Бат-Эрдэнэ.Б 2018.06.14 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Ач холбогдол багатай асуудал хэлэлцсээр цаг өнгөрлөө

Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа.

Б.Бат-Эрдэнэ: УИХ дахь намын бүлгүүд зөвшилцөж, гишүүдийн оролцоог хангаад хуулийн төслийг өргөн бариад, хэлэлцүүлээд явах бололцоо байгаагүй юм уу?

Дэгтэй холбоотой хуулиудыг улс төрийн зорилготой, Ардчилсан намын бүлгийг байхгүй болгох, хэд хэдэн гишүүдийг эргүүлэн татах нөхцөл бүрдүүлж байгаад сөрөг хүчингүй болгох зорилго нуугдаж байна гэж ярьж байна. Тиймээс энэ асуудлыг зөвшилцөж, асуудлыг шийдэж болоогүй юм уу?

Сүүлийн 2 ч парламентын хугацаанд хууль шийдвэрийн төсөл өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх хуулийг гаргасан. Гаргасан тоон мэдээгээр 400 гаруй хуулинд өөрчлөлт оруулна гэж байна. Мониторинг хийж үзээд Засгийн газар нь ямар хуулинд өөрчлөлт оруулсан, тэд нар нь 2020 он хүртэлх хөтөлбөртэй нийцэж байгаа эсэхийг харах хэрэгтэй. 

31 асуудлыг бид өнөөдөр ярихаар байна. Эдгээр хуулиудаас харахад зарим нь нэг нам эрх барихаараа нэг тийш нь өөрчилдөг, нөгөө нам нь гарахаар өөрчилдөг хуулийн өөрчлөлтүүд их байна. Өнөөдрийн улс орны хөгжлийн асуудал, нийгэм эдийн засгийн чухал асуудлуудыг барьж авч, шуурхай шийдэхээсээ өмнө ач холбогдол багатай хуулиудыг хэлэлцсээр байгаад цаг өнгөрч байна. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва бид хоёр ирц бүрдүүлэх асуудлыг удаа дараа шахаж шаардсаны үр дүнд парламентын ирц асуудалгүй, 10 цагтаа эхэлж байна. 

Д.Хаянхярваа: Намын бүлгүүдэд зориулж улс төрийн зорилготой хууль хийгээгүй. Бид угаасаа сахилга хариуцлагатай холбоотой  асуудлыг ярьж байж энэ хуулийг санаачлах үндсэн шалтгаан болсон. Дэгийн тухай хууль зөвхөн Монголд дэглэдэггүй. Хууль санаачилахад тодорхой их хурлын тамгын газар, бусад холбогдох газрууд судалгаа авсан. Австрали гэхэд 2 сарын турш тасалсан бол шууд суудлаа алдда. ОХУ-д 30 хоног таслахад бүрэн эрхийг цуцалдаг. Нэг бүлгийг бүлэггүй болгох санаа агуулаагүй.