О.Баасанхүү: Д.Гантулга зөв шийдвэр гаргалаа
2018.06.14

О.Баасанхүү: Д.Гантулга зөв шийдвэр гаргалаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх саналаа гаргалаа. Уг шийдвэрийг та юу гэж дүгнэж байна?

-Бүгд харж байгаа. УИХ-ын үндсэн үүрэг гэдэг бол тэгш эрхийг тогтоох ёстой. Нэг талд нь жирийн иргэн, нөгөө талд нь УИХ-ын гишүүн. Шүүхэд орлоо гэхэд нэг нь албан тушаалтай, нөгөөх нь албан тушаалгүй байх юм бол хэцүү. Түүнээс шударга ёсыг шүүх тогтооно. Тэгш байдлыг УИХ тогтооно. УИХ-ын гишүүд хавтаст хэргийг уншаагүй учраас тэгсэн, ингэсэн гэж дүгнэлт хийхэд тун хүнд. Би нэг зүйлд хатуу, байр суурьтай байгаа. Хүн эхнэрээ хуурч, бохир заваан зүйл хийж явсан гэх хэл ам гарч байгаа тохиолдолд энэ асуудлаа эртхэн цэгцэлж, нэг талдаа гаргах ёстой байсан. Д Гантулга бол залуухан хүүхэд шүү дээ. Цаашид маш олон даваа, ирээдүй байгаа гэдэг утгаараа зөв шийдвэр гаргалаа л гэж бодож байна. 

-УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн.  УИХ дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Таны хувьд ямар байр суурьтай байв?

-Би гишүүдийг татах ёстой гэдэг хатуу байр суурьтай байсан. Учир нь УИХ гэм буруутайг нь тогтоож байгаа юм биш. Тэгш байдлыг л тогтоож байгаа. Гэтэл МАН, АН-ын бүлэг хоорондоо тохиролцоод энэ залууг татаж авсан. Авч үлдсэн. Бүр миний хажууд “Танайх яахын. Үнэн биз дээ" гэхэд нөгөөдүүл нь “Манайх яг хэлсэндээ” гэж ярьж байсан. Энэ бол надад таалагдаагүй. Би хэдий энэ хэдтэйгээ мөр зэрэгцээд сууж байгаа ч гэсэн ёс зүйн асуудал дээр хатуу байна. Би хамгийн анх хүчирхийллийн эсрэг лобби бүлэг байгуулж гаргасан. Лобби бүлгийнхээ шугамаар гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа хүчингийн хэрэгтэй холбоотой хөнгөрүүлсэн заалт, ажлын байрны бэлгийн дарамт, биеэ үнэлэлтийг орон байраар хангасан асуудлыг хүчингүй хэмээн үзчихсэн заалтуудыг эсэргүүцсэн. Энэ асуудлыг оруулж ир гээд одоо ч ажлын хэсгийнх нь ахлагчтай нь муудалцаад явж байна. Тэр утгаараа иймэрхүү асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Харамсалтай нь би 74 хүний эсрэг зогсож чадахгүй.

-32, 33-ын бүлгийнхэн Д.Гантулга гишүүний бүрэн түдгэлзүүлэхэсэхт санал зөрөлдсөн гэж яриад байна л даа. 33 бүлгийн зүгээс залуу гишүүнээ авч үлдэхийн төлөө багагүй хичээсэн гээд байгаа?

-МАН, АН хуйвалдсан байхгүй юу. АН-аас орж ирсэн гишүүд нь МАН-ыг дэмжээд л гаргасан санал шүү дээ. Дотор нь байгаа хүний хувьд би бүгдийг мэдэж байна. Харамсалтай нь нууц санал хураалтын үеэр цахим хуудсаараа шууд бичлэг хийж болохгүй. Ард түмэн бодит байдлыг ажиглаж, хэн нь үнэн, худал яриад байна гэдгийг мэдэж байгаа байх гэж найдаж байна. Би 2012 оны зургадугаар сарын 29-нд тангараг өргөснөөсөө хойш үргэлж гүтгүүлж явна. "Жи тайм’ дампуурсан ч, Засгийн газар огцруулахад ч Баасанхүүтэй холбоно, буруутгана. "Номхон морийг ноолж болдог" гэдэг шиг л байна. Тиймдээ ч би сүүлийн хоёр жил шударга ёсыг тогтоохын тулд хэвлэл мэдээллийн байгууллагын зохион байгуулалттай гүтгэлэг, хүний нэр төрд халддаг өөрсдийгөө улстөрчид гэж нэрлээд байгаа хүмүүсийн эсрэг ч явж байна. Улстөрч хүн шүүмжлүүлж, хардуулалгүй л яахав. Гэхдээ үнэндээ Д.Гантулгын энэ асуудал бол МАН, АН-ын хоёр бүлгийн л ажил. Тэр бол баталгаатай. Наймаалцаад л хоёр бүлэг саналаа нэгтгээд ороод ирсэн. 32, 33-даа ч биш.

-Дээрх гишүүдийн эрхийг түдгэлзүүлээгүйд иргэд ихээхэн бухимдалтай байгаа нь анзаарагдлаа. Үүнээс үүдэн энэ удаагийн пар-ламент ёс зүйгүй, чадамжгүй байна гэж дүгнэх хүмүүс ч байна. Таны хувьд юу гэж дүгнэж байна вэ?

-Энэ парламент маш сайн чадамжтай байгаа. Нэг нам 65 гишүүнтэй, бараг коммунизм тогтоосон ч болохоор үнэм-лэхүй ялалттай байгаа шүү дээ. Тэгэхээр чадамжийн хувьд маргаад хэрэггүй. Хүсвэл дуртай үедээ хурлаа хийнэ, хуулиа батална. Үүн шиг давуу эрх гэж байхгүй. Зүгээр л хуучин ах нарын хийж байгаа тэмцэл өнөөдөр дуусахгүй байна. Өмнөх Засгийн газрыг хэн унагаасан гэж та бүхэн бодож байна. Би л лав Сү.Батболдыг гэж бодож байгаа. Учир нь мань хүн юун дээр ч очоогүй хэрнээ улс төрд хамгийн их нөлөөтэй. Тэр утгаараа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаагаад У.Хүрэлсүхийнхийг гаргаж ирсэн. Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаагаад өөрийнхөө Засгийн газрыг гаргах гэж байна уу гэж харж байна. Яасан ч дуусдаггүй шунал, эрх мэдэл юм. Монголын ирээдүйг сайхан байлгая гэвэл зарим нэг улстөрчид зайгаа тавьж өгөх болсон. Тэгж байж гэмээнэ дараагийн үеийнхэн нь ажлаа зөв хийж явна.

-ШХАБ-д нэгдэх эсэх асуудал мөн л иргэдийн дунд маргаантай хэвээр байна. Та юу гэж бодож байгаа вэ?

-Мэддэггүй сэдвээрээ мэддэг юм шиг ярьдаг хүн дэндүү олон болжээ. Ер нь гадаад бодлогоо Монгол шиг илэн далангүй шүүмжлээд байдаг орон байхгүй. Эхлээд ШХАБ-д элсэх эсэх нь ямар үр дагавартай талаар мэргэжлийн хүмүүс, судлаачид нь дуугарах хэрэгтэй. Гадаад яам нь судалгаа мэдээллээ ч өгөг. Гишүүд 50 гаруй конвенцыг уншиж үзье. Ер нь бол Монголоо л бодох хэрэгтэй. Өмнөх болон энэ удаагийн парламентад 10-15 хувь нь л Монголоо бодож байна. Бусад нь цаг хугацаа нөгцөөсөн, улс орноороо тоглож өөрийгөө нэр алдартай болгох гэсэн л хүмүүс болжээ.

Би гайхаж байна. Эрдэнэтийн 49 хувийг Монголд оруулаад ирсэн. Оруулж ирэх процесс тийм амархан биш шүү дээ. Маш хэцүү. Одоо үүнийг нь төр авах хэрэгтэй. Үүнийг дахиад л тэр 65 шийднэ. Хүний өмчийг тогтоолоор бус хуулиар авдаг. Тэр хуулийн төслийг нь өргөн барьж байхад унагаасан. Надтай 51 хувийн ТУЗ-ын гишүүн орж ирээд уулзсан. “Одоо яах вэ. Гарцгүй болчихлоо. Мухардчихлаа” гэж байна. УИХ-ын тогтоолоо засах хэрэгтэй. Өөрсдөө гацаанд орж, олигархжчихаад хамгийн сул дорой юм шиг, үнэн зөв ярьж байгаа нөхөр дээр нь тохдог. Өөрсдөө хөшигний ард “Гэрээгээ хувааж идье. Гэзэгтийг баяжуулъя” гээд суугаад байгаа юм. Гэзэгтийг гэж байгаа шүү бүр. Хэнийг хэлж байна вэ гэдгийг олигархууд сайн мэднэ.

-Хаврын чуулган өндөр-лөхөд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Таны зүгээс амжиж батлагдаасай гэж хүлээж буй хуулийн төсөл байгаа юу?

-Би бол аль болох бага л хууль орж ирээсэй гэж хүсэж байгаа. Одоо татварын хууль гэж аймшгийн хууль орж ирж байна. Хуулийн байгууллагынхан хүнийг шантаажилж баяждаг. Хэрэг тохно, шалгана. Сүүлдээ бизнес оуу нь ооно. Нэг ширхэг цаас ч гэсэн олддог юм. "Чи  татварынхаа тайлангаа санаатайгаар буруу өгсөн байна” гээд 10 жилийн ял өгдөг. Түүнийг болиулчихсан байсан чинь орлого нь багассан юм уу хаашаа юм, дахиад л орж ирж байна. Бизнесмэн гишүүддээ анхаараарай, хянаарай гэж хэлсэн.

Ганц гишүүн бол хуулиа батлуулахын тулд лобби бүлэг байгуулдаг. Гэтэл манай 65 намайг дуурайгаад зөндөө лобби бүлэгтэй болчихсон. Энэ бол парламентийн гажуудал. Дэлхийн жишигт бүлэггүй бол өөрийнхөө санаачилсан хуулийг лоббидож батлуулдаг. Тэтгэвэр, үйлдвэр үйлчилгээ, ажилгүйдэл, нийгмийн асуудлаар тодорхой хууль санаачлаад өөр намын арай ойр дотно гишүүндээ өргөн барьчихаач ээ гээд өгнө. Хэрэв тэр хууль батлагдвал Баасанхүүгийн ажил биш. Тухайн гишүүний л ажил болох юм. Хамгийн гол нь ард түмэнд л хэрэгтэй байх нь чухал.

-Ази, Номхон далайн бүсийн орнуудыг парламентчид болон олон улсын хүн ам зүйн бодлогын мэргэжилтнүүд төрийн ордноо чуулаад байна. Уг арга хэмжээний талаар тодруулаач?

-Би Ази, Номхон далайн парламентийн холбооны дэд ерөнхийлөгч юм. Үүнийхээ хүрээнд Ази, Номхон далайн бүсийн орнуудыг парламентчид болон олон улсын хүн ам зүйн бодлогын мэргэжилтнүүдийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд парламентийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх, насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүлэх сэдвээр зөвлөгөөн болж байна. Хойд Солонгосын парламентийн бүлгийн даргын хувьд энэ хуралд Хойд Солонгосын төлөөллүүдийг оруулсан. Мөн Хятад, Япон, Өмнөд Солонгосын төлөөлөл хамрагдаж байна. 

Ярилцсан О.Ариунцэцэг