Б.Баттөмөр Ж.Ганбаатар Г.Занданшатар 2018.06.05 | УИХ-ын гишүүний Ажлын алба

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.05) хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв.

Төслийн талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Одоо мөрдөгдөж буй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 24 жилийн өмнө батлагдсан байна. Энэ хугацаанд нийслэлийн нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн байдал, хүн амын тоо асар их өөрчлөгдсөн гэдгийг тэрбээр дурдав. Судалгаагаар нийслэлийн хүн амын тоо 1.5 саяд хүрсэн бөгөөд олон хүн амтай дэлхийн хотуудын жагсаалтын 400-д бичигдэж байгаа аж. Нийслэлд хөдөлмөрийн насны иргэд 981.256 амьдарч байгаа, улсын ДНБ-ий 65 орчим хувь нь нийслэлд үйлдвэрлэгдэж, нийслэлийн ДНБ-ий хэмжээ 15.7 их наяд төгрөгт хүрээд байгаа аж. Мөн Монгол Улсад бүртгэлтэй 145.080 аж ахуйн нэгжийн 72 хувь буюу 104.477 аж ахуйн нэгж нийслэлд бүртгэлтэй байдаг аж. Улаанбаатар хот бол есөн дүүрэг, 152 хороотой. Хотын төвлөрөл их, хүн амын огцом өсөлттэй уялдуулан дээрх хуулийг шинэчлэн найруулах шаардлага үүссэн бөгөөд нийслэлийн хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, аж үйлдвэр, аялал жуулчлалын олон улсад өрсөлдөх чадвартай, нээлттэй, иргэд олон нийтийн оролцоонд тулгуурлсан сайн засаглал бүхий томоохон хот болгох зорилтыг дэвшүүлээд байгаа юм байна.

Хүн амын огцом өсөлтөөс үүдэн хот төлөвлөлт, хүрээлэн буй орчны асуудал хүндрэлтэй байгаа бөгөөд зохион байгуулалтгүй суурьшлын бүс олноор бий болж, нийслэл төлөвлөлтгүй өргөжин тэлж байгаа нь гэмт хэргийн эрсдэл, замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байгааг дурдав. Түүнчлэн соёл, боловсрол, эрүүл мэнд, халамжийн үйлчилгээ гээд хүн ам зүйн бүхий л харилцаанд хүндрэл үүсгэж байгаа учир төрөөс оновчтой бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага үүссэн болохыг ЗГХЭГ-ын дарга танилцуулагадаа дурдсан. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Ганбаатар, Б.Баттөмөр, Т.Аюурсайхан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа.

Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт автомашины 75 орчим хувь нь нийслэлд замын хөдөлгөөнд оролцдог, тэдгээрийн 80 орчим хувь нь Бага тойруу, Их тойруу орчмын авто замаар зорчдог талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гишүүдэд танилцууллаа. Дээрх байршилд нэг өдөр хөдөлгөөнд оролцож буй 300-400 мянган автомашины хөдөлгөөнийг зохицуулах нь Замын цагдаагийн газарт амаргүй байдаг. Иймд хотын авто замын төлөвлөлт, стандартыг тодорхойлох нь зүйтэй хэмээн үзэж төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Улсын хэмжээнд авто зам барих стандарт нэг байгаа учир ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, дугуйн зам гэх мэт нийслэлийн авто замын шаардлага, онцлогийн талаар тусгайлан томъёолж, төсөлд тусгасан байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн 5, 6 дугаар бүлгүүдэд нийслэлийн авто зам, тээвэртэй холбоотой зохицуулалтуудыг тусгасан бөгөөд энд хурдны зам, төлбөртэй зам, автотээврийн терминал зэрэг ойлголтуудыг томъёолсон байгааг тэрбээр тайлбарласан. Нийслэлийн эрх зүйн байдал нь үүсээд буй олон асуудлыг шалтгаан бөгөөд хуулийн төсөл батлагдан, хууль хэрэгжих өдрөөс эхлээн тэдгээрийг засах, сайжруулах, шийдвэрлэх ажлууд эхэлнэ гэв.

Нийслэлийн авто замын засвар арчилгааны асуудлаар тодруулсан Б.Баттөмөр гишүүний асуултад тэрбээр хариулт өгсөн. Дэлхийн улс орнууд авто замын арчилгаа, засварын зардлаа хураамжаараа нөхдөг жишиг бий, нийслэлийн авто зам ашигласны хураамж одоо 38 тэрбум төгрөг хуримтлагдсан бөгөөд үүгээр засвар, арчилгаа, бүтээн байгуулалтаа бололцоогоороо шийддэг гэдгийг Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэллээ. Иргэдэд чанартай авто замаар зорчих нөхцөл бүрдүүлэхийн тулд зайлшгүй төлбөртэй авто замын дэд бүтцийг нэвтрүүлэх шаардлага байгааг тэрбээр дурдаж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зорчигч тээврийн үйлчилгээг хүргэхийн тулд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх чиглэлээр парк шинэчлэл, авто замын бүтээн байгуулалтууддаа анхаарч байгаа гэв. Төслийн хэлэлцүүлгийн явцад олон нийтийн анхаарлыг татахуйц байдлаар хөндөгдсөн газрын талаарх асуудлаар мөн тайлбар өгсөн. 2002 онд батлагдсан Газрын тухай хуульд гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс хүсэлт гарган 5 жилийн хугацаатай газрыг ашиглаж болно гэсэн заалттай бөгөөд ингэхдээ дуудлага худалдаагаар эрхээ авна гэдэг заалттай. Одоо мөрдөгдөж буй энэ хуулийн энэ заалт дээр энэ төслийн хүрээнд “биржээр дамжуулж” гэдэг үгийг нэмэхээр тусгасан. Харамсалтай нь үүн дээр улс төрийн өнцгөөр хандах, олон нийтэд буруу ташаа мэдээлэл түгээх асуудал үүсээд байгааг тэрбээр тайлбарласан. Төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцад холбогдох саналуудыг тусгах боломжтой гэдгийг мөн хэлсэн. Ийнхүү асуулт, хариултын дараа Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.