АРХАНГАЙН өдрүүд
2018.05.31

АРХАНГАЙН өдрүүд

Архангай төдийгүй Монгол орон даяар гантай байна. Хавар эрт өнгөө засч хүн, малын магнай тэнийлгэж байсан ногоон толгодыг хагас сар үргэлжилсэн халуун нар, салхи хоёр халцалжээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, зураач Д.Батнасан нартай зам нийлэн арын сайхан хангай нутаг руу аялах замд анх анзаарагдсан зүйл, энэ. Гишүүний хувьд эрүүл мэндийн чиглэлээр нэлээд ажил хийдэг. Энэ талаар доор дурдах болохоор түр орхиё. Архангай аймгийн хувьд сүүлийн хэдэн өдөр нэлээд хөл хөдөлгөөнтэй байлаа.

Насанд хүрэгчдийн шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорч, үүнтэй зэрэгцэн “Хангайн цом” яруу найргийн наадам болов. Шатрын шат шатны тэмцээнүүдээс шалгарсан 24 тамирчин аваргын төлөө хүч сорьжээ.

Хэдийгээр насанд хүрэгчдийн гэсэн тодотголтой тэмцээн боловч оролцогчдийн дийлэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд байх. Угтаа бол шатарчид гэхээр УИХ дахь шатрыг дэмжих лобби бүлгийн дарга Д.Лүндээжанцан гуай шиг өвгөчүүд санаанд буудаг. Гэтэл шигшмэл 12 тамирчин дунд 11 настай охин сууж байгаа харагдана. Түрүүлсэн залуу 21 настай. 11,13 настай хоёр тамирчин нь зургаан цагийн турш "яс” үзсэн тухай гайхаж шагширсан хүмүүс холхино. Тэмцээний дараа ээж, аавдаа туниад явж байгаа хүүхдүүд шатраар олон улсын мастер, мань мэтийг бол өлхөн аваад залчих томчууд гэж бодохоор сонин.

Яруу найргийн наадмыг ч аймгийн иргэд идэвхтэй үзэж уран үгсийн дуу сонслоо. “Хангайн цом” нэртэй л болохоос хамаг Монголын яруу найрагчид иржээ. Өвөрмонголоос хүртэл зориод ирсэн нийт 40 гаруй уран үгийн дуучдын талаар нутгийн иргэн "хангай баярлуулах сайхан шүлэгчид ирлээ. Ган тайлагдах байх аа” хэмээн бэлэгшээн ярилцах аж. Эдгээр уралдааны шилдгүүдийг мялаахаар нутгаас нь сонгогдсон УИХ-ын гишүүд очсон байна. Удахгүй мөн томоохон гүйлтийн марафон уралдаан болох гээд байгаа бололтой зурагт хуудсыг нь хадсан олон улсын байгууллагын эмбпемтэй машинууд ч явж байв.

Дээр дурдаад орхисон зураач Д.Батнасангийн хувьд Архангайнх. Байгалийн зураг хөргүүдээрээ алдартай уран бүтээлчээсээ гадна судлаач хүн юм. Eagle ТV-ээр дэлхийн суут уран бүтээлчдийн талаар 60 гаруй цуврал нэвтрүүлэг бэлдэж байсныг нь олон хүн мэдэх байх.

Тэрбээр УИХ-ын гишүүн Е.Баатарбилэгийн урилгаар “Цэцэрлэг хот” хэмээх цуврал үзэсгэлэн гаргахаар явж байгаа юм байна. Өнөөдөр Цэцэрлэг хот ямар байгааг уран зурагт үлдээчихлээ гэхэд хожим нь хүмүүс зурагнаас өөрийнхөө гудамж, нутгийг харж байх нь сайхан л санаа. Нөгөө талаар цаг хугацаа элэх хэрээр үнэ орох ажил болох юм. Ё.Баатарбилэг гишүүний ярьж байгаагаар зургийн үзэсгэлэн бэлэн болохоор бусад томоохон уран зургийн бүтээлүүдийн хамт Цэцэрлэг хотод үзэсгэлэн гаргах юм байна. Цаашлаад Япон, Солонгос тэгээд Европ юм гэнэ. Ингэж төрсөн нутгаа брэнд болгох зорилго өвөрлөж яваа аж.


ЭРҮҮЛ ЭЛЭГ, ШҮД, УУШИГ...

Эрүүл мэндийн чиглэлээр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дарга Е.Баатарбилэг нутаг оролдоо чамгуй ажил хийдэг талаар дээр дурдаад орхисон.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Архангай аймаг “Элэгний эмгэггүй Архангай” төсөл хэрэгжүүлсэн юм. Ганцхан аймаг нь л элэгний вирусээсээ салах гээд явж байгаа энэ “аминч” ажлын “буруутан” нь Ё.Баатарбилэг гишүүн л дээ. Тэрбээр олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, хөөцөлдөж элэгний “С" вирус арилгах “Харвони” хэмээх эмийг нутгийнхаа иргэдэд үнэгүй өгүүлж чадсан. Ингэхдээ нэг аймгийг бүрэн эрүүлжүүлж чадвал танай байгууллагын нэр хүндийн хэрэг болно гэх маягийн юм ярьж байгаад ажлыг нь эхлүүлчихсэн гэдэг. Эхний ээлжид нас зааж ахмадуудаа хамруулсан бол одоо хоёрдугаар шатны ажил нь эхэлжээ.

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд гишүүний санаачилгаар “Адилакс” компанийн эмч Архангай аймагт ажиллаж нэгдүгээр ангийн 500 хүүхдэд шүдний үнэгүй үзлэг хийж, шүдний үзлэг хийх багаж, шүдний оо зэргийг бэлэглэв. Үүнээс гадна хөдөөгийн зарим сумдаар орж малчдын хотод үзлэг хийсэн юм. Ерөнхийдөө хөдөө, хотгүй шүдний өвчлөл их болжээ. Цэнхэр сумын эмнэлгийн их эмч Амаржаргал гэхэд л “Манай сумын шүдний өвчлөл 70-аас дээш хувьтай байна” л гэж байна лээ. Гэхдээ бас дандаа муу амлаад байхаар ч биш л дээ. Тухай нь Цэнхэр сумын Алтан овоо багийн Хонгорын аманд зусч буй П.Сэрсэндэмид гээд сайхан малчин залуу байна. Бидэнтэй явсан эмч “Ийм сайхан шүдтэй хүн цөөн харж байлаа” гээд зургаа хамт авхуулах юм болоод явчихав. Зураг хөргөө татуулчихаад шүдээ ямар оогоор угаадагийг нь асуутал “Би өр нь угаадаггүй шүү дээ” гэж хариулсан юм даа. Ер нь тэгээд архи, тамхи, кофөны буруу хэрэглээнээс хол эрүүл сайхан нутагтаа цагаан идээгээ хэрэглэж яваа хүн бас эрүүл л байх хэрэг.

Энд бас Цэнхэр сумтай холбоотой нэг шинэ мэдээ бий. Тодруулбал, сүрьөэ өвчний урхаг, нууц тохиолдол сүүлийн жилүүдэд ихсэх болсон гэнэ. Тиймээс улсын хэмжээнд таван газар сүрьөэ өвчний тандалт хийхээр болжээ. Нэг ёсондоо сонгогдсон сум, хорооны бүх иргэдийг иж бүрэн шинжилгээнд хамруулах юм байна. Ингээд Ховд аймгийн нэг сум, зүүн аймгаас бас нэг сум нийслэлээс хоёр хороо оруулахаар болж. Үүний нэгээр Архангай аймгийн Цэнхэр сум багтсан байна.

Сумын эмчийн хэлж  байгаагаар сүрьеэ өвчний тохиолдол 2016 онд л ганц гараад эмчлэгдсэн гэнэ. Гэхдээ өвчин далд хэлбэрээр тархсан байхыг үгүйсгэхгүй. Энэ шинжилгээгээр дан гац сүрьеэ гэлтгүй ДОХ болон бэлгийн замын халдварт өвчин,  бусад вирусийн гаралтай өвчнүүдийг илрүүлэх юм байна. Түүнчлэн өнгөрсөн даваа гаригт Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт 200 сая төгрөгийн үнэ бүхий шүд эмчилгээний иж, бүрэн тоног төхөөрөмжтэй эмчилгээний хоёр о ажиллаж эхэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, МИАТ компанийн Сөүлд суух төлөөлөгчийн газрын  дарга Ш.Биндэрьяа нарын санаачилгаар энэ кабинет бий болсон байна. Солонгосоос инженер, эмч хоёр нь ирээд тоног төхөөрөмжөө угсраад, сургалт хийгээд дууссан үе нь тэгж таарав. Нээлтийн үеэр Ё.Баатарбилэг гишүүн "БНСУ-ын найз эмч нарын дэмжлэгтэйгээр шүдний иж бүрэн кабинетийг нээж байна.

Солонгост ажиллаж. амьдардаг Архангайн уугуул Ш.Биндэрьяа бид хоёр зөвлөлдөөд монголчуудад элэгтэй Солонгос эмч нартай уулзаж ийм сайхан кабинетийг бэлгэнд авсан. Өндөр өртөг бүхий тоног төхөөрөмжийг архангайчуудад бэлэглэж байгаад юуны түрүүн Солонгосын эмч нарт талархал илэрхийлж байна. Мөн үүнийг солонгосоос хөөцөлдөж нааш нь ачуулах, хүмүүстэй уулзах гээд олон ажлыг амжуулсан Ш.Биндэрьяа ахдаа та бүхний өмнөөс талархал илэрхийлье. Ш.Биндэрьяа манай нэгдүгээр арван жилийг надаас гурав, дөрвөн ангийн дээр төгссөн хүн” хэмээн үг хэллээ.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн шүдний эмч Б.Алтангоо “Аймгийн хэмжээнд ганцхан манай эмнэлэгт байсан дэлгэмэл рентген зургийн аппарат эвдэрчихээд байлаа. Одоо харин шинэ аппараттай болж байна. Ингэснээр оношлогоон дээр маш том үүрэг гүйцэтгэнэ. Мөн одоо угсарч ашиглалтад оруулж байгаа хоёр эмчилгээний ор өмнөхөөсөө эргэлт, хүчин чадлаараа илүү" гээд баахан гадаад үгтэй зүйл нэмж хэлснийг нь тэмдэглэж авахад ч төвөгтэй юм билээ.

Тэр өдөр НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахара Архангай аймагт ажиллаж таарав. Эх нярайн яаралтай, тусламжийн сургалтыг мөн л Ё.Баатарбилэг гишүүний санаачилгаар хийж яваа нь тэр гэнэ. Тэрбээр “Эх нярайн яаралтай тусламж бол бас чухал асуудал. Архангай аймаг эх нярайн эндэгдлээр улсын хэмжээнд дунджаас дээгүүр байдаг байсан. Одоо харьцангуй гайгүй болсон. Гэхдээ тогтвортой биш заримдаа өндөрсөх хандлагатай байгаа нь санаа зовоосон зүйл юм” хэмээж байв. Энэ мэтээр цаашид ч эрүүл мэндийн талаар хийх ажил их байгаагаа ярьж байлаа. Хамгийн гол нь төсвийн мөнгө тавиулахыг хүлээлгүй, өөрийн санаачилга хөөцөлдөлгөөгөөр хийгээд байж болдог юм байна гэдгийг харуулж байгаа юм. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон даргын албан тушаал ч нөлөөлдөг биз.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Ё.Баатарбилэг гишүүн Засаг дарга байхдаа аймгийн төвийн хуучин онгоц буудаг талбайг дахин төлөвлөлтийн газар болгож байжээ. Одоо тэнд нь бараг зайгүй барилга баригдсан байна. Бассейны барилгын ажлын ихэнх хувь нь бэлэн болсон боловч цаад барьж байгаа компани нь ажлаа дуусгалгүй аймгийн Барилга хот төлөвлөлт, газрын албанд төвөг удаад байгаа бололтой юм. Энэ мэтийн зүйл харж байх үөд шинэ байгуулагдсан цэцэрлэгийн багш нар ирээд гишүүнтэйгээ уулзлаа. Цэцэрлэг нь шинэ болохоор гаднаа гулгуур савлуураас эхлээд тоглоомгүй байгаа бололтой. Цуг явсан аймгийн газрын албаны даргаас нэг хэсэг газар гуйгаад байх. Өнөөх нь цэцэрлэгийн хүүхдүүд зам гарч тоглох болно аюултай, стандартад таарахгүй гээд гүрийгээд байх. Харин тоглоомны хувьд цэцэрлэгт хүрээлэн тохижуулах ажлын дунд оруулахаар зохицуулчихав.

Тэндээсээ Цэнхэрийн рашаан хүрээд буцлаа. “Цэнхэр жигүүр” хэмээх жуулчны баазад саатав. Зан сайтай эмэгтэй ажиллуулдаг юм байна. Анх 1995 онд япончууд байгуулж байсан, рашаанд хамгийн ойр байрлах жуулчны баазыг авчээ. Тухайн үед ганцхан байсан тус баазад жуулчид нисдэг тэргээр хүрдэг байж. Одоо бол жийпээр яваад оччихоор газар юм. Жуулчны баазууд нь нийлээд замаа хайрга дэвсэж янзлана гэж ярьж байна лээ.

Гантай байгаагаас малчид гол, хангайгаа бараадан буужээ. Дөрөвдүгээр сард орсон цас газрын өнгийг сайхан болгож, мал тэнхэрч эхэлсэн боловч сүүлийн сар орчим бороо ороогүйн дээр хуурай халуун салхи тавьж газар гандсан аж. Голын ширэг хүртэл шаргалтах газраа шаргалтан харагдана. Уул ойгоо захлан буусан айлуудын малыг хээрийн амьтан түгшээнэ. Малчдын зарим нь "Энэ хэвээрээ удвал хэдэн малаасаа цөөлдөг юм бил үү дээ" гэх бол нөгөө хэсэг нь “Удахгүй тэнгэр хураа хайрлах байх аа” хэмээн ам цагаан байдаг монгол заншлаар ярина. Зуншлага тааруухан байгаа ч хаадуудын өлгийн нутаг арын хангайд амьдрал буцалсаар байна. 

Сэтгүүлч Ж.Баярсайхан