Х.Амгаланбаатар: МҮЭХ-ноос явуулж байгаа тэмцэл үргэлжилж байна
2018.06.12

Х.Амгаланбаатар: МҮЭХ-ноос явуулж байгаа тэмцэл үргэлжилж байна

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр

“Тавдугаар сарын 1-ээс хойш МҮЭХ гишүүн байгууллагуудынхаа хамтаар цалин нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг шаардаж жагсаал цуглаан болон ажил хаялтын өмнөх суултыг улсын хэмжээнд зохион байгуулсан. Тавдугаар сарын 23-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар МҮЭ-ийн холбооны удирдлагуудыг хүлээн авч цалин нэмэгдүүлэх хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр ярилцсан. Уулзалтад оролцсон МҮЭХ-ны удирдлагууд хамтын шийдвэрээрээ ажлын хэсгийн үр дүнг тодорхой хугацаанд харахаар шийдсэн. Засгийн газар энэ хугацаанд Олон Улсын Валютын сантай ярилцаж цалин нэмэгдүүлэх тодорхой нөхцлөө ярилцах бололцоог олгох зорилгоор ажил хаялтыг түр хугацаагаар завсарлуулах болсон. Бид одоо ажлын хэсгийн дүгнэлт, үр дүнг хүлээж байна. Гэхдээ бид зүгээр суугаагүй. Ажлын хэсгийн үр дүнг богино хугацаанд гаргах санал шаардлага мэдэгдлийг Сангийн яам болон БСШУСЯ, Эрүүл мэндийн яаманд хүргэж манай ҮЭ-ний гишүүд идэвхтнүүд цуглаан зохион байгуулсан.

ОУВС-ын гүйцэтгэх захирал, Монгол Улсын асуудлыг хариуцдаг холбогдох бүсийн удирдлагуудад, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан өргөтгөсөн санхүүжилтийнхээ  нөхцлийг эргэн авч үзэж цалинг нэмэгдүүлэх бололцоо Засгийн газарт олгооч гэдэг албан хүсэлт, шаардлагыг хүргүүлсэн. Энэ хүрээнд ОУВС-ын эрх бүхий хүмүүс ирж Монгол Улсын Ерөнхий сайд, өргөтгөсөн санхүүжилтийн талаар санал солилцоод байгаа. Ерөнхий сайд, УИХ-ын даргын зүгээс цалин нэмэгдүүлэх бодит шаардлага байгаа учраас энэ саналыг эргэн авч үзэх хэрэгтэйг илэрхийлсэн. МҮЭХ-ноос явуулж байгаа тэмцлийн үйл ажиллагаа үргэлжилж байна.Засгийн газар шуурхай ажиллах санал шаардлагыг бид тууштай тавьж ажиллана” гэв.