Ц.Даваасүрэн 2018.06.13 | Монголын мэдээ сонин

Ц.Даваасүрэн: “Оюу толгой” ОУВС-гаас дэмжлэг авчихдаг

Ц.Даваасүрэн: “Оюу толгой” ОУВС-гаас дэмжлэг авчихдаг

Эрчим хүчний сайд Ц.Даваа­сүрэнгээс “Оюу толгой” ХХК-ийн талаар цөөн асуултад хариулт авлаа. 

-“Оюу толгой” ХХК-ийн  асуудлаар УИХ-аас ажлын хэсэг байгуулсан ч өнөө хэр үр дүнгүй байгаа. Ямар нэгэн шийдэлд хүрсэн зүйл алга. Энэ асуудлыг яах ёстой юм бэ?

-Эрчим хүчний хувьд дөрвөн жил дотор Монгол Улсаас авах ёстой гэсэн хөрөнгө оруулалтын гэрээний заалт бий. Өмнөговийн хамтын ажиллагааны гэрээ гэж хийсэн байсныг нь албан ёсоор цуцалсан. Энэ бол хууль бус гэрээ. Ер нь эрчим хүчний асуудалд хатуухан ярих юм бол “Оюу толгой” ХХК гэрээгээ зөрчсөн. Станцынхаа асуудлыг нааштай хурдан шийдэхгүй бол бид энэ асуудлыг хөндөөд явна. Хариуцлага нэхнэ. 

-Станцаа барихгүй бол яах вэ. Ямар хариуцлага тооцох вэ?

-“Оюу толгой” компани болон Засгийн газар хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г 2014 оны наймдугаар сард байгуулсан. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн. Тухайлбал, дөрвөн жилдээ багтааж, Монголоос эрчим хүч авах асуудлыг түдгэлзүүлсэн байгаа юм. Уг нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр бол “Оюу толгой” компани өнгөрсөн оны долдугаар сараас Монгол Улсаас эрчим хүчээ авах ёстой байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ бол УИХ-аар орж хийсэн болохоор  аливаа өөрчлөлт оруулахдаа танилцуулах ёстой. Энэ талаас нь харвал хууль зөрчсөн, цаашилбал гэрээ ч зөрчсөн гэж үзэж болно. Хариуцлагыг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан байгаа. Түүний дагуу л асуудал хөндөгдөхөд хүрнэ.

-Оюутолгойн гэрээг яах ёстой юм бэ?

-Миний хувьд 2009 онд  гэрээг батлахыг эсэргүүцсэн долоон гишүүний нэг нь. Үүнээс болж намаасаа хүртэл хөөгдөж, бие дааж УИХ-д дэвшин сонгогдож байсан. Өдөр ирэх тусам гэрээ үр ашиггүй болох нь батлагдаж байгаа. Энэ гэрээг хийсэн хүмүүс нойргүй хонож, сэтгэлийн шаналалд орж байна. Цаашдаа Монголд эрх чөлөөтэй амьдрахад хүнд болно. Улс орныхоо эрх ашгийг хохироож хэдхэн хүн баяждаг буруу жишгийг алга болгож байж монголчуудын амьдрал дээшилнэ. Үүнийг зогсоохгүй бол хэзээ ч Монгол Улс хөгжихгүй. Зогсоохын төлөө эцсээ хүртэл явна. Ер нь төр, бизнес хоёр тус тусдаа явж байж нийтийн эрх ашгийн төлөө байдаг. 

-Татварын асуудал байна. Татварын өрөө хүлээн зөвшөөрдөггүй, хууль тогтоомж­ийг үл тоомсорлосон байдал маш их ажиглагдаж байгаа?

-Одоо хэр нь татвараа төлж, барагдуулахгүй байна. Энэ нь гадны иргэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад орлого олсон бол 20 хувийн татвар төлөх ёстой. Үүнийг төлөхгүй байгаа. Энэ нь жилд 100 сая ам.доллар төгрөг болно шүү дээ.  

-Энэ асуудлыг Татварын тухай хуульд тусгаад цаг хугацаанд нь авч байхаар заалт оруулж болдоггүй юм байх даа? 

-Татварын тухай хуульд гаднынхан ашиглаж болох заалт орчихсон байна лээ. Үүнийг өөрчлөх ёстой. “Оюу толгой” ХХК сайжирсан гэрээний заалтыг ашиглаад байна. Энэ хууль батлагдах юм бол компани хооронд гэрээ байгуулаад гарсан зардлаар нь төлнө гэж байгаа. Уг нь гаднын иргэний олсон орлогоор нь татвар ногдуулах ёстой. Гэтэл нэг ийм заалт орсон байсан. Тэд үүнийг ашиглаж магадгүй юм. Үүнийг анхаарах ёстой. 

-Оюутолгой төсөлд гадны нөлөөлөл их байх юм. Энэ төсөлтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гарлаа гэхэд эсэргүүцэл их ирдэг. Үүнээс нь айгаад одоо хэр олигтой шийдэлд хүрдэггүй юм болов уу?

-Гадна талд Монгол Улсыг хүнд байдалд оруулна гээд айлгачихдаг, ОУВС-гаас дэмжлэг авчихдаг компани байна. Миний хувьд өнгөрсөн жил орлогыг нь Монголд оруулъя, банк санхүүгээ дэмжье гэж УИХ-ын тогтоол гаргуулсан. Гэтэл үүнийг ОУВС-гаас шахаж байгаад цуцлуулсан. Ийм,  ийм хүндрэлүүд байна.

Сэтгүүлч Б.ПҮРЭВЖАВ