Л.Болд 2018.06.05 | News.mn

“Энэтхэг, Пакистан ШХАБ-д элссэн нь тохиолдол биш"

“Энэтхэг, Пакистан ШХАБ-д элссэн нь тохиолдол биш"

УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа

-Өнгөрсөн долоо хоногт УИХ болон олон нийтийн дунд Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсэх ёстой, ёсгүй гэсэн мэдээлэл хүчтэй явж, чуулганы хуралдааныг хаалттай хийсэн. Та Гадаад харилцааны сайд байсан хүн энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-ШХАБ нь өөрөө 14 жилийн түүхтэй байгууллага. Одоогоос 14 жилийн өмнөх дэлхий ертөнц өөр байж, намайг Гадаад харилцааны сайд байх үед ч өөр байсан. Тэр бүх үе шатад Монгол Улс өөрийнхөө бодлогыг маш тодорхой илэрхийлсээр ирсэн. Бид бол ШХАБ-ын хүрээнд ажиглагчийн статуст сэтгэл хангалуун байна гэж үзэж байсан. Харин одоо бол ШХАБ-ын өөрийнх нь шинэчлэл, бүс нутаг, олон улсын нөхцөл байдал зэрэг олон талаас өнөөдөр Монгол Улс дахин өөрийн байр сууриа илэрхийлэх, цаашдын бодлогоо тодорхойлох цаг нь болсон гэдэг дээр  хаа хаанаа санал нэгдэж байх шиг байна.

Олон нийт, төр засаг ч гэсэн өөрсдийн байр сууриа тодорхой болгож, чиглэлээ тодорхой болгох ёстой. Яригдаж байгаа зүйл нь өөрөө хоёр талтай ойлголтууд яваад байх шиг. ШХАБ-д элсэх асуудал нь хэн нэгний хүсэл, хоёр талцаж, аль нэг тал нь дийлэх, давамгайлах гэсэн зүйл байхгүй. Юуны төлөө Монгол Улс төр засагтай байгаа билээ, ард түмнээсээ асуух, олон нийтийн саналыг тусгаж, төрийн өндөр түвшинд энэ нь Монголын  эрх ашигт нийцэж байна гэдэг шийдвэрийг гаргах ёстой юм. УИХ олон талаас нь хаалттай горимоор мэдээлэл сонссон. Засгийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөр хэлэлцүүлж, эцсийн шийдвэрийг гаргана. Энэ асуудал нь аль нэг тал нь ялдаг бус, хууль ёсны хамгийн зөв шийдвэрээ гаргах ёстой. Энэ асуудал дээр хэн нэгэн ялсан, буруу, зөрүү гэх нь буруу ойлголт юм.

-ШХАБ-д элсэх нь зөв юм уу, буруу юм уу. Зарим судлаачийн зүгээс эдийн засгийн хувьд бидэнд маш том боломж ирнэ гэж байгаа ч нэг хэсэг нь элсэх шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийлэх юм?

-10, 15 жилийн өмнө бүс нутгийн байдал өөр байсан. Энэ бүст болж байгаа бүх үйл явдлаас харж байхад өнөөдөр маш том өөрчлөлт орж байна. Энэтхэг, Пакистан хүртэл ШХАБ-д элсч байгаа нь тохиолдол биш юм. Гэтэл бид үүдний өрөөнд мэдээлэл сонсоод, хүлээгээд суух биш дахин сайн бодож, цаашдын энэ процесст ажиглагчийн байр сууринаас бус чиглүүлэгч, оролцогчийн байр сууринаас хандаж, эрх ашгаа ШХАБ дотор оруулж, идэвхтэй байр сууринаас хандах уу гэдгээ бид өнөөдөр шийдэх гэж байна. Өмнө нь бол ШХАБ-д элсэхэд сул талууд бол байсан. Энэ байгууллагад байдаг улсуудын нийгмийн байгууламж нь өөр, удирдагчдын хувьд бүрэн ойлголцолгүй, цаашид ажиллах механизм нь өөр, Монгол Улс ШХАБ-д ороод ганцаардах вий гэсэн болгоомжлол байсан. Энэ бүх сул тал өнөөдөр бүдгэрчихсэн байна.

-Саяхан Ерөнхий сайд ОХУ-д хийх айлчлалаа цуцалсан. Өмнө нь БНХАУ-д айлчлахад нь дотооддоо учраа ол гэдэг зүйлийг хэлж байсан гэсэн. Ер нь Монгол Улсын гадаад бодлого хаашаа чиглэж байна вэ. Бид дэлхий нийттэй ижил дүрмээр тоглох гээд байна уу эсвэл тойргийн гадна үлдээд байна уу?

-Монголын гадаад бодлого хувь хүнээс шалтгаалахгүй л дээ. Сайн хүмүүс гадаад бодлогыг зангидвал нааштай үр дүн гарна. Гадаад бодлогыг үр дүн муутай хүн зангидвал улсын эрх ашиг хохирч байгаа юм. Гэхдээ маш хэцүү байдалд орж, орвонгоороо эргэнэ гэж бол байхгүй шүү дээ. Монгол төрийн дээд албан тушаалд хэн ч байсан гадаад бодлогодоо маш идэвхтэй байх ёстой. Яагаад гэвэл олон улсад ёс ёмбогор, төр төмбөгөр гэсэн хатуу дүрэм, хууль үйлчилдэг.

 Идэвхтэй хүн улсынхаа эрх ашгийг урагшлуулна, идэвхгүй хүн бол байдал хэвийн үргэлжилж, тохиолдлыг л хүлээнэ. Мэдээж идэвхтэй байх ёстой гээд гадаад яваад, мөнгө үрээд явах ёстой гэсэн үг биш юм. Манай төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад зардал маш өндөр байна. Маш том бүрэлдэхүүнтэй, зардал өндөртэй гадаад, дотоодын олон хуралд оролцож байгааг идэвхтэй гэж хэлж болохгүй юм.

Бид өөрсдийнхөө асуудлыг шийдэхийн тулд чухал хурал, уулзалтуудад цомхон бүрэлдэхүүнтэй, үр дүнтэй айлчлалуудыг хийх ёстой. Яг одоогийн нэг удаагийн гадаад айлчлалын зардлаар хамгийн багадаа 10 удаа явах тийм хэмжээний өндөр зардал гаргаж байгаа юм. Түүний оронд бүс нутаг, хөрш орнууддаа уйгагүй явж, үр дүнтэй уулзалтууд хийх ёстой юм. Гэтэл бид гадаад айлчлал хийхдээ том том нөхцөл тавьж байгаа нь өөрөө маш асуудалтай, нөгөө талдаа маш буруу сигнал өгч байна л гэсэн үг юм. Аль болох бага зардлаар, илүү их үр дүнд хүрэх чиглэлд л явах ёстой юм. Түүнээс болж үл ойлголцлууд бодитойгоор гарч ирээд  байгаа юм.

-Сүүлийн өдрүүд ШХАБ-тай зэрэгцэн хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, 80 хувьд нь олгох асуудал нилээн маргаан дагууллаа. МАН-ын гишүүдийг ч хооронд нь толхилцуулчихлаа. Зарим гишүүний зүгээс Ардчилсан нам шоу хийж байна гэж шүүмжлэх юм?

-Хүүхдийн мөнгийг анх Ардчилсан нам санаачилсан. Тухайн үедээ сонгуулийн үед санаачилсан нь харамсалтай. Ямар ч сонгуульгүй, улс төргүй явах ёстой зүйл бол хүүхдийн мөнгө. Энэ асуудлыг эргүүлээд улстөржүүлчихлээ. Аль аль намынх нь мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох төслийг санаачлан оруулж ирсэн. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон, нам бус хүн учраас дараа нь хүүхдийн мөнгөний асуудлыг улстөржүүлэхгүй, аль нэг нам нь булаацалдахгүй гэж үзэж, УИХ-д өргөн барьсан. Энэ бол маш зөв гарц байсан.  

МАН-ын Засгийн газраа унагасан олон тэрбумын концессын хажууд энэ бол маш бага мөнгө. ОУВС-гийн нэр бариад л худлаа яриад байх. Тэдний зүгээс ямар нэг нөхцөл тулгаж байгаа зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Ийм сайхан боломжийг МАН ашиглахгүй, харин ч хүүхдийн баярын өмнө хүүхдүүдээ гомдоолоо. Энэ хүүхдийн мөнгөний асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана, МАН гарцаагүй ялагдана. Яагаад гэвэл эд нар 80 хувьд л олгоно гэсэн бүхэл тоо тавьсан. Тэгэхээр 20 хувийг нь хохироож, хувааж байна.

Хэрэв МАН 79,3 хувь нийт хүүхдүүдийн тэд нь гэдэг байдлаар яг хэдэн хүүхдэд олгох бодит тоогоо оруулж ирээгүй. Энэ өөрөө маш хор уршигтай, болохгүй зүйл. Гэтэл МАН амьжиргааны түвшингээс доогуур орлоготой хүүхдүүд буюу зорилтот бүлэг гэж яриад байгаа. Гэтэл судалгаа хийсэн бол нийт хүүхдүүдийн тэд нь хүүхдийн мөнгө авах шаардлагатай байна гээд баталж байгаа бол яах ч аргагүй. Гэтэл шийдвэрээ багцаалж, бөөрөнхийлөөд 80 хувьд гээд батлуулчихлаа. Таван хүүхдийн нэгийг ямар ч хамаагүй шалтгаанаар хассан буруу шийдвэр гаргалаа. Хэрэв халамж өгөх гэж байгаа бол хувьчлах биш тоо тавих ёстой.

-Та сүүлийн хэд хэдэн чуулган дээр энэ парламент хэлэлцэх асуудалгүй, хийх юм аа олж ядсан, цаг нөхцөөсөн байдалтай хандах боллоо гэсэн шүүмжлэлийг хэлж байсан. Ер нь энэ хаврын чуулган үр дүнтэй ажиллаж чадахгүй байна гэсэн үг үү?

-Би бол сонгогчдоосоо итгэл хүлээж гарч ирсэн. Хан-Уул дүүргийн сонгогчид маань намайг анх сонгохдоо өөрсдийн асуудлаа шийдвэрлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоотой байлгах гэж сонгосон. Би анх гишүүн болоод Газар өмчлөлийн тухай хууль өргөн  барьж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ хуулийг хэлэлцээгүй байна. Ард түмнээ газар олголтоор ялгаварлан гадуурхсаар байх юм уу, үгүй юм уу гэдгээ энэ парламент ярих ёстой. Мөн өнгөрсөн УИХ-ын үед Гэр хорооллын хөгжлийн хуулийг өргөн барьж байсан. Өнөөдөр гэр хорооллыг хөгжүүлж чадвал Монгол Улс хөгжинө.

Бид Төрийн ордонд суучихаад бзх проблемийг өөрсдийн ойлголтоор яриад байгаа юм. Утаа, хөрсний бохирдол, түгжрэл, ядуурал, ажилгүйдэл зэргийн шалтгаан нь гэр хороолол. Гэр хороолол бол Монголын ирээдүйтэй хөгжлийн үндэс. Түүнд чиглэсэн хуулийг ч хэлэлцэхгүй байна. Мөн нийгэмд шударга ёс байхгүй байна гэдэг ч үнэнийг илчилдэг хэвлэлийнхнийг хамгаалах хуулийг батлах ёстой.

Шударга үнэнийг хэлснийхээ төлөө хамгаалуулахын тулд авлига авсан нь айх, шударга бус нь арилж, цэвэрших хэвлэл мэдээллийн тухай хуулиа батлах ёстой. Гэх мэтчилэн нийгэмд хэрэгтэй, ард түмэнд чиглэсэн хууль тогтоох байгууллага нь чухал хуулиудаа огт хэлэлцэхгүй байна. Долоо хоногт хоёр хуралддаг чуулган нэг өдрөө хэлэлцэх асуудал нь дуусч байна гэдэг чинь юу гэсэн үг вэ.

Монгол Улсад Их хурлын нэг минутад хэдэн сая төгрөг ард түмэн зарцуулж байна вэ. Би бол үнэхээр гасалж байна. Хэлэлцэх асуудалгүй гээд хуралдахгүй, хэлэлцэж байгаа асуудал нь дандаа ээлж хүлээсэн, аргацаасан, нэг хүнд, улсын хөгжилд наалдацтай зүйл тун ховор. Мэдээж баталж байгаа хуулиуд хэрэгтэй ч хамгийн аминд тулсан, тулгамдсан асуудал биш юм. Ирэх намрын чуулган төсвөө хувааж, төсөв дээрээ зодолдсоор байгаад л дуусдаг.

Аягүй бол Засгийн газрынхаа хэдэн сайд нарыг огцруулах, бүхэлд нь огцруулах гээд ажил явахгүй. Дараагийн жил нь сонгуулийн өмнөх жил гээд сонгууль тойрсон зодоон болоод өнгөрнө. Энэ чуулганы ганц сар хүрэхгүй хугацаанд иргэнд чиглэсэн, нийгэмд тулгамдсан олон асуудлыг хэлэлцэж чадахгүй байсаар дуусах нь. Сар орчмын хугацаа л үлдэж, өнгөрлөө л дөө. Хамгийн үр дүнтэй ажилладаг цагийг ашиглаж чадалгүй, ямар ч үр дүнгүй л завсарлах гэж байна л даа.

-АН-ын бүлгээс Засгийн газрын хоёр сайдад хариуцлага тооцох шаардлага хүргүүлсэн ч Засгийн газар хүлээж аваагүй. Бүлгийн зүгээс энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана гэсэн. Хоёр сайдын асуудлаар Цэцэд хандах үндэслэл бий юу?

-Засгийн газар хоёр сайдаа огцруулаагүй, хариуцлага тооцоогүй учраас бүлгийн зүгээс Үндсэн хуулийн Цэцэд хандана гэсэн. Одоогоор Хуулийн хэлтэс энэ асуудлыг бэлтгэж байгаа байх.