С.Амарсайхан: 100 айлын үйлдвэрүүдийг үйлдвэр технологийн парк руу шилжүүлнэ
2018.06.06

С.Амарсайхан: 100 айлын үйлдвэрүүдийг үйлдвэр технологийн парк руу шилжүүлнэ

Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан 100 айл дахь барилгын материалын зах болон төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нүүж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын явцтай танилцлаа.

-СУУРЬШЛИЙН БҮС, ҮЙЛДВЭРИЙН БҮСЭЭ ЯЛГАЖ САЛГАХ ЦАГ БОЛСОН ГЭЖ ОЛОН ЖИЛ ЯРИЛАА-

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Энд зөвхөн 100 айлын хэдэн худалдааны төвийн бизнес эрхлэгчдийн асуудал яригдаж байгаа юм биш. 2008 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөө өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Энд 12 мянган айл өрхийн орон сууц баригдах байсан ч, арван жилийн дараа буюу өнөөдрийн байдлаар аравхан хувьтай хэрэгжсэн байна. Түүнчлэн энэ хавийн айл өрхүүдийн амьдрах орчин нөхцлийн сайжруулах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг арай өөр төвлөрсөн орчинд явуулах газрыг бүрдүүлнэ. Энэ оны нэгдүгээр улиралд батлагдсан тогтоол шийдвэрийн дагуу ажлаа явуулж байна. Энд олон үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг. Суурьшлийн бүс, үйлдвэрийн бүсээ ялгаж салгах цаг нь болсон гэж олон жил ярилаа. Үйлдвэрүүдийг, үйлдвэр технологийн парк руу шилжүүлэх, төвлөрсөн цэгт үйл ажиллагаа явуулах орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс үйлдвэр технологийн паркийн зам дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн ярилаа.

niislel

-ИРГЭД 100 АЙЛЫГ БҮХЛЭЭР НЬ НҮҮЛГЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ 
ОЙЛГОЛТТОЙ БАЙДАГ- 

НМХЕГ-ын ажилтан н.Даваацэрэн хэлэхдээ “НМХЕГ-аас 100 айл орчимд хяналт шалгалт хийж, гурван төрлийн зөрчил илрүүлсэн. Автозамын зорчих хэсэгт буюу нийтийн эзэмшлийн талбайд худалдаа үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгжүүд олон байна. Автозамын дагуу зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй нийт 37 ТҮЦ болон павилон бий. Мөн 70 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас чулуу болон төмрийн 26 үйлдвэр байна гэсэн тооцоо гарсан. Харин ил задгай худалдаа эрхлэгчдийг шаардлагын дагуу нүүлгэсэн. Нийслэлийн газрын албатай хамтран 46 байгууллагад өмчилсөн болон эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашиглах шаардлагыг тавьж байгаа. Суурьшлын бүсэд хориглосон үйлдвэрлэл явуулж байгаа зөрчил их бий. Тухайлбал, чулууны үйлдвэрлэл явуулж байгаа нь тоос шороо ихээр үүсгэж байна. Мөн төмөр, мод модон бүтээгдэхүүний цехүүд болон хаалга цонхны үйлдвэрүүдэд суурьшлын бүсэд явуулж буй үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан мэдэгдэл хүргүүлээд байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар дүүргийн болон нийслэлийн прокурорт мэдэгдэж зөрчлийн хэрэг үүсгэж, үйл ажиллагааг нь хязгаарлах акт үйлдсэн. Гэтэл иргэд 100 айлыг бүхлээр нь нүүлгэх гэж байгаа юм шиг ойлголттой байдаг. Бид эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг л цэгцлэх ажил зохион байгуулж байгаа юм. Тэрнээс биш барилгын материалын худалдааны зах, төвүүдийн үйл ажиллагааг хориглох гээгүй байна” гэлээ.

Эх сурвалж: Amjilt news