Эрдэнэ.С 2018.05.31 | МҮОНТВ

Баянгол дүүрэг олон улсын стандартад нийцсэн хүүхдийн шинэ эмнэлэгтэй боллоо

Баянгол дүүрэг олон улсын стандартад нийцсэн хүүхдийн шинэ эмнэлэгтэй боллоо

Хэдхэн сарын өмнө Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн шинэ эмнэлэг ашиглалтад орсон тухай мэдээг налайхынхан төдийгүй монголчууд сайшаан хүлээж авсан.

Тэгвэл эх, үрсийн баярын өмнөхөн буюу өчигдөр Баянгол дүүрэгт 60 ортой хүүхдийн II эмнэлэг үүдээ нээлээ. Ингэснээр 32 жилийн дараа нийслэлд томоохон хэмжээний хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсон тохиолдол болж байгаа юм. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тус хүүхдийн эмнэлгийг 4.6 тэрбум төгрөгийн төсвөөр барисан бөгөөд 1 -4 давхарт ахмадын, 5-8 давхарт хүүхдийн эмнэлэг ажиллах юм байна. Уг хүүхдийн эмнэлэг нь нэг дор 200 хүүхэд хүлээн авах чадалтай, дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй бөгөөд хүйтний улиралд дээрх тоог сунгаж хүлээн авах боломжтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 10 мянган хүн тутамд 2-4 ор ногдож байвал олон улсын стандарт гэж үздэг. Баянгол дүүрэг нь 0-16 насны 80 мянган хүүхэдтэй гэж үзвэл, олон улсын стандартын шаардлагыг хангах боломжтой болсон гэсэн үг. Ингээд Хүүхдийн II эмнэлгийн нээлтэд оролцсон албаны хүмүүсийн байр суурийг хүргэе.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ: ДЭЛХИЙН ЭРҮҮЛ мэндийн СТАНДАРТААР БАРИГДСАН

‘‘Шинээр ашиглалтад орсон эмнэлгийн туурин дээр Эрүүл мэндийн VI төв гээд хоёр давхар барилга байсан юм. Үйл ажиллагаа явуулахыг хориглосон мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч, акталснаар барилгын ажлыг шинэчлэх судалгааны ажлыг 2012 оноос эхлүүлсэн. Баянгол дүүрэг 80 мянга орчим бага насны хүүхэдтэй. Хэдхэн жилийн өмнө хүүхдийн эмнэлэггүйн улмаас хүүхдүүд Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байлаа. Тэгвэл одооноос харьяаллын дагуу эмчлүүлэх бүрэн боломжтой болж байна'” гэв.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.АНХМАА: БУСАД ДҮҮРГИЙН ХҮҮХДҮҮД Ч ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

“Нийслэлийн Засаг даргын 2020 он хүртэл авч хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах олон ажил тусгагдсан. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн шинэ эмнэлэг ашиглалтад орсон. 2019 онд Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилга ашиглалтад орно.

Мөн тун удахгүй Баянзүрх дүүрэгт 100 ортой хүүхдийн шинэ эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ саадгүй авах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө олон ажил хийж байгаагийн нэгээхэн хэсгийн үрдүн ньэнээмнэлэг. Баянгол дүүргийн хувьд нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай хамтарч олон ажил хийсний үр дүнд хэдхэн сарын өмнө ахмадын эмнэлгээ хүлээж авсан бол өнөөдөр хүүхдийн шинэ эмнэлгийн барилгаа хүлээж авлаа. Энд нэг зүйл онцолж хэлэхэд, Баянгол дүүрэгт хүүхдийн шинэ эмнэлэг ашиглалтад орлоо гээд зөвхөн баянголчуудын баяр биш. Бусад дүүргийн хүүхдүүд ч харъяа дүүргийн эмнэлэгт ор хүрэлцээгүй үед энд хэвтэн эмчлүүлэх боломжтой.

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Ө.БАТЖАРГАЛ: БИД ХИЧЭЭЖ АЖИЛЛАХ БОЛНО

“Бид 2015 оны арваннэгдүгээр сард 140 ортой хүүхдийн эмнэлгээ хүлээн авч байсан. Харин өнөөдөр хүний нөөц болон тоног төхөөрөмжийн хувьд илүү хүчин чадалтэй эмнэлэгтэй болсондоо их баяртай байна. Хэдийгээр эмнэлгийн тоо нэмэгдэж байгаа ч өвчилж буй хүүхдийн тоо жил бүр өссөн үзүүлэлттэй байна. 2014 онд энэ тоо 168, 2016 онд 238, харин энэ оны хувьд 324 хүрсэн. Ирэх жил үүнээс илүү өсөх болов уу. Ачаалал  нэмэгдэх үед бид үйл ажиллагаагаа өргөтгөж, нэмэлт ор тавьж үйлчлэхээр төлөвлөсөн. Өмнө нь манай дүүрэг хүүхдийн эмнэлэггүй байсан учир болон Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлгээс тусламж үйлчилгээ авдаг байлаа. Энэ туслалцаанд нь бид их баярлаж явдаг. Тиймдээ ч бусад дүүргийн эмнэлгүүдтэй хамтарч ажиллан, туршлага солилцдог. Манай эмнэлэгт харьцангуй залуу эмч, ажилчидтай ч гэлээ бүгд таваас доош жил ажилласан гэдгээрээ онцлог. Дүүргийн хувьд залуучууд олонтой, төвийн бүсэд байрладаг. Мөн ЭХЭМҮТ болон П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгтэй зэргэлдээ учир шаардлагатай тохиолдолд манай эмнэлэгт өвчтөнөө илгээдэг. Ийм тохиолдолд бид аль болох хүрч чадах хэмжээгээрээ ажилладаг. Ямартаа ч бид нийслэлийн хэмжээнд гурван жилийн хугацаанд хоёр эмнэлэгтэй болж чадлаа. Эмнэлгийн барилга, тоног төхөөрөмжид нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт орсноос 3.2 тэрбум төгрөгийг нь Баянгол дүүргийн Тамгын газраас, харин нэг тэрбум төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас төсөвлөсөн” хэмээв.

Ийнхүү Баянгол дүүрэгт хүүхдийн шинэ эмнэлэг үүдээ нээж, үйлчлүүлэгчээ хүлээж авлаа.

Тус эмнэлгийн ажилчдын хэлснээр эх. хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн зөв шийдэл нь урьдчилан сэргийлэлт. Тиймээс энэ тал дээр түлхүү ажиллаж иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарна гэсэн юм. Харин иргэдийн хувьд орны хүрэлцээгүй улмаас хүйтэн шалан дээр хөнжил, гудас дэлгэж хэвтэн эмчлүүлдэг байсан үе ард хоцорч, олон улсын стандартад нийцсэн шинэ эмнэлэгтэй болсондоо баяртай байгаагаа хэлсэн юм.

Сэтгүүлч Г.Нацаг-Эрдэнэ