УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж УИХ үзлээ
2018.06.08

УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж УИХ үзлээ

Өнөөдөр /2018.06.08/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. 

Улсын Ерөнхий Прокуророос Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар УИХ-ын даргад албан ёсоор хүсэлтээ ирүүлсэн. Холбогдох хуулиараа хүсэлтийг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн, шийдвэрлэх ёстой юм.


19:35

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Муратын асуудлыг хэлэлцэж байна. Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан асуудлыг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Д.Мурат нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Бахытгүлтэй таарамжгүй харилцааны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн дугаартай хэрэгт ЦЕГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газар хяналт тавин ажиллаж байна. Хэрэг бүртгэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Д.Мурат гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн саналыг Прокурор хянаж, үндэслэлтэй гэж үзсэн байна. 

Уг асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж УИХ-ын гишүүн Д.Муратыг 100 хувийн саналаар эрхийг нь түдгэлзүүлэх нь зөв гэж үзжээ.

Харин Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо нууц санал хураалт явуулж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. 


УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ асуудлыг оруулсан үндэслэл нь бүх хүн хуулийн өмнө эрх тэгш байх ёстой гэсэн. Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн асуудалд шалгагдаад шүүхэд очих эрх нь нээлттэй ч нэр төр гэсэн үүднээс түдгэлзүүлэх асуудал оруулах шаардлага үүссэн гэсэн. Харин Хууль зүйн сайд нь захиргааны хариуцлага хүлээж болдоггүй гэсэн учраас шүүхэд очих бололцоо байхгүй гэсэн зөрүүтэй зүйл ярьж байна. Ойлголтоо нэгтгэж, хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай бол засах арга хэмжээ авах хэрэгтэй. Дур зоргоороо зүйл болж байна шүү дээ. Цаашдаа бичигдсэн хууль хэрэглэх үү, логик хууль хэрэглэх үү? Яригдаж байгаа асуудлын хувьд эргэлзээ төрүүлэх зүйл байна. Өнөөдөр бид УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг ярьж байна. Хэвлэлээр өөр зүйл яригдаж байсан. Гэтэл өнөөдөр биед хөнгөн хохирол учруулсан гээд цоо шинэ зүйл оруулж  байна. Дээр нь хохирогч гээд байгаа хүн нь өргөдлөө өгсөн, өгөөгүй, ирсэн, ирээгүй гэсэн асуудлууд байна. Энэ тал дээр тодорхой мэдээлэлгүй байхад санал өгөх хэцүү. Хэний ч, ямар ч асуудлаар асуудал гарахад төр хууль хэлэлцэх ажлаа хаяад, бүтэн өдөржин энэ асуудалд цаг зарцууллаа.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж: Үндсэн хуульд УИХ-ын гишүүний дархан эрхтэй холбоотой 3 заалт бий. Нэг нь халдашгүй байдлыг нь хуулиар тогтооно. Нөгөөх нь гэмт хэрэгт холбогдсон бол түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Түдгэлзүүлсэн тохиолдолд энэ хүн шүүхэд шилжих ёстой. Шүүхэд шилжүүлээд гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд эгүүлэн татах ажиллагаа хийгдэх ёстой. УИХ-ын зөшвөөрөлгүйгээр Захиргааны журмаар баривчилж болохгүй гэж заасан байхад түүнээс хүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр шүүх шийдвэрлэнэ гэж байхгүй. 

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Би хууль дээр заасан үг, үсгийн дагуу л ягштал биелүүлж ажиллах ёстой. Хэрвээ УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэхгүй тохиолдолд 34.7-д заасан албадан саатуулах, цагдан хорих, үзлэг, нэгжлэг хийх эрх байхгүй болно. Үндсэн хуульдаа УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдвол их хурлаараа хэлэлцэж, түдгэлзүүлэх асуудлыг шийд гэсэн ойлгомжтой заалттай. Д.Мурат гишүүний хувьд мөрдөн байцаах ажиллагаанд саад болсон зүйл байхгүй.


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Хаашаа ч шийдэгдсэн бай энэ бол энэ парламентын түүхэн хар өдөр болж үлдэнэ. Үндсэн хуулийн өмнө бүх тэгш эрхтэй гэсэн агуулгыг хүндэтгэж байна. Гэхдээ Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн бүхэн тэгш эрхтэй. Хэд сонгогдсон, сайд хийж байгаа эсэх, мөнгөтэй мөнгөгүй гэдэг ялгаа цаашид байх ёсгүй. Авилгал албан тушаалын хэрэгтэй холбоотой асуудлуудад нэр нь холбогдоод байгаа гишүүдийн асуудлыг прокурор оруулж ирээрэй. Шахаж шаардах болно. Луйвартай холбоотой, оффшортой холбоотой бүх асуудлыг оруулж ирэх ёстой. Эрдэнэтийн 46, 51-тай холбоотой бүх асуудлыг үүнтэй адил оруулж ирээрэй. Ингэж чадвал хуулийн байгууллага, Прокурор шударга ёсыг тогтоохын төлөө байсан юм байна гэдэгт ард түмэн итгэнэ. Тэр асуудлыг орхиод ийм байдлаар явах юм бол улс төрийн зорилго явсан гэдгээр судлагдахуун болж үлдэнэ. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан энэ бүх зүйлс яагаад өнөөдрийг хүртэл орж ирэхгүй байна вэ?

УИХ-ын гишүүн М.Билэгт: Хоёр гишүүн маань охид, бүсгүйчүүдийг хүчирхийлсэн гэх асуудалд холбогдсон. Халдашгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар энэ хоёр гишүүнийг эгүүлэн татах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан ч хоёр байнгын хороо харамсалтай нь өөр шийдвэр гарсан. Уг нь энэ парламент энэ хоёр хүнийг гэм буруутай эсэх хууль хяналтын байгууллагаар шалгуулаад үнэн зөвөө шийдүүлж, шалгуулаад ирэх боломжийг нь гаргах ёстой. Хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн бид саяхан баталж гаргасан. Охид, эмэгтэйчүүдээ бодоод энэ залуучууд хэрэг үйлдээгүй бол хуулийн байгууллагаар шалгуулаад хүрээд ир. Энэ парламент ч ийм боломж олгож, түдгэлзүүлэх ёстой. Хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй. Ард түмэн харж байгаа шүү, эрэгтэй гишүүд ээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Энэ парламентад анх удаа 13 эмэгтэй гишүүн сонгогдсон буюу УИХ-ын парламентын 17.6 хувийг бүрдүүлж байна. Бидний дуу хоолой бол Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлууд, монголын нийгэмд сэртхийлгэсэн, хамгийн ихээр үйлдэгдэж байгаа хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, хамтран ажиллаж байгаа. Хүчирхийллийн хэрэгт нэр холбогдон сэжиглэгдэж байгаа, хүчирхийллийг завдсан ямар нэгэн үйлдлийг УИХ-ын эмэгтэй гишүүд дэмжихгүй. УИХ-ын гишүүн болсон гэсэн далавчин дор нийгмийн цочроож байгаа буруу үйлдэл хийсэн байхад түүнийг хаацайлж, хамгаалах эрх УИХ-ын нийт гишүүдэд байхгүй. Хууль шүүхийн өмнө тэгж байх ёстой гэдэг зарчмаа барих ёстой. Охид эмэгтэйчүүдийг хүчирхийлж байгаа олон гэмт хэргүүдэд цэг тавихад өнөөдрийн парламентын заалнаас гарах шийдвэр нэмэр тус болно. Хүчрхийллийн эсрэг хуулийг саяхан батлаад, будаг нь хатаагүй байхад энэ хуулийн хэрэгжилтийг хангах асуудал өнөөдрийн шийдвэрээс шалтгаална. Энэ оруулж ирж байгаа асуудлыг хууль хяналтын байгууллага тодорхой хугацаанд судлаад, хавтаст хэргээ бүрдүүлээд, тодорохой асуудлууд нь тогтоогдсон гэдгийг байнгын хорооны хурлаас сонссон.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Монгол Улсын парламент 76 гишүүнтэй. Гишүүд тус бүрийн хувь хүний ёс зүйгээс парламентын ёс зүйгээс парламентын ёс зүй төлөвшинө. Тиймээс хэр зэрэг ёс зүйн хэм хэмжээг парламентын гишүүд тогтоож чадна, төдийн чинээ ёс зүйн төлөвшил цаг хугацааны эрхээр дээшилнэ. Хүссэн ч, эс хүссэн ч өнөөдрийн зах зээлийн өндөр хяналтан дотор байгаа, иргэдийн оролцоотой болсон нийгэмд мэргэжлийн ёс зүй гэж байх ёстой. Параментын гишүүд иргэдийнхээ итгэл найдварыг хүлээж, парламентат ёсыг төлөвшүүлэхэд хууль эрхзүйн чадамжийг сайжруулах үүрэгтэй хүмүүс хувь хүний ёс зүйн алдаа гаргах эрх байхгүй. Залуу хүн алдсан оносон гэх мэт сайхан үгийг залуу гишүүндээ хэлэх боловч амьдралын үнэн, хатуу байх ёстой. Эмэгтэй гишүүдийн хувьд нийт эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах гэдэг үүднээс ёс зүйн том алдаа гаргасан гишүүнээ өмөөрөх эрх байхгүй. 


21:03
УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээр гишүүд цаасаар нуут санал хураалт явууллаа. Санал хураалтанд оролцсон нийт 57 гишүүний 33 гишүүн нь Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэнгүй.

21:07

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Асуудлыг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 14.1, 2-т нийцүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 заалтыг хэрэгжүүлэх, Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан төрийн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналтай байгааг Монгол Улсын Ерөнхий прокурор танилцуулгадаа дурдаж, үндэслэлээ тайлбарласан юм. 

УИХ-ын халдашгүй дэд хороо асуудлыг хэлэлцэж УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал гаргасан. Харин Хууль зүйн байнгын хороо түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол Төрийн байгуулалтын байнгын хороо түдгэлзүүлэх нь зөв гэж үзжээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хэрвээ түдгэлзүүлэхгүй гэвэл шийдвэр гарлаа гэхэд шүүхээр шийдвэрлэгдэх хууль эрх зүйн үндэслэл байгаа юу? Хоёрдмол ойлголт яаад байна. Прокурор бол зөвхөн Монгол Улсын үндсэн хууль, Байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хуулийг л дагана. Өөр ямар ч хуулийг дагадггүй. Тэр дундаа прокурорын хяналт тавьдаг бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд хяналт тавих үүрэгтэй. Үндсэн хуулинд хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг тодорхойлохын тулд хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж байна. Энэ асуудлыг зарим нь улс төр, зарим нь эрүүгийн хэрэг, зарим нь аймшигтай хүчингийн хэрэг гэж бодож байна. Бид шүүх биш болохоор яг ийм тийм хэрэг гээд шууд дүгнэхэд хэцүү. Гэхдээ ард түмэн ёс суртахууныг шаардаж байна. Ёс зүй, ёс суртахууныг хууль шүүхийн байгууллага тогтоохгүйгээс болоод УИХ-ыг шүүхийн эрх мэдэл хэрэгжүүлдэг байгууллага шиг ханддаг, шаарддаг болсон байна. Жирийн ард иргэд байсан бол яах бол гэж иргэд ярьж байна.

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Прокурорын байгууллага энэ хүний гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдүүлнэ гэсэн бодолтой байна. Шийдүүлэхдээ 34.7-д заасан албадан саатуулж, цагдан хорих, нэгжлэг үзлэг хийхгүйгээр бусад бүх хуульд заасан арга хэмжээг авч, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдүүлнэ. Нэг асуудал нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа УИХ-ын гишүүд хэрвээ шүүх дээр ирэхгүй, прокуорын шатанд ирэхгүй бол албадан ирүүлэх тухай шүүхийн шийдвэр гарч магадгүй. Энэ нь гишүүний халдашгүй байдал руу халдана л гэсэн үг. Тэгэхээр хуулийнхаа томьёололд энэ асуудлыг тодорхой заахгүй бол сүүлд нь асуудал үүсч болно. Хэрвээ хэрэгт холбогдсон гишүүд мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд саадгүй хүрч ирч, асуудлаа шийдүүлээд явбал эргээд түдгэлзүүлэх асуудал тавихгүй.


УИХ-ын гишүүн А.Ундраа: УИХ-ын 76 гишүүний 13 нь эмэгтэй гишүүд байна. Эрэгтэйчүүд нь 82.9 хувь байна. Жендэрийн харьцаа нь бараг 5 дахин зөрүүтэй парламент. Хэдийгээр дийлэнхи нь эрэгтэйчүүд боловч энэ удаагийн парламент хамгийн олон эмэгтэй гишүүнтэй бүрэлдэхүүн. Өнөөдөр 57 гишүүн хуралдаанд оролцож байгаагийн 9 нь эмэгтэй гишүүн байна. Бид чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Оюунхорол, М.Билэгт, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа бид 5 хэвлэлийн хурал хийсэн. Бид аливаа хүчирхийллийн эсрэг байна. Бид хүний эрхийн төлөө, охидуудын төлөө, эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн. Хэдийгээр шийдвэр яаж гарахыг мэдэхгүй ч энэ байр сууриа илэрхийлэхийг хүсч байна. Шүүхээр шийдүүлээд үнэн, мөнөө нэг тийш нь гаргах нь зүйтэй гэж бодож байна. Олон нийтийн зүгээс гишүүд биднээс шударга ёсыг хүсэмжилж, ёс зүйтэй байхыг шаардаж байна. Монголын бүх ард түмэн, ялангуяа охид эмэгтэйчүүд телевизийн дэлгэцээр биднийг ямар шийдвэр гаргах бол гээд хараад  сууж байгаа. Хэдийгээр санал хураалт нууцаар явж байгаа ч гэсэн шийдвэр бол олны өмнө ил болно. Ямар шийдвэр гаргаж байгаагаас хамаараад мэргэн олон оюун ухаандаа тунгаан үзээрэй. Магадгүй дараагийн парламентад эмэгтэйчүүдийн тоог нэмэх хэрэгтэй гэдгийг харуулах байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Эхний санал хураалтаар 57 гишүүн санал өгсөн. Дийлэнхи нь мэдээж эрчүүд байна. 57.9 хувиар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Одоо дахиад санал хураах гэж байна. Эрчүүд минь, та нар эхээс төрсөн. Та нар эхнэртэй, охин дүүтэй, охидуудтай. Эрчүүдийн хүчний дор охид эмэгтэйчүүд байх ёсгүй. Хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон асуудлыг залуу гишүүн маань асуудлаа шийдүүлээд, шүүх дээр хийгээгүй гэдгээ нотлоод гараад ирэх шийдвэрийг гаргах ёстой. Ц.Нямдорж гишүүний хэлснээр УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлээгүй байхад захиргааны шийдвэр хүлээлгэх боломжгүй. Алдаа гаргаагүй гэдгээ энэ хүн нотлоод ирэг. Цаашаа залуучуудын нэр хүнд ямар байх вэ гэдэг нь үүнээс харагдана. Биеэ засаад, гэрээ засаад, төрөө зас гэж үг байдаг. Залуугаараа төрийн түшээ болоод хүчирхийллийн гэмт хэрэгт болчихоод хийгээгүй гэдгээ нотлоод гараад ирэх боломжийг нь өгөх ёстой. Цаашид эрэгтэйчүүдийн талаар шийдвэр гаргахдаа эрчүүд эрчүүддээ хайртай гэсэн үүднээс хандана гэдгийг олон түмэн харж байгаа. Ээжүүдээ, охидуудаа, эхнэрүүдээ бодож бодож шийдвэр гаргаарай.


22:00

Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан Түдгэлзүүлэх саналаар нууц санал хураалт явууллаа. Санал хуралдаанд нийт 57 гишүүн оролцсон бөгөөд 29 гишүүн буюу 50.9 хувь нь УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.