C.Амарсайхан: 100 айлын иргэд газар, талбайн үнэлгээгээ одоо байгаагаас илүү өсгөх боломжтой
2018.06.06

C.Амарсайхан: 100 айлын иргэд газар, талбайн үнэлгээгээ одоо байгаагаас илүү өсгөх боломжтой

НИТХ-ын дарга С.Амарсайхан 100 айлын барилгын материалыг захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр  газар дээр нь очиж танилцлаа.

100 айлын нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга НИТХ-ын даргад  авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тухай мэдээлэл өгсөн бол НМХГ, НАЗХГ, НЕТГ, НГА, НЦГ, НОБГ-ын дарга удирдлагууд өөр өөрсдийн чиг үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа Хурлын даргад танилцууллаа.

Тус арга  хэмжээнд Ажлын хэсэгт орж ажиллаж байгаа НИТХ-ын тэргүүлэгч Б.Цолмон, төлөөлөгч Ш.Үнэнбат нар оролцлоо.

НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын БМЗ-ыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга:

"Ер нь 100 айлын барилгын материалын худалдааг нүүлгэх ажлыг бид 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  Эхний шатанд

  • УБЕГ-ын зарим чиг үүргийг дүүрэг, холбогдох цэгүүдэд шилжүүлэх,
  • Ил задгай хоол хүнс, барилгын материал болон бусад худалдааг зогсоох,
  • Стандартын шаардлага хангахгүй хоолны газар, ТҮЦ, дэлгүүрүүдийг хаах, Чулуу, будаг, төмөр, цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр зорьсон.

Та бүхэн харж байгаа байх. Одоогийн байдлаар Улсын бүртгэлийн газрын үйл ажиллагаа дүүргүүд рүү шилжиж, энэ чиглэлд замын түгжрэл багассан, мөн ил задгай худалдаа эрхлэгчид болон, үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг  бид холбогдох байгууллагуудтайгаа хамтран зогсоосон. Авто замыг өргөтгөх ажлын зураг гарч дуусаж байна, удахгүй 100 айлын уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэлх 1.6 км авто замыг  14 м өргөн, явган болон дугуйн замын шийдэлтэйгээр өргөтгөх ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна" гэлээ.  

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ:

“НМХГ-аас 100 айл орчимд хяналт шалгалт хийж, гурван төрлийн  томоохон зөрчил илрүүлсэн.

Нэгдүгээрт, Авто замын зорчих хэсэгт буюу нийтийн эзэмшлийн талбайд худалдаа үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгжүүд олон байдаг.Ийм  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй нийт 37 ширхэг ТҮЦ болон павилион бий.

Хоёрдугаарт,  өмчилсөн болон эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашиглахгүй байга зөрчил байна. 70 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас чулуу болон төмрийн 26 үйлдвэр байна гэсэн тооцоо гарсан.

Харин ил задгай худалдаа эрхлэгчдийг шаардлагын дагуу нүүлгэсэн. Нийслэлийн газрын албатай хамтран 46 байгууллагад өмчилсөн болон эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашиглах шаардлагыг тавьж байгаа.

Гуравдугаарт, суурьшлын бүсэд хориглосон үйлдвэрлэл явуулж байгаа зөрчил их бий. Тухайлбал, чулууны үйлдвэрлэл явуулж байгаа нь тоос шороо ихээр үүсгэж, дуу чимээ гаргадаг байна. Мөн төмөр, мод модон бүтээгдэхүүний цехүүд болон хаалга цонхны үйлдвэрүүдэд суурьшлын бүсэд явуулж буй үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан мэдэгдэл хүргүүлээд байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар дүүргийн болон нийслэлийн прокурорт мэдэгдэж зөрчлийн хэрэг үүсгэж, үйл ажиллагааг нь хязгаарлах акт үйлдсэн.  Ер нь иргэд 100 айлыг бүхлээр нь нүүлгэх гэж байгаа юм шиг ойлголттой байдаг. Бид чиг үүргийнхээ дагуу эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг л цэгцлэх ажил зохион байгуулж байгаа юм. Тэрнээс биш барилгын материалын худалдааны зах, төвүүдийн үйл ажиллагааг хориглох гээгүй байна” гэлээ.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ:

Төлөвлөгөөний дагуу 100 айл орчимд 12.000  айл өрхийн орон сууц баригдах байсан ч, 10 жилийн дараа буюу өнөөдрийн байдлаар аравхан хувьтай хэрэгжсэн байна. 

“Энд зөвхөн 100 айлын хэдэн худалдааны төвийн бизнес эрхлэгчдийн асуудал яригдаж байгаа юм биш. 2008 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөө өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна.

Уг нь энэ төлөвлөгөөний дагуу 100 айл орчимд 12.000  айл өрхийн орон сууц баригдах байсан ч, 10 жилийн дараа буюу өнөөдрийн байдлаар аравхан хувьтай хэрэгжсэн байна.

Цаашдаа бид хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөний дагуу ажиллаж  Нийслэл хотоо хөгжүүлэх боломжтой. Түүнчлэн энэ хавийн айл өрхүүдийн амьдрах орчин нөхцлийн сайжруулах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг арай өөр төвлөрсөн орчинд явуулах, газар талбайн асуудлыг нь шийдэж өгөх  гэх мэтээр иргэд, бизнес эрхлэгчид, түрээслэгчдийн бүх талын эрх ашгийг хамгаалсан, оролцоог нь хангасан байдлаар асуудыг нь шийдвэрлэхээр НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол шийдвэр гараад хэрэгжээд явж байгаа.

Цаашдаа бид энэ орчмын зам дэд бүтцийг нь сайжруулах, орон сууцны VII хорооллын төслийг хэрэгжүүлэх, сонгон шалгаруулалтыг түргэвчлэх арга  хэмжээг авч хэрэгжүүлээд явна.

Түүнчлэн энд хүний эрүүл мэндэд хор хохирол учруулахуйц олон үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг. Суурьшлын бүс, үйлдвэрийн бүсээ ялгаж салгах цаг нь болсон гэж олон жил ярилаа. Үйлдвэрүүдийг, үйлдвэр технологийн парк руу шилжүүлэх, төвлөрсөн цэгт үйл ажиллагаа явуулах орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс үйлдвэр технологийн паркийн зам дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл иргэд, өөрийн эзэмшлийн газар, талбайн үнэлгээгээ одоо байгаагаас илүү өсгөх боломжтой

Цаашдаа 100 айл орчимд амьдарч байгаа иргэд газар  талбай дээрээ орон сууц, өндөр зэрэглэлийн байшин барилга бариад газар талбайнхаа үнэ цэнийг өсгөж, тэр хэмжээгээр хотын өнгө үзэмжинд хувь нэмрээ оруулж,  та бидний амьдрах орчин сайжирна гэдгийг ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл иргэд, өөрийн эзэмшлийн газар, талбайн үнэлгээгээ одоо байгаагаас илүү өсгөх боломжтой" хэмээн хэвлэл мэдээллийнхэнд хандан хэллээ.

Үүний дараагаар НИТХ-ын дарга С.Амарсайхан болон албаны хүмүүс хамтдаа Барилгын материалын худалдаа эрхлэгчидтэй газар дээр нь уулзаж, санал солилцлоо.

Сантехникийн худалдаа эрхлэгч С.Энх-Амгалан "С.Амарсайхан даргын шийдвэрийн дагуу энэ хавар комисс ажилласан. Эхний ээлжинд ажлын үр дүн харагдаж байна. Гадуур хөл гишгэх зайгүй байдаг байсан ил задгай худалдаа шил, лангуу, тавиур бүгд байхгүй, чөлөөтэй болсон.

Гол нь хотын захиргааны байгууллага, худалдаа эрхлэгчид хоёр талаасаа ойлголцож, хамтран ажиллаж чадвал үр дүн гарах юм байна гэж харж байгаа. гадаад паспортын хэлтэс нүүсэнтэй холбоотойгоор 100 айлын ачаалал эрс багассан" гэдгийг дурьдлаа.

100 айл орчимд өргөтгөл хийгдэх авто замын зураг, ерөнхий төлөвлөгөөний зурагтай НИТХ-ын дарга С.Амарсайхан танилцаж, холбогдох албан тушаалтнуудад  үүрэг чиглэл өглөө. Мөн тэрээр өөрт нь хандан хүсэлт илэрхийлсэн иргэд,  бизнесмэнүүдийн хүсэлтийг сонсож, газар дээр нь НМХГ, НГА, НЕТГ-ын удирдлагуудтай холбож, хуулийн хүрээнд шийдвэрлэхийг уламжиллаа