Ц.Цогзолмаа 2018.06.07 | News.mn

Ирэх онуудад 142 цэцэрлэг, 97 сургууль шинээр ашиглалтад орно”

Ирэх онуудад 142 цэцэрлэг, 97 сургууль шинээр ашиглалтад орно”

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан 10 дугаар цэцэрлэгийн барилгын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “10 дугаар цэцэрлэгийн барилгын төсөв өнгөрсөн оны төсөвт суугдсан байсан ч барилгын зураг болон үнэ нь зөрснөөc үүдэж  өнөөдрийг хүртэл барилгын ажил эхлээгүй. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан тусгай сургууль, цэцэрлэг, хөгжлийн төвийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр боллоо. Ялангуяа 10 дугаар цэцэрлэгийн барилгыг зургийн дагуу  барих ажлыг шийдвэрлэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд  эмчилгээ сувилгаа, нөхөн сэргээх үйлчилгээг авах шаардлагатай байдаг. Эдгээр хүүхэдтэй багш нар нь илүү ойр ажилладаг.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг багш тэвэрч шатаар өгсөж, уруудахад хүндрэлтэй байдаг. Тиймээс тус цэцэрлэгийн  хүүхдүүдэд зориулан анх удаа цахилгаан шаттай цэцэрлэг барихаар зураг төсөлд тусгаад байна. Манай яамнаас ирэх долоо хоногтоо багтаан тендерийг нээлттэй зарлана” гэлээ.

Ирэх намар шинээр нийт хичнээн сургууль, цэцэрлэг ашиглалтад орох талаар тодруулахад тэрбээр “2017 оны төсөв батлагдах үеэр улсын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байсан. Тиймээс ихэнх баригдаж буй сургууль, цэцэрлэгийн үнийн дүнг 500-800 орчим сая төгрөг байхаар  урьдчилсан байдлаар тавигдсан. Харин үлдсэн мөнгө нь 2019 оны төсөвт үргэлжлэн суугдахаар байгаа. Тиймээс энэ оны сүүлээр нийт сургууль, цэцэрлэгийн 30 хувь нь ашиглалтад орно. Үлдсэн нь 2019-2020 оны хичээлийн жилд ашиглалтад орно. Өөрөөр хэлбэл ирэх онуудад 142 цэцэрлэг, 97 сургууль болон өргөтгөлийн барилгын үйл ажиллагаа бүрэн дүүрэн шийдэгдэнэ” гэдгийг тодотголоо.