Ө.Энхтүвшин 2018.06.07 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Баяр наадмын засвар, тохижилтын ажлыг ирэх сарын 1 гэхэд бүрэн дуусгахыг Шадар сайд үүрэг болголоо

Баяр наадмын засвар, тохижилтын ажлыг ирэх сарын 1 гэхэд бүрэн дуусгахыг Шадар сайд үүрэг болголоо

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал  боллоо.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулгын талаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, ерөнхий продюссер Г.Цоггэрэл нар танилцуулж, зохион байгуулах хорооны гишүүд, салбар хорооны дарга нар асуулт асууж, санал хэллээ.

Төрийн хүндэтгэлийн концертыг “Монгол орон мөнхөд бат оршиг” сэдвийн дор, төрийн шагнал хүртсэн бүтээлүүдээс толилуулахаар бэлтгэж буйгаа найруулагч хэллээ.

Засгийн газрын хуралдаанаар баяр наадмын төсвийг баталсан. Баталсан төсвийн хүрээнд засвар, тохижилтын ажлуудыг энэ оны долдугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгасан байхыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин салбар хорооны дарга нарт үүрэг болголоо. Мөн наадмын нэгдсэн хөтөлбөрийг энэ сарын 20-ны дотор бэлэн болгох, унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих стандартыг аймаг, сумдад сурталчлах, мөрдүүлж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.