Ч.Улаан : Мэргэжлийн байгууллагууд санаачилгатай ажилламаар байна
2011.05.27

Ч.Улаан : Мэргэжлийн байгууллагууд санаачилгатай ажилламаар байна

-Та туул голын тухай хууль санаачлах уу?-

Энэ удаагийн “Та Туул голын тухай хууль санаачлах уу” санал асуулгаараа УИХ-ын гишүүн Ч.Улааны байр суурийг сонслоо.

-Туул голыг хамгаалах хөдөлгөөн, аян өрнөжбайгаа ч үр дүн нь харагдахгүй байна. Харин ч эсрэгээрээ жилээс жилд ширгэж, бохирдож байгаа.Тиймээс хамгаалаххууль гаргачихвал яасан юм бэ?

-Энэ зөв санал. Ер нь Туул гол, оршин байгаа байгаль орчноо хамгаалах асуудалд хүн бүр л анхаарлаа хандуулмаар байгаа юм. Улаанбаатар хот усны эх үүсвэргүй болж байна. Амьсгалах агаар нь хомсдож байгаа. Өвөл гэр хороолол, уурын зуухны утаанаас болоод агаар нь хомсдож л байгаа байх. Гэхдээ бид ногоон байгууламжаа хядаад дууслаа. Орчин үед дэлхийн хотуудыг нэг хүн ногдох ногоон байгууламжаар нь үнэлж байна. Энэ шалгуураар бол манай нийслэл хойгуур орох л байх.Тиймээс байгальдаа хандах хандлагыг өөрчлөх хэрэгтэй.Үүнд хууль, эрх зүйн зохицуулалт ч шаардлагатай. Бид өөрийнхөө сууж байгаа мөчрийг өөрөө хөрөөднө гэдэг шиг орчин тойрноо өөрсдөө л сүйдэлж байна. Хэн хэндээ шаардлага тавьдаггүй. Хувь хүний хүлээх хариуцлага тодорхойгүй. Хүн бүхэн зөвхөн өөрийгөө бодож асуудалд ханддаг болсон. Нийтийн, нийгмийн төлөө үүрэг хариуцлага хүлээх ёстойгоо мартчихсан.Тийм учраас энэ асуудалд зайлшгүй төрийн хяналт зохицуулалт гаргах хэрэгтэй байна.

-Танд өөрт чинь хууль санаачлах төлөвлөгөө байгаа юу?

-Надад энэ талаар бодсон, боловсруулсан юм алга байна. Ер нь хууль гаргахад оролцох бодол байгаа.

-Гишүүд бүгд л хууль санаачлах бодолгүй, харин хэн нэг нь санаачилбал дэмжинэ гэх юм. Хэн нь санаачлаад хэн нь дэмжих гээд байна аа?

-Энэ бол гишүүд бидний хүлээж авах ёстой шүүмжлэл байх. Хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ асуудлыг хариуцдаг төр захиргааны байгууллага байна. Энэ талаар үүрэг хүлээсэн бүхэл бүтэн институци байгаа.Тэр байгууллагын нөхдүүд санаачилгатай ажиллах ёстой. Гишүүд бид иргэн хүн гэдэг утгаараа санаачилгад оролцох ёстой. Гэхдээ л Улаанбаатар хотын захиргаа, Засгийн газар зэрэг асуудлыг мэргэжлийн талаас нь нарийн судалж, боловсруулах төрийн институци байгаа байхгүй юу.Тэд боловсруулбал асуудлыг илүү өргөн хүрээтэй, судалгаатай гаргах болов уу. Жирийн гишүүн боловсруулбал илүү өргөн хүрээ, судалгаа шинжилгээг орхигдуулах талтай шүү дээ. Монголын хүн амын тал хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотын асуудал болохоор нухацтай хандах ёстой.Тиймээс мэргэжлийн байгууллагаас шаардвал дээр байх. Юун төлөө Улаанбаатар хотын захиргаа, Хотын мэр гэж байгаа билээ дээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.