Н.Амарзаяа 2018.06.04 | Vip76.mn

Төсөвт тодотгол хийвэл хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох боломжтой

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгох тогтоолыг эцэслэн баталлаа.

Засгийн газрын 2018 оны 4 сарын 4-ний хуралдаанаар эдийн засгийн нөхцөл, байдал сайжирсан тул ОУВС-тай дахин гэрээ хэлцэл хийж нийт хүүхдийн 80 хувьд сар бүр 20 мянган төгрөг олгох шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу тогтоолын төсөл боловсруулан, УИХ-д өргөн барьсан. Мөн үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тухай тогтоолын төслийг өргөн барьсан юм.

УИХ-аас дээрх хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж УИХ-ын Төсвийн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажилласан.

Ажлын хэсэг хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох болон түүнтэй холбогдох асуудлыг нэг бүрчлэн судалж 80 хувьд нь олгох нь зөв гэх дүгнэлтэд хүрсэн юм. Учир нь төсвийн тодотгол хийгээгүй учраас орлого, зарлага нэмэгдүүлэхгүйгээр бодит боломжинд тулгуурлан хүүхдийн мөнгийг олгох ёстой гэж тэд үзжээ.

НИЙТ ХЭДЭН ХҮҮХЭД ХАМРАГДАХ ВЭ?

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгох болсноор тэтгэмж авах хүүхдийн тоо 228 мянга орчмоор нэмэгдэнэ. Ингэснээр 860 мянган хүүхэд буюу амьжиргааны төвшний дундаж хэрэглээтэй бүлгийн бүх хүүхэд хамрагдах боломжтой болж байгаа юм. Нийт санхүүжилт нь 41 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Гэхдээ энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс он дуустал шаардлагатай санхүүжилтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны төсвийн багцад багтаан зохицуулах юм байна. Өөрөөр хэлбэл, 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой Засгийн газар үзжээ.

ЯАГААД 100 ХУВЬД ОЛГОХ БОЛОМЖГҮЙ ВЭ?

Хүүхдийн мөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцын Халамжийн сангаас санхүүжүүлдэг. Халамжийн сангаас хүүхдийн мөнгөнөөс гадна нийгмийн халамж, ахмад настны, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмж зэргийг олгодог. Хэрвээ хүүхдийн мөнгийг 100 хувьд нь олгохын тулд шаардагдах 41 тэрбумыг дээрх төсөл хөтөлбөрүүдээс аль нэгийг нь зогсоож байж шийдэхэд хүрэх юм. Харин эдгээр төсөл хөтөлбөрийг зогсоох боломжгүй. Төсвийн тодотгол хийгээгүй байхад төсөвт тусгагдаагүй мөнгийг олгохоор шийдвэр гаргадаг нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдох юм.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Амарзаяа

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Амарзаяа:УИХ-аар 2018 оны төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдвэл хүүхдийн мөнгийг 100 хувьд нь олгох боломж нээгдэнэ. Ингэхдээ Халамжийн сангаас хүүхдийн мөнгийг тусгаарлаж өөр бие даасан эдийн засгийн  ангилалд оруулж байж асуудлыг шийдэхгүй бол халамжийн сангаас олгогдвол зорилтот бүлгийн хүмүүст чиглэсэн байгаа юм.

ТЭГВЭЛ НЭМЭЛТ 20 ХУВИЙН ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХААНААС САНХҮҮЖҮҮЛЭХ ВЭ?

ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банктай хийсэн хэлэлцээрээр нийгмийн халамжит олон хөтөлбөрийг нэгтгэж, үр ашгийг сайжруулахын тулд нийгмийн халамжийг зорилтот бүлэг рүү чиглүүлж, ядуурлын төвшинтэй нийцүүлсэн шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр 41 тэрбум төгрөгийг Халамжийн санд төвлөрүүлээд байгаа аж. Энэ хөтөлбөрийг зарцуулаагүй байсантай холбогдуулан сайдын багцад зохицуулалт хийж, хүүхдийн нэмэлт 20 хувьд олгох шийдвэр гаргасан байна.

ЗОРИЛТОТ БҮЛГИЙГ ШИНЭЧЛЭХ ҮҮ?

Зорилтот бүлгийг тодорхойлсон судалгаанд алдаа оноо их байгааг УИХ-ын Ажлын хэсгийнхэн онцолжээ. Иргэн, өрхтэй холбоотой бичиг баримтын зөрчилтэй, өргөдлөө өгөөгүй зэргээс шалтгаалж одоог хүртэл мөнгөө авч чадаагүй зорилтот бүлгийн хүүхдүүд байгаа аж. Тиймээс энэхүү тогтоолын төслөөр Засгийн газарт судалгаагаа сайн нягталж, нарийвчлах талаар чиглэл өгч, тодотгол хийж 100 хувь олгох асуудлыг ч үүрэг өгсөн байна.