С.Чинзориг 2018.06.06 | medee.mn

С.Чинзориг: Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудлаар ОУВС-тай зөвшилцөнө

С.Чинзориг: Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудлаар ОУВС-тай зөвшилцөнө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрээр “Засгийн газрын хуралдаанаар манай салбартай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр  буюу зургадугаар сарын нэгэнд  ХНХЯ-ны харьяа “Өнөр бүл” хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тус төвд 185 хүүхэд амьдарч байгаа.  Энэ төвд бүтэн өнчин, эцэг эх байх эрхээ хасуулсан өрхийн хүүхдүүд, аав, ээж нь хорих ангид ял эдэлж байгаа зэрэг айлын хүүхдийг асран хүмүүжүүлдэг. Ерөнхий сайдыг тус төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой 100 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан.

Ингээд Ерөнхий сайд уг асуудлыг шийдвэрлэж өгөхөө хэлсэн юм. Үүний дагуу өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар “Өнөр бүл” хүүхдийн төвийн барилгын дээврийг засахад шаардлагатай байгаа хөрөнгө, олон жил хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн 22 сая төгрөг зэрэгт нийт 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. Мөн 185 хүүхэд дотор тусгай асаргаа шаардлагатай, сэтгэцийн өөрчлөлттэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй нэг дор байх нь стандартын шаардлага хангахгүйгээс гадна үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм.

Тиймээс Засгийн газрын хуралдаанаар “Өнөр бүл” хүүхдийн төвд байгаа тусгай асаргаа шаардлагатай хүүхдүүдэд зориулсан тусгай асрамж, халамжийн төв байгуулах асуудлыг судлах, шаардлагатай хөрөнгийг 2019 оны төсвийн төсөлд тусгахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Мөн Ерөнхий сайд Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэм” асрамж, халамжийн төвийн үйл ажиллагаатай  танилцсан. “Эрдэм” асрамжийн төвийг хувийн хэвшлийн байгууллага ажиллуулдаг. Үйл ажиллагаа явуулж байгаа барилга нь нийслэлийн өмчийн харьяанд байдаг.

Нийслэлийн өмчийн газраас уг барилгыг Нийслэлийн өмчид буцааж авах асуудлыг хөндөх болсон. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар уг барилгыг “Эрдэм” төв шилжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Засгийн газрын хуралдаанаар тархины саажилттай хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгийн барилгыг барихад шаардагдах 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг 2019 оны төсвийн төсөлд тусгаж, энэ цэцэрлэгийг орчин үеийн шаардлагад нийцсэн барилгатай болгоход анхаарах шаардлагатай боллоо” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-УИХ-аас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор тогтоол баталсан. Хүүхдийн мөнгөнд хамрагдсан 20 хувьд хэзээнээс олгох вэ?

-Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор тогтоол баталсан. Хүүхдийн мөнгөнд хамрагдах 20 хувьд дөрөвдүгээр  сарын нэгнээс тооцон олгоно. Ингэхдээ зургаан сарын хүүхдийн мөнгөн дээр нь нэмж олгоно. Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгож байгаатай холбоотой өрхийн амьжиргааны түвшний судалгаанд үндэслэнэ. Одоо үйлчилж байгаа 560 гэсэн  босго оноогоо өөрчилж 670 босго шугам татахаар ажиллаж байна. Цаашдаа эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал сайжрахтай уялдуулаад хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох амлалтаа хэрэгжүүлнэ. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан байгаа. Энэ оны төсөвт нийт хүүхдийн 60 хувьд олгохоор туссан. Эдийн засгийн өсөлт нэмэгдсэн,төсвийн орлого давж биелсэнтэй холбоотойгоор хүүхдийн мөнгийг хамрах хүрээг тэлж, 20 хувийг хамруулан, нэмж байна. Ирэх оноос бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллана.

-Хэзээнээс бүх хүүхэд хүүхдийн мөнгө авч эхлэх вэ?

-Ирэх наймдугаар сарын нэгнээс ОУВС-гийнхан ирж ажиллана. Энэ үеэрээ хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох асуудлаар дахин хэлэлцээр хийхээр бэлтгэл хангана ажиллаж байна. Ингээд ирэх оны улсын төсөвт хүүхдийн мөнгийг 100 хувь олгох чиглэлээр Засгийн газар ажиллаж байна.

-Хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны мэдээллийн санд хамрагдсан айлын хүүхдүүдийн 80 хувьд олгож байгаа. Энэ өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдаагүй айлын хүүхдүүд яаж олгох вэ?

-Хүүхдийн мөнгө олгох журмыг Засгийн газар баталсан. Энэ хүүхдийн мөнгийг олгох журмын дагуу зайлшгүй Өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдсан байх ёстой. Одоогоор 100-гаад мянган хүүхэд өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдаагүй гэсэн тоо байдаг. Энэ айл өрхүүд өөрсдөө материалаа бүрдүүлээд өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдах хэрэгтэй. Ингээд  босго оноондоо багтаж байгаа бол хүүхдийн мөнгө авах эрх нь нээлттэй байгаа. 

-Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгохдоо, хүүхдийн мөнгөнд хамрагдаагүй 40 хувийн  мөнгийг амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд хүнсний талон болгон тараана гэж байсан.  Тэгэхээр хүнсний талоныг үргэлжлүүлэх олгох уу, эсвэл?

-Өнгөрсөн 2017 оны төсөвт тодотгол хийхдээ хүнсний талонд хамрагдаж байгаа иргэдийн хамрах хүрээг нэмсэн. Ядуурлын төвшин нэмэгдэж байгаатай холбоотой хүнсний талонд хамрагдаж байгаа иргэд хоёр дахин нэмэгдсэн. Мөн нэг иргэнд очиж байгаа тэтгэмжийн хэмжээ 20 хувиар нэмэгдсэн. Хүнсний талонд хамрагдаж байгаа иргэд батлагдсан журмынхаа дагуу оноогоо аваад явах юм.