У.Хүрэлсүх Ё.Баатарбилэг Д.Сарангэрэл 2018.06.06 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

“Сүрьеэ өвчний эрт илрүүлгийг зохион байгуулах, цаашид авах арга хэмжээний тухай” хэлэлцүүлгийг зохион байгууллаа

“Сүрьеэ өвчний эрт илрүүлгийг зохион байгуулах, цаашид авах арга хэмжээний тухай” хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Энэ удаагийн хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Сүрьеэгүй Монгол” хөтөлбөрийн хүрээнд “Глобал” сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт тус Байнгын хорооны гишүүдээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, холбогдох яамдын сайд нар, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсийн төлөөлөл оролцов.

Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн парламентчдын бүлгийн Азийн бүлгийн дарга, Австралийн парламентын бүлгийн гишүүн Уоррен Энтшээс Монгол Улсын Их Хуралд хандаж “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн парламентчдын бүлэг”-т нэгдэхийг уриалсны дагуу УИХ-ын нэр бүхий 17 гишүүн нэгдэж, “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийг 2018 оны 02 дугаар сард УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулан байгуулсан юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Сүрьеэ өвчний талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн.
Хүн амын дунд сүрьеэгийн халдвар идэвхитэй тархаж, эмзэг бүлгийн хүн амын дунд төвлөрч, тархалтын түвшин эмч нарын илрүүлж байгаа түвшингээс даруй гурав дахин өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсоныг тэрбээр онцолсон. Хүүхдийн сүрьеэгийн болон сүрьеэгийн хавьтлуудын дунд өвчлөл нэмэгдэж, зарим сургууль, албан газруудад дэгдэлт хэлбэрээр гарч байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болоод байгааг мөн тэмдэглэсэн юм.

Сүрьеэгийн эмчилгээний амжилт, эдгэрэлт жил дараалан буурч, улсын хэмжээнд 2012 онд 85,8 хувь, 2015 онд 85,1 хувь, 2016 онд 84,5 хувь болсон нь сүрьеэтэй өвчтөн эмчилгээ тасалснаас үүдэлтэй, сүрьеэгийн өвчлөл нас баралт буурахгүй байгаа нь ядуурал, ажилгүйдэл, хүн амын өсөн нэмэгдсэншилжилт хөдөлгөөн,  эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний чанартай холбоотой хэмээн дэд сайд сайд хэллээ.

Тэрбээр, "Монгол Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар 2 дахин нэмэгдүүлж, Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн түвшинд сүрьеэгийн оношилгооны чадавхийг нэмэгдүүлж, дижитал рентген аппарат, оношлуураар үе шаттайгаар хангах, олон эмийн дасалтай сүрьеэгийн эмчилгээний зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх иж бүрэн явуулын үйлчилгээг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх, сүрьэгийн тусламж, үйлчилгээнд диспансерийн хяналтын тогтолцоог бүрэн нэвтрүүлж, эмчилгээний үр дүнг сайжруулах, сүрьеэтэй иргэдийг эмчлэх, сэргээн засах болон хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв байгуулж ажиллуулах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна” гэлээ.
Манай улсад сүрьеэгийн салбарт ажиллаж байгаа ажилтнууд ажлын байранд сүрьеэгийн халдвар авах, сүрьеэгээр өвчлөх, сүрьеэгийн улмаас нас барах тохиолдол дөрөв дахин өндөр байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Сүрьеэгийн эмч, сувилагч нарын 84.3 хувь нь сүрьеэгээр өвчилсөн байна.

Түүнчлэн  эрүүл мэндийн хичээлийн зөв хөтөлбөрийг боловсруулах ажил хийгдэж байгааг дурдаад энэ бүхнийг цогцоор нь шийдэж байж хүүхдүүдэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, мөн урьдчилан сэргийлэх боломж бий болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Сүрьеэгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр, 429 дүгээр хорих анги-төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дарга, хурандаа Б.Лхагважав “Хорих анги дахь сүрьеэ өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийсэн бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчид сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа хэлж, байр сууриа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.