Ж.Бат-Эрдэнэ 2018.06.11 | Монголын үнэн

Ж.Бат-Эрдэнэ: Тавантолгойн нүүрсийг Европ руу гаргах боломж бүрдлээ

Ж.Бат-Эрдэнэ: Тавантолгойн нүүрсийг Европ руу гаргах боломж бүрдлээ
Ж.Бат-Эрдэнэ

Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих нар Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээрт өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурлаа.

Уг гэрээг байгуулснаар манай улс Европ руу нүүрсээ гаргах боломжтой болов. Түүнчлэн тарифын хөнгөлөлтийг үзүүлэх ач холбогдолтойг Зам тээврийн сайд хэлсэн.

Тэрбээр “Эдийн засаг өсөхийн хэрээр бидэнд зах зээлээ тэлэх шаардлага гарч байна. Тиймээс бид зөвхөн урагшаа гэлтгүй хойд хөрш рүүгээ, цаашлаад Европ руу гарах гарцыг нэмэгдүүлэх шаардлагатай. ОХУ-аар дамжаад Владивостокоор далайд гарах, цаашаа Европ руу гарах гарцтай болох боломжтой. ОХУ-аар дамжин өнгөрөх гол магистрал замууд дээр хамтарч ажиллах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх юм” гэв. Мөн гэрээ байгуулах үеэр хоёр тал Кизыл орчмын төмөр замаар Тавантолгойн нүүрсийг Европ руу гаргах гарцын талаар нэлээд ярилцжээ. Өөрөөр хэлбэл, Хар далайгаар дамжаад Европ руу нүүрс гаргах бололцоог нээх боломж бүрдсэнийг Зам тээврийн сайд онцлов.