Монгол Улс жилд 80 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
2018.06.12

Монгол Улс жилд 80 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Азийн сүү үйлдвэрлэл” индэрийн удирдах зөвлөл, үндэсний зохицуулагч нарын уулзалт үргэлжилж байна. Уулзалтыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ХХААХҮЯ, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Сүүний нэгдсэн холбоо, Глобал коммунитс ОУБ, Монголын хүнсчдийн холбоо, Тайландын Вант Улсын Сүүний үхрийн аж ахуйг дэмжих байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм.


Дэлхийн сүүний хэрэгцээний 40 хувийг Ази тивийн улс орнууд хангадаг гэдэг. Үүний 10 хувийг Энэтхэг улс дангаараа бүрдүүлж буй аж.

НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн төвийн ахлах мэргэжилтэн Винод Ахужа “Жил ирэх тусам сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Иймд “Азийн сүү үйлдвэрлэл” индэр-санаачилгын гишүүн орнууд дэлхийн сүүний хэрэглээг тогтмол, тасралтгүй хангах, 2025 он гэхэд 75 сая литр сүү нийлүүлэх зорилт тавиад байна” гэлээ. 

Тэгвэл манай улсын хэмжээнд өнөөдөр  жилд 900 орчим сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай 200 орчим үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл эдгээр үйлдвэр суурилагдсан хүчин чадлынхаа дөнгөж 10 хувийг ашиглаж, жилд 80 орчим сая литр сүү боловсруулж, 4000 тонн хуурай сүү импортоор авдаг судалгаа бий. 

Эдгээр үйлдвэр бүрэн хүчин чадлаа бүрэн ашигласан тохиолдолд Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортлох боломж бүрдэнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал бол фермерийн аж ахуйг хөгжүүлэх, малын тэжээл тариалах явдал хэмээн сүүний салбарынхан хэлж байна. 

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох “Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг өрнүүлснээр орон нутагт боловсруулах үйлдвэр байгуулах боломж бүрдсэн” хэмээж буй юм. 


Уг хурлын төлөөлөгчид өнөөдөр Төв аймгийн Баянчандмань сумын фермер Д.Жингүүн, Тайшир-Өргөө ХХК-ийн ферм, АПУ-Дэйри ХХК-ийн сүү боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байгаа аж.  

"Азийн сүү үйлдвэрлэл" мэдээллийн олон талт оролцогч нарын индэр-санаачилгыг сүүний салбарыг тогтвортой хөгжүүлэх зорилгоор анх 2016 онд гаргасан.

Уг санаачилгад Афганистан, Бангладеш, Бутан, Хятад, Энэтхэг, Индонез, Монгол, Мьянмар, Непал, Филиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам зэрэг 13 орон нэгдсэн. Энэ удаагийн уулзалтаар гишүүн орнуудад сүүний салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, ойрын, дунд болон урт хугацааны үйл ажиллагааны зорилт, стратегиа хэлэлцэж байна.