О.Баасанхүү 2018.06.11 | Үндэсний Шуудан

О.Баасанхүү: УИХ "Чи хулгай хийсэн бол би ч гэсэн хулгай хийнэ" гэдэг хандлагаар шийдвэр гаргасан

О.Баасанхүү: УИХ "Чи хулгай хийсэн бол би ч гэсэн хулгай хийнэ" гэдэг хандлагаар шийдвэр гаргасан
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О. Баасанхүүтэй ярилцлаа.

- УИХ хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзлаа. Та хэр зөв шийдвэр гаргасан гэж үзэж байгаа вэ?

-УИХ-аар ийм асуудал хэлэлцэж байгаа нь шившигтэй л юм даа. Миний хувьд хууль хяналтын байгууллага нь шийдвэрээ гаргаад гэм буруутай эсэхийг нь тогтоогоосой гэж хүсч байна. Хэн нэгнээ хэлмэгдүүлэхгүй байгаасай. Харин хувь хүний хувьд би энэ нь тэгсэн үү, тэр нь ингэсэн үү гэж сонирхсон зүйл алга. Монголын ард түмэн бүгд харж байгаа. УИХ бол дээд зэргийн ёс зүйтэй байх ёстой.

-ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болж өндөрлөлөө. Манай улс энэ байгууллагад элсэх нь зөв буруу гэсэн улс төрчид, судлаачдын байр суурийн зөрчил их гарч байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улс бол Орос, Хятадын дунд байгаа мөнхийн хөрш нь. Тэгэхээр бид хоёр хөрштэйгөө харилцан ашигтай, тэнцвэртэй байх шаардлагатай. ШХАБ-ыг байгуулснаас хойш манай улс ажиглагчийн байр суурьтай явж ирлээ, Хоёр хөрш хоорондоо нягт холбоотой болж, бусад улсыг эгнээндээ нэгтгэж байгаа энэ үед манай улс энэ байгууллагад элсэх эсэхээ бүх нийтээрээ хэлэлцүүлэх шаардлагатай гэж харж байгаа. Яг элсэх үү, үгүй юү гэдгийг УИХ-ын гишүүд шийднэ. Тэгэхээр шууд элсэнэ, элсэхгүй гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл олон улсын асуудал гэдэг маш нарийн байдаг юм.

-“Монгол Улс ШХАБ-д элсэх гэж байгаа гэсэн мэдээллийг дэлхий нийт хамгийн түрүүнд БНХАУ-ын Гадаад харилцааны сайдаас сонслоо” гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэр зөв алхам юм бэ?

-Надад тодорхой мэдээлэл өгөөгүй. Гэхдээ Ерөнхий сайд Хятад Улсад айлчлаад буцаж ирэхдээ улсынхаа хилээр алхаж орж ирсэн. Энэ процөсс надад таалагдаагүй. Яагаад гэвэл гадаад бодлогод дипломат хандлага чухал байдаг юм. Гэхдээ одоогоор ямар ч шийдвэр гараагүй байна, Би бол цөөнх дотор цөөнх учраас бүх талаас харж, нарийн судлах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-14 жилийн турш ажиглаж явсан улс гэнэт ШХАБ-д элсэх асуудлыг арав гаруйхан хоногийн хугацаанд шийдэх гэж оролдож буй нь магадгүй зөвхөн энэ удаагийн ШХАБ-ын хуралтай холбоотой биш. Харин хоёр хөршийн ШХАБ-д элсүүлэх шахалттай холбоотой гэж ажиглагчид дүгнэж байгаа. Тэгэхээр энэ шахалт нь юутай холбоотой юм бол. Манай улсыг яагаад ингэж их сонирхоод байгаа юм бол?

-Монголыг сонирхох олон зүйл бий. Хамгийн том сонирхол нь уран. Манай улс шар нунтгийн нөөцөөрөө дэлхийд гурав,  дөрөвдүгээрт орно. Нөгөө талаас манай улсын тал газар сайхан хогийн сав болох боломж бий. Өөрөөр хэлбэл, ураны хог хаягдлыг хаана булах вэ гэдгээр сонирхож байж болох. Жишээлбэл, Хойд Солонгос цөмийн байгууламжаа буулгалаа гэж ярьж байна. Хэрэв цөмийн байгууламжаа буулгасан бол хог хаягдлаа хаана булж байгааг нь бид анхаарах ёстой. Одоо Оюутолгойд 200 киломөтр газар ухаж байна. Тэндээс авах ёстой зүйлийг авчихаар байгууламжаар ашигласан хонгил үлдэнэ. Үүнийг аль нэг улс нь авах сонирхол байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ асуудлуудад дотроо бодолтой, доороо суурьтай хандах ёстой. Гэхдээ гаднынхан хүрч ирээд л "Тэг ингэ" гээд шийдчихдэг зүйл биш. Манайх НҮБ-ын гишүүн орон. Дэлхий харж байна. Тиймээс бид анхааралтай ажиглах ёстой. Нөгөөтээгүүр ШХАБ-д элсэх асуудлыг яаралтай шийдчихсэн гэж харж болохгүй. Ерөнхийлөгч "Би Шанхай явах гэж байна. Та нар юу бодож байгаа вэ. Би уулзалтад оролцоод ямар байр суурьтай байх вэ. Та нар надад чиглэл өгөөч" гэсэн. Тиймээс бид яах ёстой вэ гэдгээ л ярилцсан гэж ойлгож байгаа.

-Ямар нэгэн шийдэлд хүрээгүй юү?

-Ямар нэгэн шийдвэр гаргах үндэс байхгүй. Тэгээд ч өнөөдөр өргөдөл өглөө гэхэд маргааш нь бүртгэчихдэг байгууллага биш. Өргөдөл өгнө. Тодорхой шаардлагыг нь хангана. Хоёр, гурван жилийн хугацаанд шийддэг процесс.

-Нэг талаар ОХУ-тай ойртох гэсэн оролдлого гэж харах хүмүүс байна. ШХАБ-ын уулзалтаас өмнө Монгол-Оросын эдийн засгийн чуулга уулзалт болсон. Мөн ОХУ-д манайхаас өргөн бүрэлдэхүүнтэй айлчлал хийсэн нь санаандгүй зүйл биш байх?

-Үүнийг би шууд дүгнэж чадахгүй байна. Сүүлийн үед манайх Оросын сонирхлын гадуур байсан улс. Оросууд “Эрдэнэт” үйлдвэрийг шууд өгчихсөн. Төмөр замаа бага зэрэг анхаардаг байсан. Орос Улстай харилцах харилцаа жаахан орхигдчихсон байсан юм. Харин Хятад Улстай өндөр харилцаатай байсан. Бид аливаа зүйлийн блансыг барих ёстой. Жишээлбэл, бид Оросын талаас худалдан авалт хийдэг ч Оросууд манайхаас худалдаа хийдэггүй. Мөн бид гадаадаас бараа бүтээгдэхүүн оруулж ирэхэд таван хувийн татвар авдаг. Харин Орос, Хятад Улс руу гаргахад 50 орчим хувийн татвар төлж байгаа. Ийм асуудлууд байгаа учраас харилцаагаа хөгжүүлэх алхмыг буруу гэж харахгүй байна.

-“Эрдэнэт” үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийхээр шөнө дунд хүртэл хуралдсан талаар мэдээлэл гарсан. Нөгөө тал нь худал гэсэн мэдэгдэл гаргасан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийг анх хуулийн дагуу аваагүй юм. Үүнийг бүгд мэдэж байгаа. Тиймээс УИХ улсад авах шийдвэр гаргасан  Ингэхдээ бас хууль бус шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, “Чи хулгай хийсэн бол би ч гэсэн хулгай хийнэ" гэдэгтэй адилаар шийдвэр гаргачихсан юм. Хуулийн дагуу юу, хууль бус уу гэдгийг шүүх шийднэ. Өнөөдөр шүүхийн процесс явж байгаа гэж ойлгож байгаа. Анх хууль бус санхүүжилтээр буюу төрийн мөнгөөр “Эрдэнэт” үйлдвэрийг авчихсан гэж ярьдаг. Энэ асуудлыг шалгах хэрэгтэй шүү дээ. Түүнээс биш хүнийг баян байгаа нь чиний буруу гэсэн хандлагаар харьцаж болохгүй л дээ. Анх "Эрдэнэт" үйлдвэрийг авахдаа УИХ шийдвэр гаргах байсан ч тухайн үеийн Ерөнхий сайд УИХ-даа мэдэгдээгүй. Энэ бол том алдаа. Тиймээс УИХ шийдвэр гаргаж, энэ алдааг засахыг оролдсон. Гэхдээ шууд хөрөнгийг нь нийгэмчилбэл их бүдүүлэг алдаа болно л доо. Нөгөөтэйгүүр миний харж байгаагаар бүтцийн өөрчлөлтийг хуулийн дагуу хийх сонирхол аль ч талд алга байна. Бүлэглэлүүдийн хоорондын зөрчил л харагдаад байна. Миний хувьд тэдэнд “Эрдэнэт” үйлдвэр саалийн үнээ байхаа болих гээд байна. Энэ үйлдвэрээр тоглох юм бол Эрдэнэт хотын иргэд сүйрнэ. Тиймээс "Эрдэнэт” үйлдвэр 300 тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажилласан юм бол орон сууц барь. Ажилчдаа орон сууцтай болго” гэдгийг хэлж байгаа. Мөн тодорхой хувийг нь сан байгуулах эсвэл хувьцаа хэлбэрээр нь Эрдэнэтийн иргэдийн ирээдүйд өгөх хэрэгтэй. Харин бүх нийтэд өгнө гэж байхгүй. Тэд татвараа авч байгаа учраас энэ үйлдвэрээс хувиа авч байна л гэсэн үг. Харин “Эрдэнэт" үгүй болчихвол 100 мянга гаруй хүний амьдрал сүйрэх гээд байгаа юм. Эдгээр иргэний ирээдүйн төлөө хувь өгнө үү гэхээс нэг хулгайчийг, нөгөө хулгайчаар сольсноор юу ч өөрчлөгдөхгүй гэж бодож байна.

Сэтгүүлч Б.Цэнд-Аюуш