иргэдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, шаардлагатай байгаа мэргэжлийн чиг баримжаа, сургалтуудыг явуулдаг 3 аж ахуйн тооцоотой үйлдвэр байгаа. Цаана нь үлдэж байгаа 31 хүн нь захиргаа аж ахуйн хүмүүс байна. Бидний оруулж ирж байгаа санал нь энэ 31 хүний бүтэцтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлаг байгуулах төлөвлөгөөтэй байна.