7000 орчим орон тоог хасч 30-аад тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцжээ
2010.06.03

7000 орчим орон тоог хасч 30-аад тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцжээ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2010 оны тавдугаар сарын 19-ний өдөр захирамж гаргаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан төсвийн орлого, зарлагыг нягтлан тооцож санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулж, тодорхой чиглэл өгсөн юм.

УИХ-ын гишүүн Ч.Улааны ахалсан тус ажлын хэсгийн гишүүд УИХ-ын даргад өнөөдөр санал, дүгнэлтээ танилцуулав. УИХ-ын дарга захирамждаа төрийн байгууллагуудын зардлыг бууруулах, орон тоо, ажил үүргийн давхардлыг арилгах, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төсвийн үр ашгийг дээшлүүлэх талаар урьд нь гаргасан УИХ-ын 27, 85 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх, түүнчлэн төсвийн орлогын тооцоог хянаж үзэх, хөрөнгө оруулалт, төсвийн тэнцлийн талаар тодорхой тооцоо судалгаа хийж, санал дүгнэлт боловсруулах чиглэл өгсөн юм.

Ажлын хэсэг энэ хугацаанд тодорхой асуудлаар судалгаа хийж саналаа нэгтгэх замаар дүгнэлт гаргасны дээр дөрвөн удаа хуралдаж тооцоо судалгаагаа нягталж ярилцсан. Мөн Засгийн газар, Сангийн яамтай хамтран ажиллаж, олон улсын зарим байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцсон. Ингэхдээ Засгийн гараас өргөн барьсан төсөл болон дунд хугацаанд төсөвт гарах ачааллыг харгалзан үзсэний үндсэн дээр далд нөөцийг илрүүлэх, үр ашиггүй зардлыг багасгах, төрийн албаны шинэчлэлийн хүрээнд ажлын шат дамжлагыг цөөрүүлэх, давхардлыг арилгахад гол анхаарлаа хандуулсныг ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан онцоллоо. 

Энэ үндсэн дээр ажлын хэсэг энэ оны төсөвт нийтдээ 160 гаруй тэрбум төгрөгийн нөөцийг дайчлан ашиглах бололцоотой, хөрөнгө оруулалтын бодлогыг оновчтой болгож энэ онд ашиглалтад орох зайлшгүй шаардлагатай барилга байгууламжид анхаарал төвлөрүүлэх замаар хөрөнгө оруулалтыг дүнгээр хязгаарлах чиглэлийг Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Мөн төрийн албаны шинэчлэлийн хүрээнд төсвийн зарлагыг бууруулах шаардлагатай гэж үзэж орон тоог цөөлөх, ажлын шат дамжлага, давхардлыг арилгах замаар нийтдээ 7000 орчим орон тоог хасч 30-аад тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцсоны зэрэгцээ төрийн албаны орон тоо, зардлыг бууруулах, илүү зардлыг багасгах тодорхой чиглэлийг Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж үзжээ. 

Түүнчлэн УИХ-ын гишүүдийн гэгдэж байсан мөнгийг төсвийн эрх баригчдад хуулийн дагуу шилжүүлэх, УИХ-ын гадаад томилолт, хууль сурталчлах зардлыг тал хувиар багасгах санал гаргажээ. Энэ бүхний үр дүнд төсвийн үр ашгийн шалгуур үзүүлэлт сайжрах, төсвийн зардлын орлогоосоо түрүүлсэн тэнцвэрийг барих, төсвийн алдагдлын талаар олон улсын байгууллагын өмнө хүлээсэн амлалтаа хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж ажлын хэсэг үзэж байгаа аж.

Ажлын хэсэг санал, дүгнэлтийнхээ зэрэгцээ Төсвийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хамтад нь боловсруулсан байна. УИХ-ын дарга ажлын хэсэг асуудалд нухацтай хандаж тооцоо үндэслэл сайтай санал, дүгнэлт гаргасны дээр Засгийн газарт зарим асуудлаар тодорхой чиглэл өгөх өгөхөөр тусгасныг сайшаагаад тэднээс зарим зүйлийг лавлаж, санал солилцов.

Тэрбээр энэ долдугаар сараас цалин, тэтгэврийг тодорхой хувиар нэмэхтэй уялдсан ажлын хэсгийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд төсвийн зардлын үр ашгийг дээшлүүлэх талаар гаргасан УИХ-ын 27, 85 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар Засгийн газар тодорхой арга хэмжээ авахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа хэллээ. Мөн төсөв нь ард иргэдийнхээ сайн сайхны тулд дахин хуваарилагдаж байх учиртайг онцлоод энэ үүднээс гэр бүл, хүүхдийг дэмжих чиглэлээр ажлын хэсэг тодорхой санал оруулж ирэхийг зөвлөв. Түүнчлэн боловсруулсан санал, дүгнэлтээ ажил хэрэг болгох үүднээс УИХ дахь намын бүлгүүдэд сайн тайлбарлаж ярих, олон түмэнд ойлгуулж сурталчлахад анхаарахыг зөвлөлөө.Ингээд ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлт, түүнтэй холбогдсон УИХ-ын тогтоолын төслийг энэ долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.