Улаан.Ч 2011.05.11

Ч.Улаан: Засгийн газар ҮГЭН ДОТОР ҮГ дайхаа болиоч ээ

Ч.Улаан: Засгийн газар ҮГЭН ДОТОР ҮГ дайхаа болиоч ээ

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас гаргах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Нийтдээ 127.5 тэрбум төгрөгийн бонд гаргах хүсэлтээ Сангийн сайд С.Баярцогт улсын төсвийн алдагдал нөхөх, төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөртэй холбож тайлбарлаж байв. Өөрөөр хэлбэл, энэхүү мөнгөнөөс 55.5 тэрбумыг нь төсвийн алдагдал нөхөхөд зориулах юм байна. Харин үлдсэн 72 тэрбумаар нь төрийн 4000 албан хаагчийг орон сууцжуулах хөтөлбөрийн санхүүжилтэд зарцуулахаар тооцжээ. Өдгөө 2500 иргэн Засгийн газраас боловсруулсан Орон сууцны санхүүжилтийн корпорацын хөнгөлөлттэй зээлд хамрагдаад байгаа аж.Тэдэнд зориулж Засгийн газраас 80 тэрбум төгрөгийн бонд гаргажээ. Харин үлдсэн хүмүүсийг энэхүү зээлд хамруулахын тулд дахин 72 тэрбум төгрөгийн бонд гаргах шаардлагатай байгааг Сангийн сайд С.Баярцогт тайлбарлаж байв. Харин гишүүд энэхүү квотыг зөвхөн Улаанбаатарт олгож байгаа эсэхийг, иргэдээ төрд ажилладаг, ажилладаггүй. гэж ялгаж буйг шүүмжилж байлаа. Н.Батбаяр гишүүн "Орон сууцны санхүүжилтийг яагаад заавал төрийн албан хаагчид гэж гаргаж байгаа юм. Монгол Улсын насанд хүрсэн нийт хүн амын 10 хувь нь л төрийн албанд ажиллаж байгаа.


Үлдсэн 90 хувь нь байртай болж болохгүй юу. Ер нь Засгийн газар иргэдээ ялгаж, хуурч ажилладаг арга барилаасаа салах хэрэгтэй. Энэ асуудалтай холбоогүй ч хэдэн зүйл тодруулъя. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж байна гээд зургаан сарын хугацаа өнгөрлөө. Монголын ард түмнийг ингэж хуурч болохгүй. Одоо болтол гэрээнд гарын үсэг зураагүй л байна. Сүүлийн үед дэлхийн томоохон хэвлэлүүдэд Япон, АНУ хэлэлцээд Монголд цөмийн хаягдал булшлах гэж байгаа гэж мэдээлэх боллоо. Засгийн газар нууц хэлэлцээ хийж байгаа гэсэн энэ мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ. Монгол Улс хог хаягдлын агуулах биш шүү гэж байв. Түүний асуултад С.Баярцогт "Энэ бол иргэдээ ялгаварлаж байгаа зүйл биш. 2010 онд хямралын дараа ярьж байгаад барилгын салбарыг сэргээх зорилгоор 80 тэрбумын бонд гаргасан.Тэр ажлын үргэлжлэл явж байгаа. Үүгээр дуусах юм. Үүнээс хойш иргэдээ ямар нэгэн салбараар ялгахгүй. Бүх хүнд зориулсан Хөгжлийн банкаар дамжуулан орон сууцны зээл олгох асуудал ярьж байгаа. Хүү нь зургаан хувь байна. Харин энэ зээл найман хувийн хүүтэй байгаа.

 

Оюутолгойн гэрээний хувьд хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж дууссан. Энэ сардаа багтаж гэрээнд гарын үсэг зурна. Цөмийн хаягдлын тухайд би бас өөртэй чинь адилхан мэдээлэлтэй байна. Хэн хаана ямар хэлэлцээ хийгээд байгааг мэдэхгүй" гэж хариулсан. Д.Дамба-Очир гишүүн Таван толгойн хэлэлцээ хэзээ дуусаж, төсөвт тодотгол хийх эсэхийг лавлаж байв. Мөн бүх хүнийг орон сууцны зээлд хамруулах боломжийн талаар тодруулсан юм. С.Баярцогт сайд хариулахдаа "Хөгжлийн банкнаас гаргах 800 тэрбумын бондын 300-г нь аймгуудыг хатуу хучилттай замаар холбох, 50 тэрбумыг нь шинэ төмөр замын эхлэлд, 100-г нь жижиг, дунд үйлдвэрт, 350 тэрбумыг барилгын салбарт зориулахаар тооцож байгаа Мөн төсвийн орлогын эх үүсвэр Нэмэгдэх үед л тодотгол өргөн барина.Таван толгойгоос авахаар ярьж буй урьдчилгаа төлбөрийн гуравны нэгийг тодотголоор оруулж ирнэ. Хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээ энэ сард дуусна.Тэгэхээр тодотгол оруулж ирнэ. Гэхдээ тодотголоор шинэ зүйл оруулж ирэхгүй. Одоо байгаа хөрөнгө оруулалтаа гүйцээж санхүүжүүлэх асуудлыг тусгана" гэлээ. Харин Ц.Сэдванчиг гишүүн орон сууцны санхүүжилтийн зээлд нэлээд шүүмжлэлтэй хандаж байлаа.Тэрээр "Төсвийн алдагдал нөхөх 55 тэрбумын бондыг дэмжиж болно. Харин орон сууцны бондын хувьд ярих зүйл их байна.Төрийн албан хаагч гэдгийг болиулах хэрэгтэй.Тэгээд ч энэ бонд үнэ хөөрөгдөж, иргэдэд дарамт болоод байна. Яах вэ, тэр 4200 хүн нь бондоор зээл аваад орон сууцтай болчих байх. Харин байр авах гэж байгаа жирийн иргэд үнийн хөөрөгдлөөс болж хохирч байгаа шүү" гэдгийг сануулж байв. Ч.Улаан гишүүн ч түүнтэй ижил байр суурьтай байсан.

 

Тэрээр Үнэт цаас гаргах тухай нэг тогтоолын төслөөр орон сууцны, төсвийн алдагдал нөхөх гэсэн хоёр бонд гаргах зөвшөөрөл оруулж ирснийг шүүмжилсэн. "Асуудал дотор дайвар орж ирчхээд үймүүлээд байна. Засгийн газар үгэн дотор үг, дайж, үхэр дотор бяруу дайхаа болиоч ээ. С.Баярцогт сайд өрсөлдөөнөөс болоод байрны үнэ буурах байх гэж ярьж байна. Үгүй шүү дээ, байрны үнэ улам өснө. Монголд номон дээр бичсэн эдийн засаг үйлчлэхгүй. Бид барилгын материалаа гаднаас авдаг. Замын-Үүд ачааллаа даахгүй 2008 онд юу боллоо. Орон сууц хэрэгтэйг ойлгож байна. Гэхдээ сөрөг үр дагаврыг тооцох ёстой. Инфляц, эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг нь, төсвийн алдагдал юу болохыг давхар тооцох ёстой шүү гэдгийг сануулъя" гэсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар үүний дараа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас боловсруулсан төслөөр бол оны өмнөхөн шинэчилсэн найруулгаар баталсан хуульд цөөнгүй өөрчлөлт оруулахаар тусгажээ.

 

Тэр тусмаа иргэдээс өнгөрсөн хугацаанд шүүмжилж байсан согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх газруудын тусгай зөвшөөрлийг арав дахин буулгасан байв. Өөрөөр хэлбэл, өндөр градустай согтууруулах ундаа зарах зөвшөөрөл 10 сая, бага градустай бол гурван сая төгрөг байсныг бүсээр ангилж, бүхэлд нь бууруулжээ. С.Баярцогт сайдын тайлбарласнаар согтууруулах ундаа зарах зөвшөөрлийг нийслэлд нэг сая, аймгийн төвд 600 мянга, суманд 300 мянган төгрөг байхаар тооцжээ. Харин бага градустай согтууруулах ундаа борлуулах зөвшөөрөл Улаанбаатарт 300 мянга. аймгийн төвд 200 мянга, суманд 100 мянган төгрөг байхаар буулгасан байна. Мөн химийн бодист худалдах, импортлох тусгай зөвшөөрлийг 75 саяас 10 сая болтол нь буулгажээ. Өөрөөр хэлбэл, хүнд хортой химийн бодис буюу, жишээ нь, цианит натри, мөнгөн ус зэргийг импортлох бол 10 сая, бусад бодисууд дээр түүнээс багаар тэмдэгтийн хураамж төлж байхаар төсөл боловсруулсан байна.

Д.Зоригт: -Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг оны өмнө батлах үед Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажилласан. Тухайн үед ажлын хэсгээс архи, согтууруулах ундаа зарах зөвшөөрөл 10 сая байсныг нэг сая болгож бууруулсан. Харамсалтай нь, чуулган дээр ажлын хэсгийн саналыг унагасан.Тухайн үед Засгийн газар ийм асуудал оруулж ирэхдээ ямар үндэслэл бодож байсан, одоо хуулийн төсөл өөрчлөхдөө ямар үндэслэл бодож байна вэ?

С.Баярцогт-Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг боловсруулахдаа архидан согтуурахтай холбоотой асуудлыг цэгцэлье гэж бодсон. Улсын монопольд, хагас монопольд барих ёстой гэж тооцсон. Химийн бодисын тухайд Хонгор гээд бүхэл бүтэн сумаараа хордсон тохиолдол ч гарсан. Тиймээс 75 сая болгож өсгөсөн байсан. Харин одоо мэргэжлийн байгууллагуудын саналыг аваад таван ангилал тогтоож тэмдэгтийн хураамж ногдуулахаар төсөл боловсрууллаа.

Д.Дамбачир: -Засгийн газар 15 жил хөдөлгөөгүй хуулийг улсын төсөвт цоорхой гарсныг нөхөх гэж оруулж ирсэн. 26 тэрбум төгрөг төсвийн орлогод сох дутаад л баталсан. Ер нь энэ тэмдэгтийн хураамж гэдэг чинь татвар уу, зөвшөөрөл олгож байгаа цаасных нь үнэ үү?

С.Баярцогт: -Тэмдэгтийн хураамж бол татварын төрөл.Тэгээд ч Тэмдэгтийн хураамжийн хуулиар 22 тэрбум төгрөг төсөвт оруулах гэж байсныг тухайн үед ажлын хэсэг ажиллаад есөн тэрбум болгож бууруулсан. Одоо хуульд өөрчлөлт орвол зургаан тэрбум болж багасна.

Ч.Улаан: -Энэ хууль гишүүдэд анхааруулга өгч байна. Гэхдээ ний нуугүй хэлэхэд, гишүүд Засгийн газрын бодлогыг дэмжээд л баталсан шүү дээ.Тэгэхээр УИХ-д биш Засгийн газарт асуудал байна. Засгийн газар УИХ-ыг мөн ч хол зөрүүтэй юм руу түлхжээ. Олон сөрөг үр дагавар гарах байсныг хүмүүс хэлж байна. Энэ хууль цаашид мөрдөгдсөн бол 40-өөд мянган хүний ажлын байр хаагдах байсныг мэргэжлийн холбоод хэлж байсан. Энэ мэтчилэн 2011 оны төсөвтэй зэрэгцэн баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Байнгын хороо хэлэлцэж эхэллээ.Төсвийн байнгын хорооны гишүүд Засгийн газраас боловсруулсан төслийг УИХ-аар хэлэлцэхийг олонхын саналаар дэмжсэн юм.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.