Содбаатар.Я Ганбаатар.Ж 2018.06.05 | МҮОНТВ

Монголын ЖДҮ үйлчилгээ эрхлэгчид тогтвортой, цогц бодлого хүсч байна

Монголын ЖДҮ үйлчилгээ эрхлэгчид тогтвортой, цогц бодлого хүсч байна

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо /БДХ/-ноос “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форумыг зохион байгууллаа. “Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих” тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санаа бодлыг сонсох, хууль тогтоогчдод хүргэх зорилгоор энэхүү форумыг тус холбоо зохион байгуулжээ.

Тус форумд хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, ажлын хэсгийн гишүүн Я.Содбаатар, М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат нар хүрэлцэн ирснээс гадна ХХААХҮЯ-ны зарим газар хэлтсийн дарга мэргэжилтнүүд ирж дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн жижиг дунд, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл 300 хүн оролцож жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд тулгамдаж байгаа асуудал, шийдэл гарцын тухай санал бодлоо идэвхтэй илэрхийллээ. Хамгийн түрүүнд жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид 800 гаруй мянган ажлын байр бий болгодог энэ том салбарыг тогтвортой, цогц бодлогоор удирдахыг төрийн төлөөлөлд хатуухан санууллаа.

1990 оноос хойших 20 гаруй жилийн хугацаанд ЖДҮҮ-ний салбарыг дэмжих тухай төрийн бодлогод туссаар ирсэн ч энэ нь цогц бус ор нэр төдий явж ирсэн. Тухайлбал төр зөвхөн нэг хэсэгт нь хөнгөлөлттэй зээл өгөөд орхидог биш борлуулалт, татварын бодлого зэргээр нь зэрэг дэмждэг байхыг хүслээ. Мөн эргээд тухайн зээлийн хэрэгжилтэнд бүх шатанд хяналтаа тавьж, олон нийтэд зээлийг хэрхэн олгосон  дэмжсэн, хэр амжилттай хэрэгжиж байгаа зэрэг мэдээллийг нээлттэй өгдөг байхыг тэд шаардаж байлаа.

ЖДҮҮ-ний салбар нэгдсэн бодлогогүй, хийе, бүтээе гэсэн хүсэл тэмүүлэлтэй цөөн тооны үйлдвэрлэгчдийн нуруун дээр дэн дунтай урагшилж байгаад үйлдвэрлэгчид гомдолтой байлаа. Тиймээс ЖДҮҮ-ний салбар үе үеийн ЗГ-ын үзэмжээр урагшилдаг салбар биш алсыг харсан цогц, тогтвортой бодлоготой Монгол улсын хөгжлийн нэг жигүүр болж хүчтэй хөгжих цаг ирсэн гэж форумд оролцогчид дуу нэгтэй ярьж байлаа. Энэ мэтээр форумын үеэр амьдралаас урган гарсан бодитой олон санал гарсан. Үүнийг “Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаж өгөхийг эцэст нь тэд хүслээ. Эдгээр саналыг УИХ-д уламжилж өгөхөө хүрэлцэн ирсэн гишүүд амласнаар форум өндөрлөлөө.