Н.Цэрэнбат 2018.06.05 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Манай улсад аюултай хог хаягдлыг технологийн дагуу цуглуулж, булшлах бүсийг бий болгох нь чухал

Манай улсад аюултай хог хаягдлыг технологийн дагуу цуглуулж, булшлах бүсийг бий болгох нь чухал

“Төв Азийн орнуудын хими, биологийн хог хаягдлын менежментийг сайжруулах замаар аюулгүй байдлыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэгчдийн анхны зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад Био аюулгүй байдлыг хангах үндэсний хороо, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Нийслэлийн захирагчийн алба, хотын захиргаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, хог хаягдлын менежментийн чиглэлээр ажиллаж буй аж ахуйн нэгжийн төлөөлөл болон Европын холбооны хими, биологи, цөмийн эрсдлийг бууруулах санаачилгын бүсийн төслийг хэрэгжүүлэх зөвлөх багийн төлөөлөгчид оролцож байгаа. Мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат уулзалтыг нээж үг хэлсэн. Тэрээр манай улсын одоогийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад анхаарч ажиллахыг хүсээд яамны зүгээс идэвхтэй хамтран ажиллана гэдгээ онцлон хэллээ.

Уг төслийн хүрээнд хими биологи, электрон хог хаягдлын менежментийг сайжруулах, тусгай хогийн цэг байршуулж, газар зүйн мэдээллийн системд оруулах зэрэг ажлуудыг хийхээс гадна эрх зүйн орчинг сайжруулахад анхаарч ажиллана. Ингэснээр аюултай хог хаягдлын нэгдсэн цэгтэй болж, хадгалалт хамгаалалтын ажил сайжрах юм.Уулзалт 6-р сарын 5-наас 7-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд зөвлөх багийн гишүүд 6-р сарын 7-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх мөнгөн усны хаягдлын агуулах, эмнэлгийн болон биологийн хог хаягдлын менежментийн байгууламж, Нарангийн энгэрийн хог хаягдлын цэг зэрэг газраар явж бодит байдалтай танилцана.

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн С.Баярхүү

-Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтын зорилго юу вэ?
-Гол зорилго нь Европын холбооны “CABICHEM” консорциумын мэргэжилтнүүд бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх төслөө танилцуулах байгаа. Мөн Монголд химийн болон биологийн хог хаягдлын менежментийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тулгамдсан асуудал болон туршлагын талаар хэлэлцэх зорилготой зохион байгуулагдаж байна.

-Төслийн хүрээнд голчлон юуг анхааран үзэж, ямар үр дүн гарна гэж үзэж байна вэ?

– Аюултай хог хаягдлын байгууламж, устгалын цэгийн асуудал нь манай улсад тулгамдаж буй асуудлын нэг. Үүнийг шийдэхийн тулд олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай. Шийдэж чадаагүй олон асуудал энэ төслөөр дамжин шийдвэрлэгдэнэ.