М.Билэгт 2018.06.13 | Vip76.mn

М.Билэгт: Төр иргэдээс үйлчилгээний хураамж нэрээр 5 төгрөг илүү авах гэсэн санаа байна

М.Билэгт: Төр иргэдээс үйлчилгээний хураамж нэрээр 5 төгрөг илүү авах гэсэн санаа байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.13) хуралдаан Засгийн газар 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажлын хэсгийн санал дүгнэлтийг танилцуулав.

Ажлын хэсэг хуралдаад төслийг дараах байдлаар анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр улсын бүртгэлийн мэдээллийн сангаас мэдээлэл авах, нийлүүлэх эрх бүхий этгээдэийн жагсаалтаас банк болон үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн хасаж, нотриатчдыг үлдээх, үүнтэй холбогдуулан төслийн нэр томъёо, холбогдох зохицуулалтыг өөрчлөхөөр тусгасан байна.

Мөн төслийн зохицуулалтыг Иргэний хуульд нийцүүлэх үүднээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, улсын бүртгэлд бүртгэснээр үүсэхээр өөрчилж, улсын бүртгэлийн байгууллагаас өмчлөх эрхийг бүртгэснийг нотлох гэрчилгээг өмчлөгчид олгох, мөн гэрчилгээг дахин олгохтой холбоотой зохицуулалтыг нэмэх нь зүйтэй хэмээн үзжээ.

Газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төсөлд заасан дундын мэдээллийн санг ашиглан, иргэнд аль болох хүнд суртал, чиргэдэл үүсгэхгүй байх үүднээс төслийн 28 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан байна. Эрхийн улсын бүртгэлд холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагын даргын шийдвэрээр оруулахаар тусгасан байсныг улсын байцаагчийн шийдвэрээр өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн гэв.

Төсөлд туссан зарим нэр томъёо ижил утгыг агуулж байгаа хэдий ч өөр өөрөөр бичигдсэнийг агуулгад нь тохируулж жигдлэх, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль дахь зохицуулалтыг давхардуулан тусгасныг хасах, эрхийн улсын бүртгэлд тусгах үнийн талаарх зохицуулалтыг нарийвчилж, тодорхой болгох, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын заалтыг нэмэх зэрэг асуудлыг тусган зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг нэгтгэн танилцуулж байгааг ажлын хэсгийн ахлагч танилцуулав. 

УИХ-ын гишүүн М.Билэгт, Н.Оюундарь, О.Батнасан нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаас хариулт авлаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт "Төр иргэдээс үйлчилгээний хураамж нэрээр яаж 5 төгрөг илүү авах гэсэн санаа энд явж байна" хэмээн шүүмжилсэн юм. 

Ингээд ажлын хэсгээс бэлтгэн томъёолсон зарчмын зөрүүтэй 25 санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.