Б.Батзориг: Хөдөө аж ахуйн салбараа хөгжлийн тэргүүлэх салбар болгох зорилтод хөрш орны дэмжлэг чухал
2018.06.07

Б.Батзориг: Хөдөө аж ахуйн салбараа хөгжлийн тэргүүлэх салбар болгох зорилтод хөрш орны дэмжлэг чухал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын 2017 онд хүрсэн тохиролцоо ажил хэрэг болж, “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай эхэллээ.

Энэхүү цуврал арга хэмжээний зорилго нь Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх, хоёр улсын төр, засгийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжийг  хэлэлцэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн нөгөө улсын талаарх ойлголт, мэдлэгийг гүнзгийрүүлэх явдал юм.

Зургаадугаар сарын 7-ны өдөр Төрийн ордонд болсон “Монгол-Оросын санаачилга–2018” цуврал арга хэмжээний Эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг үг хэлсэн юм. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн “Монгол-Оросын санаачилга-2018" эдийн засгийн чуулга уулзалтад хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхний энэ өдрийн амрыг ирье.

Монгол Улс, Оросын Холбооны Улстай уламжлалт сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаатай байдаг. Хоёр улс 2009 оноос Стратегийн түншлэлийг хөгжүүлж эхэлснээр Монгол Улс стратегийн түншлэлийн харилцааг хамгийн анх ОХУ-тай тогтоосон билээ. Стратегийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд 2 улсын Засгийн газар энэ удаагийн “Монгол Оросын санаачилга-2018” форумын арга хэмжээг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, нийгэм, эдийн засаг, салбарын хөгжилд чухал ач холбогдолтой үйл явдал гэдгийг цохон тэмдэглэхийг хүсэж байна.

        Юуны түрүүнд та бүхэнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулья.

МУ-ын нийт газар нутгийн 73.5 хувь буюу 114.9 сая га талбайг хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлдэг. Нийт ажиллах хүчний 53.9% нь манай салбарт ажиллаж, ДНБ-ий 31.2%-ийг үйлдвэрлэж байна. 2017 оны байдлаар малын тоо 66,2 саяд хүрч, 519,7 мянган га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо тариалсан болно. Мал аж ахуйгаас 343,7 мян.тн мах, 891,5 сая литр сүү, 14,0 сая ширхэг арьс шир, 29,1 мян.тн ноос, 9,5 мян.тн ноолуур биет хэмжээгээр үйлдвэрлэсэн бол газар тариалангийн үйлдвэрлэлээс 238,1 мян.тн үр тариа, 121,8 мян.тн төмс, 82,1 мян.тн хүнсний ногоо хураан авсан болно. 2017 оны байдлаар тариалангийн эдэлбэр газар 1.050.0 мян.га талбай эзэлж байна. Үүний 50% нь тариалсан, 35% нь уриншсан, 15% нь өнжсөн болон атаршсан талбай эзэлж байна. Бид 2018 онд 538.4 мян.тн үр тариа, 171.2 мян.тн төмс, 101.9 мян.тн хүнсний ногоо хураан авахаар төлөвлөн ажиллаж байна.

Хөнгөн үйлдвэрийн салбарт нийт 2797 үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 50900 хүн ажиллаж байна. Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 821.7 сая ам.доллар. Үүнээс 390.0 сая ам.долларын бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг борлуулалтаар нь ангилж үзвэл ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 320.5 сая ам.доллар, үүнээс 304.0 сая ам.долларын бүтээгдэхүүнийг экспортолсон байна. Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 122.0 сая ам.доллар, үүнээс 29.2 сая ам.долларын бүтээгдэхүүнийг экспортолсон байна. 

Манай салбарын бодлого маш тодорхой. Бид уламжлалт мал аж ахуйг зонхилон, тодорхой тогтоосон бүс нутагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, тариалангийн бүсэд болон хот, сууринг түшиглэн эрчимсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлээ сэргээн хөгжүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр дотоодын үйлдвэрлэлээс бүрэн хангах, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

Тус салбарт Монгол Улс, ОХУ-тай дараах хамтын ажиллагааг өрнүүлж байна. Үүнд: 

“Атрын III аян”-ы хүрээнд “Газар тариалангийн техникийн шинэчлэл”, “Мал эрүүлжүүлэх” төслүүдийг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарал хандуулан хамтын ажиллагааг өрнүүлж байна. “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийн хүрээнд 2017 онд Монгол Улсын хөгжлийн банктай хамтарч ОХУ-ын Хөгжлийн банкны 10.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 19 нэр төрлийн 575 ширхэг техникийг нийлүүлсэн.

2018 онд дээрх төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд 10.0 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр 192 нэр төрлийн ХАА-н машин, техник, нийт 15.0 мянган тн хүнсний болон үрийн буудай хадгалах агуулахыг нийлүүлэхээр төлөвлөж байна.  2018 онд ОХУ-аас 8.0 мянган тн үрийн буудай импортоор авч тариаланчдад зээлээр олгоод байна.

“Мал эрүүлжүүлэх”  төслийн эхний үе шат 2011-2012 онд хэрэгжсэн. Эхний үе шатанд малыг эрүүлжүүлэх, мал эмнэлгийн албаны бэлэн байдлын чадавхийг сайжруулахад зориулан 375.0 сая рублийн үнэ бүхий 37.0 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин, ариутгал халдваргүйтгэлийн тусгай зориулалтын 22 автомашиныг тус тус нийлүүлсэн.

Төслийн II үе шат 2017-2018 онд хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд шүлхийн вакцин 4,2 сая тун вакциныг хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэхээс одоогийн байдлаар 3.6 сая тун вакциныг хүлээн аваад байна.  

Монгол Улс 2018 онд нийт 164.9 мян.тн мах экспортлох боломжтой: Үүнээс:

  • 27.9 мян.тн үхрийн;
  • 43.6 мян.тн адууны;
  • 61.4 мян.тн хонины;
  • 47 мян.тн ямааны мах зэрэг болно.

Өнөөгийн байдлаар МУ-аас ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий 29 аж ахуйн нэгж байгаагаас 26 аж ахуйн нэгжийн экспортын эрх идэвхитэй байгаа бол ОХУ-д мах импортлох эрхтэй ганцхан БУРЯТМЯСОПРОМ компани байна.

ОХУ-руу  2017 онд 3200 тн мах экспортлосон ба энэ хэмжээ МУ-ын махны  экспортын 11 хувийг эзэлж байна. Цаашид ОХУ-тай дараах хамтын ажиллагааг хөгжүүлэх саналтай байна.

  • ОХУ, Монгол Улсын мал эмнэлгийн салбар дахь хамтын ажиллагааг сайжруулах, эрдэм шинжилгээ, оношилгооны байгууллагуудын хамтарсан судалгааг өргөжүүлэх, эрсдлийн үнэлгээг хамтран хийж, үр дүнг баталгаажуулах, шүлхий өвчнөөс сэргийлэх вакцины концентрацийг авах замаар хамтран үйлдвэрлэх, нэн яаралтай үеийн бэлэн байдлыг хангах, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжилтнүүдийн мэргэжил боловсролыг дээшлүүлэх зэргээр үе шатны хөтөлбөрийн үргэлжлэл болгон “Мал эрүүлжүүлэх” төслийн III үе шатыг хэрэгжүүлнэ.
  • МУ-д вакцин үйлдвэрлэх боломжийг ОХУ-ын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран судлах,
  • Мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх,
  • Таваарын малыг хөлөөр нь экспортлох,
  • ОХУ-д үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн машин, техникийг хөнгөлөлттэй зээлээр нийлүүлж буй төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, үр үржүүлгийн чиглэлээр хамтарч ажиллах,
  • ОХУ-ын мэргэжилтэнг урьж ХАА-н техникийн оператор, механикжуулагчдыг сургах, Техникийн засвар үйлчилгээний төв байгуулахад дэмжлэг авах,
  • ОХУ-ын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, үлгэр жишээ аж ахуйг түшиглэн Монголын мэргэжилтэн, газар тариалан эрхлэгчдэд зориулсан үйлдвэрлэлийн дадлага, сургалт хийх, харилцан туршлага солилцох,
  • Эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх,
  • Таримал ургамлын шинэ сорт гаргах, үр үржүүлэх чиглэлээр хамтарсан судалгааны ажил хэрэгжүүлэх
  • ХАА-н машин үйлдвэрлэх боломжийн талаар судалгаа явуулах зэрэг болно.

                             Анхаарал хандуулсанд баярлалаа.