Бүх салбарт мөрдөгдөж байгаа зардлын норм, норматив, стандартыг шинэчлэх ажлыг зохион байгуулахыг дэмжлээ
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2018.06.05

Бүх салбарт мөрдөгдөж байгаа зардлын норм, норматив, стандартыг шинэчлэх ажлыг зохион байгуулахыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.05) хуралдаан 11 цаг 21 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэйгээр эхэллээ.

"Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Тогтоолын төсөлд “Бүх салбарт мөрдөгдөж байгаа зардлын норм, норматив, стандартыг валютын ханш, зах зээл дэх бараа, ажил үйлчилгээний үнийн өөрчлөлт, техник, технологийн дэвшлийг үндэслэн шинэчлэх ажлыг зохион байгуулах, урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн хяналт хийхэд эдгээр норм, норматив, стандартыг хэрхэн ашиглах талаар холбогдох хуульд заасан журам, зааврыг баталж мөрдүүлэх, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газрын тэргүүнд даалгахаар тусгажээ. 

Ажлын хэсгийн зүгээс тогтоолын төслийн хоёрдугаар заалт буюу “Монгол Улсын 2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа Төсвийн тухай хуульд нийцүүлэн баталсан зураг, төсөвгүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг тусгахгүй байх зарчмыг мөрдлөг болгох” гэснийг татаж авлаа.  

Иймд Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан "Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн 81.8 хувь нь дэмжив.