М.Билэгт 2018.06.14 | Vip76.mn

М.Билэгт: Улс төрчдийн увайгүй үйлдлээс болж ард иргэдийн итгэл алдарч байна

Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт асуулт асуулаа.

М.Билэгт: 29 жилийн өмнө улс орныг сайхан болгоод өгнө гээд Ардчилсан нийгэмд шилжсэн. Гэтэл сайхан болгох нь битгий хэл улс төрчдийн увиагүй үйлдлээс болоод ард түмэн хэцүүдсэн. УИХ-ын гишүүн гэдэг бол ёс суртахуун, хариуцлагаараа дээд түвшинд хүрсэн гэдгээ ард түмэнд нотолж, харуулсан хүн байх ёстой. 30 жилийн өмнө ард түмэн УИХ-ын гишүүн байтугай, тухайн байгууллагынхаа даргад итгэдэг, хүндэтгэдэг байсан. Тэр үед сумын засаг дарга, байгууллагын дарга ч бай ард түмэндээ, ажилчиддаа сэтгэл гаргаж, хамт олондоо хүндэтгэл хүлээсэн хүмүүс байсан.

Гэтэл сүүлийн 20 гаруй жил улс төрчдийн увайгүй үйлдэл хэрээс хэтэрч монголын нийгмгийг эмх замбараагүй байдалд оруулсан. Тухайн хүн өөрийнхөө хүн чанаргүй, ёс суртахуунгүй үйлдлээ ичих булчирхайгүйгээр далдалж, худлаа хэлж чаддаг дадал, мэргэжил эзэмших хэмжээнд залуусыг аваачсан. Ард иргэд улс төрчдийг үзэн яддаг, төрдөө итгэхээ больсон байдалд хүргэсэн.

Ёс суртахуун унах тутам түүнийг нөхөх гэж хууль гаргаж ирж байна. Арга буюу ийм хууль оруулж ирж байна.

Хуульчлахаас өөр аргагүй байдалд хүргэж байгаа нь ичгэвтэр байна.

Энэ байдлаараа байх юм бол хойч үедээ юу үлдээх юм бэ? Ёс суртахуунтай, хариуцлагатай нийгэм байгуулж өгөх үүрэгтэй. Д.Хаянхярваа даргаас энэ бодолтой нэг байна уу гэж асууя.

Д.Хаяхярваа: М.Билэгт гишүүний хэлж байгаа зүйл үнэн. Улс төр гэдэг нэрийн дор, нам эвслээ муу муухай зүйлээс хамгаалж, хаацайлахын тулд сүүлийн үед элдэв арга хэрэглэдэг болсон. Бие биенийгээ гутаан доромжилдог болсон. Хийгээгүй зүйлээр нь сонин, хэвлэлээр гүжирддэг болсон. Энэ мэт явсаар Монгол Улсад улс төрчдийн нэр хүнд унасан. УИХ-д чуулгандаа сууж, хэлэх үгээ хэлж, хуулийн хүрээнд явуулж чаддаг, сахилга хариуцлага, дэг журамтай, аливаа хууль бус үйлдлээс зайтай явж чадвал төрийн нэр хүнд, улс төрчийн нэр хүнд эргээд өснө. 

М.Билэгт: УИХ-ын гишүүнд нэр дэвшиж байгаа, ард түмний өмнөөс сайн хууль баталж, хууль эрх зүйн орчныг сайжруулна гэж амлаад гарж байгаа хүмүүст тавих босгыг өндөр болгох хэрэгтэй. Хуулиар босгыг нь өндөрсгөхгүй бол аргагүй болсон байна.