Ундраа.А 2018.06.13 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

УИХ-ын гишүүн А.Ундраа тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажлын талаар илтгэл тавив

УИХ-ын гишүүн А.Ундраа тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажлын талаар илтгэл тавив

“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын үдээс хойшхи зөвлөгөөн өнөөдөр /2018.06.12/ “Залуучууд, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвүүдээр үргэлжиллээ.

Хуралд Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга  А.Ундраа Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажлын талаар илтгэл тавив.

Тэрээр, 1990 оноос хойш Улсын Их Хурал болон Засгийн газраас 500 орчим бодлогын баримт бичиг баталснаас 170 нь хугацааны хувьд хүчин төгөлдөр байна. Тэдгээрийн дийлэнхи нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-аас өмнө батлагдсан тул нэршил, хэрэгжих хугацааны хувьд зохистой биш, зорилго, зорилтууд нь урт хугацааны бодлогын зорилго, зорилттой уялдаагүй байна. Иймд үндэсний хэмжээний болон салбар, салбар дундын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д нийцүүлэх, хоорондын уялдааг үнэлэх шаардлагатай байгаа юм. Мөн үндэсний хэмжээнд хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдааг хангах, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтот түвшинг тодорхойлох ажлыг бүх салбарын яамд, бусад холбогдох байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулах шаардлага бий учир холбогдох дэд ажлын хэсгүүдийг байгуулж, ажиллуулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа юм. 

Цаашид Тогтвортой хөгжлийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайдаар ахлуулсан “Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний хороо”, 9 ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь чухал байгаа болно. Мөн яам, агентлаг, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, салбар дундын бодлогын уялдааг хангах, тоо мэдээлэл харилцан солилцох, хэрэгжилтийн тайлан боловсруулан гаргахад их, дээд сургууль, судалгааны институт, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог ханган ажиллах нь чухал  байгаа болно гэлээ.