А.Ундраа: ШХАБ-ыг эдийн засгийн хамтын ажиллагаа мэтээр тайлбарлаж байгаа нь өрөөсгөл
2018.06.11

А.Ундраа: ШХАБ-ыг эдийн засгийн хамтын ажиллагаа мэтээр тайлбарлаж байгаа нь өрөөсгөл

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хэлэлцэгдээд явж байна. Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор таны зүгээс ямар санал дүгнэлттэй байна вэ?

-Нийслэлийн дүүргээс сонгогдсон гишүүний хувьд уг хуульд анхаарал хандуулж байна. Миний хувьд орон нутгийн хөгжлийг цаашид бэхжүүлье гэвэл нийслэл, аймаг, тухайн орон нутаг санхүүгийн чадавхтай байх нь зүйтэй гэж боддог. Үйлдвэрлэлийн, орон сууцны, үйлчилгээ худалдааны гэх зэргээр бүсчлэх нь зөв шийдэл байдаг. Эдгээр бүсүүд нь хэдий нэг хотод харьяалагдаж байгаа боловч татварын хувьд ч харилцан адилгүй байх нь бий. Энэ маягаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, ажлыг төгөлдөржүүлэх бололцоог бүрдүүлэх чухал хөшүүрэг нь санхүүгийн механизм юм.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийи хамт Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гадаадын иргэнд биржээр дамжуулан газар худалдах санал тусгасан гэх яриа иргэдийгбухимдууллаа. Тэрхүү заалтын тухай тодруулахгүй юу?

-Үүнд буруу ойлголт явж байна уу гэж харсан. Хүмүүс гадаадын иргэн газар өмчлөх эрхтэй болчихож, тийм боломж нь нээгдчихжээ хэмээн эмзэглэж байна. Гэхдээ энэ нь хуулийн заалтыг буруу тайлбарласнаас үүдсэн ташаа ойлголт хэмээн Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх тодруулж мэдээлэл хийсэн байна лээ. Уг хуулийн төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас голчлон боловсруулсан. Орж ирсэн төсөл дээр гадаадын иргэнд газар өмчлүүлнэ гэсэн заалт тусгагдаагүй.

Манай улсад Газрын тухай хууль хэрэгжиж эхлэн иргэдэд газар өмчлөх, эзэмших эрх үүссэнээс хойш 20 гаруй жил болжээ. Энэ хугацаанд аж ахуйн нэгж газар эзэмшээд орон сууц бариад, улмаар иргэд өөрийн гэсэн эд хөрөнгө эзэмших эрхтэй болсноос хойш мөн л удаан хугацаа өнгөрөөгүй байна. 90-ээд оны эхэн үеэс эхлэн төрийн өмчийн орон сууцыг хувьчилж авсан, шинээр баригдсан орон сууцыг ззэмшсэн хүмүүс байна л даа. Уг харилцаанд эрх зүйн зүгээс дутагдаж буй зохицуулалтууд байдаг. Байр худалдаад авчихлаа. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ ч авчихлаа. Тухайн орон сууцанд мөн л адил тодорхой тооны айл, өрх амьдарч байгаа. Тэгвэл хүүхдийн тоглоомын талбай, дээвэр, орчин тойрон зэргийн тодорхой хувийг оршин суугч үл хөдлөхтэйгөө хамтаар давхар агуулж, эзэмшиж байна уу. Орон сууц элэгдэж хуучирснаас үүдэн нураалаа гэхэд тухайн байрны оршин суугчид шинээр баригдах орон сууцыг шууд эзэмших эрх үүсэх үү. Мөн 70 айлын орон сууц байлаа гэхэд тухайн айл өрхүүд барилгын газрыг 70 хувааж эзэмших үү эсвэл мкв-тайгаа дүйцэхүйц хэмжээний газрыг эзэмших ёстой юу зэрэг асуудлуудын зохицуулалт дутуу явсаар байна. Уг асуудал дан ганц Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар шийдэгдэхгүй ч цаашид зохицуулах шаардлагатай байгаа нь анзаарагдаж байгаа.

-Ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа вэ?

-Миний хувьд хоёр байнгын хороонд харьяалагдан ажилладаг. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тухайд Эрүүл мэндийн багц хууль болон Соёлын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Мөн Соёлын өвийг хамгаалах тухай ажлын хэсэгт багтан ажиллаж байгаа. Уг ажпын хэсэг саяхан Дорноговь аймагт ажиллаад ирсэн. Ерөнхийдөө түүхийн дурсгалт газар, хүний гараар бүтсэн болон байгалийн соёлын өв алдагдсаар байгаа. Үүний хамгаалалтын зэргийг өөрчлөх нь нэн чухал асуудал болоод байна. Хууль бусаар хилээр нэвтрүүлэх, худалдаалах зохисгүй үйл ажиллагааг зохицуулж, хяналтыг сайжруулах болон соёлын болон судлагдахууны эргэлтэд оруулах талаар ажлын хэсэг анхаарч ажиллаж байгаа.

-Гадны үзэсгэлэнд тавигдсан ховор үзмэрүүд алдагдсан, ижил төстэй бүтээлээр солигдсон тохиолдол гарсан гэх мэдээллүүд байдаг. Соёлын тухай болон Соёлын өвийн тухай хуульд энэ асуудал тусгагдаж байгаа болов уу?

-Соёлын тухай хуульд Төрийн өмчийн, олон нийтийн болон төрийн бус байгууллагын эзэмшлийн, хувь хүний соёлын өвүүдийг хэрхэн хамгаалах тухайд хуульчилж өгнө. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш соёл, урлагийн бүтээлүүдийг цуглуулахад цаг зав, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарцуулдаг хувь хүмүүс олширчээ. Иргэдийн гар дээр байгаа ховор нандин соёлын бүтээлүүдийг даатгуулах давхар даатгалын системийг бий болгох нь чухал. Мөн тэдгээрийг зөвхөн үзэж сонирхохоос гадна судлагдахууны хувьд нээлттэй байлгах бололцоо нээгдэнэ. Соёлын тухай хуулийг  боловсруулж байх үед хувийн томоохон цуглуулгуудтай иргэд ажлын хэсэгт хандсан. Тэдний хувьд бүртгэлжүүлэхэд болохгүй гэх зүйлгүй талаар хэлж байгаа юм. Харин хувь хүний цуглуулгыг ямар нэгэн байдлаар төр мэдэлдээ авах вий гэдгээс эмээж байгаа талаар дуулгасан. Энэ нь дэлхий нийтээр маргаантай байдаг сэдвүүдийн нэг. Тухайн бүтээл хэний гараас хэрхэн дамжиж ирснийг нь мэдэж, эх үүсвэрийг нь тогтоох эзэмшлийн бичиг гэж байдаг. II дайныг хүртэл эзэмшлийн бичиг хэрэглэгдсээр байж. Дайн гарч үймээн самуун дэгдсэнээр үнэт эдлэлийг гараас гарт дамжуулан хууль бусаар худалдах нь газар авсан байдаг.

 

Монголчууд бид ч багагүй хөдөлмөр гаргаж байж динозаврын олдворуудыг эх орондоо буцаан авчирч байсан. Гэтэл Занабазарын өөрийн гараар бүтээсэн хосгүй бүтээл дэлхийн дуудлага худалдааны хамгийн том компанид хэдэн арван сая ам.доллараар зарагдсан байдаг. Ямартаа ч бид эдгээр нөхцөл байдалд хэрхэх ёстой талаар бодох л ёстой. Тэр дундаа дотоодод байгаа түүхийн ховор нандин бүтээлүүддээ анхаарлаа хандуулах шаардлагатай. Төрийн өв сан, Үндэсний түүхийн музей болон бусад музейнүүдэд байгаа дахин давтагдашгүй бүтээлүүдэд зүй зохисгүй хандах, хулгайлах, худалдах, хуурамч зүйлсээр орлуулах зэрэг нь мөн л санаа зовинох түвшинд байгаа. Юутай ч хяналтыг сайжруулж, хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг Соёлын өвийн тухай хуульд тусгана. Мөн бидний хувьд нэг чухал зүйл нь хуулиа сурталчлах явцдаа олон нийтийн оролцоо хяналтыг сайжруулах мэдлэг, мэдээлэлтэй болгоход анхаарна. Монголын ард түмний өв соёл гэх сэтгэлгээг бэхжүүлэх нь нэн чухал юм.

-Орон нутгийн хамгаалалтын тухай хууль болон Дайчилгааны тухай хуулийн ажлын хэсэгт багтаж байгаа. Ямар гол өөрчлөлтүүдийг тусгаж байна вэ?

-Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувьд Орон нутгийн хамгаалалтын тухай хууль болон Дайчилгааны тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Дайчилгааны тухай хуулийн гол агуулга нь батлан хамгаалах бодлогод иргэдийн оролцоог нэмэх, залуучууд, хүүхдүүдийн цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, шаардлагатай тохиолдолд хэнийг хэрхэн дайчлах вэ гэх зохицуулалтыг тусгаж байгаа. Орон нутгийн хамгаалалтын тухай хуульд “Оюутан цэрэг”, “Малчин цэрэг” зэрэг шинэ концепциудыг хэрхэн тусгах талаар судалж байна. Мөн орон нутгийн хамгаалалтын асуудлыг аймаг эсвэл сумын удирдлагууд шийдэх эсэх, төсвийн хуваарилалтын зохицуулах арга зам дээр гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа. Аймаг хариуцах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа гишүүд бий. Мөн орон нутгийнхаа нөхцөл байдал, ард иргэдээ сайн мэддэг сумын удирдлагуудад хариуцуулах нь зүйтэй гэх саналыг ч хэлж байна. Миний бодлоор сум, дүүргүүд шийдээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх асуудалд гишүүд өөр, өөрийн байр суурьтай байгаа. Таны хувьд хэр зөв шийдвэр гэж үзэж байгаа вэ?

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг эдийн засгийн хамтын ажиллагаа мэтээр тайлбарлаж ярьж байгаа нь өрөөсгөл. Үүнийг аюулгүй байдал талаас нь харах ёстой. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон дээр хэлэлцүүлэхээр орж ирүүлсэн процедур нь ч буруу байсан. Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой энэ чухал асуудлыгхаапттайгаар, цагийг нь тулгаж мөн бусад гэсэн асуудапд тусгаж оруулж ирэх нь буруу. Ийм хайнга хандаж болохгүй. Гадаад бодлогодоо зарчмын томоохон өөрчлөлт хийх гэж байгаа бол бид үүнийг нухацтай ярилцах ёстой. УИХ-ын чуулган, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор нээлттэй хэлэлцэх ёстой. Гадаад бодлогын мэргэжлийн дипломатууд, олон улсын харилцааны чиглэлээр мэргэшсэн судлаачдын дунд хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Нийгмийн анхаарлыг татсан идэвхтэй, нээлттэй хэлэлцүүлэг хийх нь чухал. Хэдий хэр хугацаа хангалттай байх уу, түүнийг л зарцуулах ёстой. Яарч болохгүй. Болгоомжтой хандах нь зүйтэй. Хоёрдугаарт, Монгол Улс хоёр хөрштэйгөө тэнцүүтэгш, сайн харилцаатай байна гэдэг бол манай гадаад бодлогын хамгийн том зарчим. Бид ШХАБ-д элслээ гэхэд хоёр хөрш өөр, өөр байр суурь илэрхийлвэл яах вэ. Энэ тохиолдолд аль нэгийг  нь баримтална гэсэн үг үү. Энэ тохиолдолд бидний хоёр хөрштэйгөө тэгш сайн байх зарчим алдагдах нөхцөл аяндаа бүрдэх гээд байна.

 

Харин энэ асуудалтай холбоотойгоор нэг сайшаалтай зүйл ажиглагдлаа. Тодруулбал, залуучууд сошиал орчинд маш их идэвхтэй байр сууриа илэрхийлж байна. Монголчууд тал тал тийш яван олон чиглэлээр суралцаж байгаа. Тэдгээрийн төлөөлөл болсон залуусын хувьд ШХАБ-д элсэх нь зөв эсэх талаар өөр, өөрийн сувгаараа дамжуулж олж авсан мэдээллээ бусдадаа түгээж, нээлттэй мэтгэлцэж байна. Залуучууд иргэн хүнийхээ хувьд идэвх гаргаж, асуудлыг нухацтай авч үзэж байгаа нь ирээдүйд итгэх итгэл өгсөн явдал боллоо.

-УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Уг асуудалд хувь гишүүнийхээ зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Хууль, шүүхээр шалгагдаад тогтоогдтол нь хэн нэгнийг гэм буруутай гэж болохгүй. Гэсэн ч ёс зүй гэж юм бий. УИХ-ын гишүүдэд ёс зүй, хариуцлага маш чухал. Ёс зүй бол маш энгийн зүйлээс эхэлнэ гэж боддог. Хуралдаа хариуцлагатай суух, асуудалдаа няхуур хандах, хэлэлцэж буй асуудлуудын талаар уншиж, судлах гэх мэт. Мөн мэдээлэл дээр тулгуурлаж асуудалд шинжлэх ухаанчаар хандах нь ч гэсэн УИХ-ын гишүүний хариуцлага, ёс зүйтэй холбоотой. Гишүүдтэй холбоотой асуудлын тухайд шүүхээр үнэн зөв нь тогтоогдоод гарах ёстой. УИХ-ыг би ёс зүйн шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Миний хувьд түдгэлзүүлээд шалгуулах ёстой гэсэн л байр суурьтай байгаа. Ялангуяа манай намын эмэгтэй гишүүдийн санаа бодол нэг байна. Би бол бүлгийн хурал дээр өөрийнхөө эргэн тойронд байсан гишүүдэд байр суурь маань маш тодорхой, хүчтэй байгаа гэдгээ хэлсэн. Бусад эмэгтэй гишүүд ч мөн адил түдгэлзүүлэх хэрэгтэй гэх байр суурьтай байгаа илэрхийлж хэвлэлийн бага хурал зарласан.

-Таван толгой төслийн 30 хувьд IРО гаргах саналтай байгаагаа Засгийн газар илэрхийлсэн. Энэ хэр зөв шийдэл гэж үзэж байгаа бол?

-Би хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулах санаачилга УИХ-д гаргасан. Уг лобби бүлэгт 12 гишүүн идэвхтэй ажиллаж байна. Лобби бүлгийн гишүүд уул уурхайг эдийн засгийн хөшүүрэг, хөдөлгүүр гэдэгт нэгдэж байгаа. Гэхдээ хөгжүүлэхдээ хариуцлагатай хөгжүүлэх ёстой. Байгаль орчинд ээлтэй, орон нутагтаа хамтын ажиллагаа сайтай, талуудын эрх ашгийг тусгасан, орж ирж буй орлогыг ирээдүйн хөгжилд зориулах нь чухал. Хувь гишүүний хувьд цөөхөн том уурхайг нөхөн сэргээлт сайтайгаар ашигласан нь дээр гэж үздэг. Таван толгой уурхай бол мэдээж томоохон уурхайнуудын нэг. Уурхайг эдийн засгийн утгаар нь авч үзвэл ийм дайны төсөл тийм олон биш.

Ийм төсөлд IРО яаж гаргах вэ гэдэг тогтсон зүйл бий. Бид цоо шинэ зүйл бий болгох гээд байгаа юм биш шүү дээ. Нэн тэргүүнд үнэлгээ хийх хэрэгтэй. Тэр хэмжээний төсөлд эрдэс баялаг, дэд бүтэц, төмөр зам, тээвэр, цахилгаан станц, ус, тээвэр ложистик, орон нутгийн харилцаа зэргээс аль нь үнэлгээ хийхэд хамаарах уу гэдэг нь нарийн асуудал.  Үнэлгээ хийхэд эдийн засгийн тооцоолол хийсэн байх ёстой. Үнэлгээ хийхэд дор хаяж 1-2 жил болно. Үүнээс үзэхэд Засгийн газраас цаг хугацааных нь эрэмбэ дарааллын хувьд бүтэшгүй богино хугацаа тавьж байна. Энэ талаараа би бүлэг дээр байр сууриа илэрхийлсэн.

Сэтгүүлч О.Ариунцэцэг